Бат-Үүл, Баабар хоёр Элбэгдоржтой хүч хавсран Зоригийг хороосон гэж…
Сүүлийн үед телевиз, сониноор төлбөртэй хөврөөд буй мэдээллүүд доорх дүгнэлтэд эрхгүй хүргэв. Түүхийг сайн нь бүтээж, саар нь гутаадаг юм санж. Гутаах гутаахдаа өөрийн үеэр хязгаарлагдахгүй өмнөх үеийнхээ түүхийг гуйвуулан гутаадаг ажээ.
Үүнийг “Улстөрчид өөр хоорондоо арцалддаг байснаа хадуураад, одоо бүр аль дивангалавт бурхан болсон, өөрсдөө амьд зүсийг нь огтоос хараагүй элэнц хуланцтайгаа тэрсэлддэг, хамсардаг болжээ” гэж тоймч Д.Оюунцэцэг дүгнэсэн байна.
Өөрсдийгөө түүхч, судлаач хэмээж буй Засгийн газрын ХЭГ-ын дарга байсан Т.Лхагва нарын телевизэд төлбөр төлөн ярьж буйгаар, С.Данзан, Д.Сүхбаатар хоёр Элбэгдорж (Ерөнхийлөгчтэйгээ эндүүрэв) Ренчинотой хүч хавсран Д.Бодоог хороосон юм байх. Дараа нь Оросуудад өөрсдөө алуулжээ.
Ер нь Дамдины Сүхбаатар хувьсгалын удирдагч биш, цэргийн ойворгондуу бага дарга байсан гэх болов. Тойруугаар одоогийн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг хэлээд байгаа ч юм шиг. Хачин юм.
Бас болоогүй Сүхбаатар нь Сүрэнхор гэдэг нөхрөрхүү мөрийтэй тоглодог, ялгаатай нь нэг нь улсын мөнгийг нөгөө нь хувийн гэр, орноо мөрийд тавиад туусан гэх. За тэгээд, Сүхбаатарын аав Дамдин урдаас орж ирсэн гээд байгаа нь Ерөнхий сайд Батболдын аав Дамдины Сүхбаатар өвөрлөгч шүү гээд ч байгаа юм уу. Урд хэмээсэн нь үзэмчинг хэлснээс Хятадыг хэлээгүй байна хэмээн зарим нэг шог гарууд өмөөрөх ч шинжтэй. Ямар хүүхэд хуурч байгаа биш, урд газар гэхээр монголчууд Хятадыг л ойлгодог, тэгээд ч Чайна таунд амьдарч байгаад, хятадуудын оршуулгын газар хөдөөлүүлсэн хэмээн цагаан дээр хараар бичээд байхад шүү.
Ийм хорон гэхээр утга агуулгатай нийтлэлийг ноён Баабар үе үе бичдэг. Саявтар Б.Цэнддоо бас нэг иймэрхүү юм бичээд, Сүхбаатарчуудын эсэргүүцэлтэй тулсан даа. Эцэст нь “Үнэн түүх” гэсэн худал нэртэй нэвтрүүлэг хийн телевизүүдээр цацав. Зорилго нь чухам юу юм, Төрийн шагналтнууд аа.
Үнэн хэрэгтээ Батболд, Хүрэлсүх хоёр толгой дээр минь гарсанд Сүхбаатарын буруу гэж юу байх билээ дээ. Үнэхээр буруутан хэрэгтэй гэвэл ноён Баабар С.Баярын албан бус зөвлөх байснаараа Сүхбаатараас түрүүнд дуудагдана.
Түүхийг чухамхүү үнэнээр нь гаргаж чадвал сайн хэрэг. Түүнээс сайн юм бараг үгүй. Улстөрийн зорилгоор, эсхүл ямар нэгэн ашиг хонжоо олох санаагаар гуйвуулах нь муу хэрэг. Түүнээс муу юм үгүй.
Дамдины Сүхбаатар Бүх цэргийн жанжин байсан гэдэг уг нь хөдөлшгүй үнэн. Түүнээс өмнө бага дарга байсан л байх. Байлдагчийн халаасанд генералын погоон бий гэдэг хойно.
1921 оны ардын хэмээх хувьсгалаас, 1990 оны ардчилсан гэх хөдөлгөөнөөс үнэ цэнэтэй 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хэмээн түүхэнд тэмдэглэсэн үнэн хэрэгтээ хувьсгалыг Монгол бус Түвд хүн наймдугаар Богд Жабзундамба удирдсан гэдэг нь маргаангүй үнэн болж таарч байна. Тэр Богд хаантай Бодоо, Данзан бус Баабарын бичээд байгаачлан нэг муу цэргийн бага дарга их л ойр дотно байсан түүхэн баримт хөдөлшгүйн дээр Сүхбаатар удирдагч нь биш байлаа ч нэг муу “хаартчин” байгаагүйг бэлээхэн хэлнэ биш үү. Өнөөдрийн түүхээ бүтээж чадахгүй хэвтэж өмнөх түүхээ гуйвуулан гутаах хэрэггүй.
Тэрхүү телевизийн төлбөрт нэвтрүүлгээр хувьсгалын үеийн зургуудыг баримт болгон үзүүлэхдээ зургуудын төв хэсэгт “бага дарга” Д.Сүхбаатар сууж буйг ер хайхарсангүй. Дунд сургуулийнхан зургаа авахуулахад багш төвд нь суудаг шиг, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан патиараа татууллаа гэж бодвол Элбэгдорж голд нь зогсох шиг. Түүх судлалд голд байгаа нь л гол хүн гэх бат нотолгоо байдаггүй ч харгалзан үзэх, таамаг дэвшүүлэх хүчин зүйл болдог юм шүү дээ.
Уг нь тэд үнэхээр түүх сонирхоод, үнэнийг хайгаад буй юм бол ерэн оны түүхээ бичмээр байгаа юм. Ардчилсан холбоо хаана, хэзээ байгуулагдсан юм. Бат-Үүлийн бүлэг анхдагч уу, Дарь.Сүхбаатарын хэлээд байгаа байгууллага эхнийх нь үү. Эсхүл ардчилсан хөдөлгөөн Ховдоос, одоогийн МАН-ын гишүүн, Засаг дарга Г.Нямдаваа нарын оролцоотойгоор эхэлсэн юм уу. Удирдагч нь С.Зориг юм уу, Бат-Үүл үү, бүр Дарь.Сүхбаатар юм уу, эсхүл оюутан Эрдэнэцогт уу. Тэр үед Баабар хаана явсан юм. Ухуулга хуудас нааж байв уу, урж суув уу гэх зэргээр. Тодруулах юм, үнэн түүх хэрэгтэй л байна.
Тэгэхгүй бол 90 жилийн дараа Бат-Үүл, Баабар хоёр Элбэгдоржтой хүч хавсран Зоригийг хороосон гэж хэн нэгэн бичих ч юм билүү. Тэгж бичих л байх аа даа.
Гэгээн хорин С.МӨНХЖАРГАЛ
URL: