Дорнын халуун цэг буюу Халхын голоос 73 жилийн дараа

Нэгэн цагт дарийн утаа үнэртэж, сум шунгинаж байсан Дорнын их талд өнөөдөр жинхэнэ цусгүй тулаан өрнөж байна. УИХ-ын сонгуулийн 7-р тойрог буюу Дорнод аймагт энэ жил 2 суудлын төлөө14 нэр дэвшигч тулалдаж байна. Бусад нутгийг бодвол харьцангүй интернациональч Дорнодынхон хаа хол аймгийн таньж мэдэхгүй хүнийг өөрсдийгөө төлөөлж төр түшүүлж байсан нь олон. Харин энэ жил нөхцөл байдал өөр байна. МАН энэ тойрогт хуучин хашир улстөрч Д.Одбаяр болон бүтэн жил хэвлэлээр номтой номгүйгээрээ цоллуулсан нүүрсчин олигархийн хүүхэд Н.Номтойбаяр нарыг, АН зам амлагч  хэмээн алдаршсан хуучин гишүүн П.Алтангэрэл болон буриад басган Мөнхцэцэг нарыг дэвшүүлсэн. Бусад намуудын хувьд төдийлөн сонирхол татахаар биш хүмүүс болох хуучны хувьсгалч Ч.Хурц \МАХН\, “Ханброй” С.Отгонбаатар \ИЗНН\, Ц.Шинэбаяр \ХМХН\ зэрэг нөхөд хүчээ үзэж байна. Мэдээж гол тулаан хоёр том намын хооронд өрнөх болов уу гэж хүмүүс таамаглаж байсан боловч санаснаар болсонгүй. Учир нь нутгийн индиан Х.Болорчулуун гэгч нөхөр бүх намын таамгийг будлиулж урьдчилсан байдлаар өнгөлж явна. Бидэнд олдсон мэдээллээр Х.Болорчулуун гэгч нь зүүн гурван аймгийг өөрийн үйлдвэрийн гурил, төмс хүнсний ногоогоор хангадаг тэрүүхэндээ л  под хийсэн амжиргаатай нөхөр бололтой. Хажуугаар нь бас “замтайгаа ирлээ” гэж өөрийгөө рекламддаг Ж.Энхжаргал бас том намуудын шүдний өвчин болсон сурагтай. Дорнодчуулын сүүлийн арван жилийн хамгийн том мөрөөдөл болсон Хэнтий Дорнодыг холбосон хатуу хучилттай замын Тендерийгавсан энэ эр ингэж жаалахад ч буруу нь юу байх вэ. Гэхдээ бие даагчдын ингэж хүчээ авсан шалтгаан нь тэдний мундагийнх биш 2 том намын дотоод хагарлаас үүдэлтэй бололтой. Аймгийн АН-ын дотоод сунгаанд одоогийн гишүүн П.Алтангэрэл нам дотроо 4-т оржээ. Гэтэл АН-ын ҮЗХ-ны хуралдаанаас нэр дэвших эрхээ мундагдуулан авч орж ирсэн нь аймгийн АН-ын гишүүдэд таалагдсангүй. Ингээд аймгийн АН дотроо 3 хуваагдаж нэг хэсэг нь П.Алтангэрэлийн талд нөгөө хэсэг нь Бие даагч Ж.Энхжаргалын талд үлдэх хэсэг нь МАН-луу урваж Н.Номтойбаярыг рекламдаж яваа сурагтай.

П.Алтангэрэлийн хувь байдал үнэхээр хүнд байна. Аймгийн АН-ын цорын ганц телевиз болох “Гэгээ” нь түүний  төлөө хуруугаа ч хөдөлгөсөнгүй, АН-ын дарга н.Болдбаатар нь хүртэл МАН-ын ПиАр-ыг хийж явахад яалтай ч билээ. Н.Алтанхуяг дарга нь хүртэл өөрийн биеэр морилон ирж 3 тасарсан намаа эвлүүлэх гээд барсангүй. Ядаж байхад П.Алтангэрэлийн уугуул нутаг болох Өвөрхангай аймгийн Богд сумынхан түүнийг нутгийн зөвлөлийн даргаараа сонгосон нь Дорнодынхоны зэвүүг хүргэсэн бололтой.

МАН-ын хувьд ч байдал дээрдэх юмгүй хуучин гишүүнээ дэмжих ахмад гишүүд, баяны хүүхэд дагаж яс горьдсон нохой шиг гүйх залуусаараа 2 хэсэгт хуваагдаж нүүрэн дээрээ хамтарч, далдуур хагаралдаж явна. Гэвч хуучин “ХУ” школын уламжлалт барилаараа доторх хагарлаа нууж юу ч болоогүй дүр эсгэж байна. Харин Н.Номтойбаярын хэт их баярхал, мөнгөн бороо, оддын цуваанд Дорнодчуудын толгой эргэж гүйцжээ. Нэр дэвшигч Н.Номтойбаярын нэрээр утсанд өдөртөө хэдэн удаа ирэх мессеж, хэн нэгний үл мэдэх дугаараас залгаж Н.Номтойбаярыг сонгохыг шаардах ядаргаатай гуйлт, Аса их аваргаас авахуулаад шил даран ирэхулс төр, урлаг спортын оддын цуваа, Майкл Жексон ч голмооргүй явуулын супер тайз, аймгийн дээгүүр эргэлдэх аавынх нь нисдэг тэрэг гээд нутгийнханы хэзээ ч үзээгүй сонгуулийн супер компанийг сүр дуулиантайгаар явуулж байна. МАН-аас нэг л хүн дэвшсэн юм шиг аймгийн төв дэх Д.Одбаярын хэдэн зургийг эс тооцвол Н.Номтойбаярын ганцаарчилсан тоглолт МАН-ын ахмад гишүүдийн эгдүүцлийг төрүүлж эхэллээ. Д.Содном, Ш.Гунгаадорж нар нисдэг тэргээр хүрэлцэн ирж намын ахмад гишүүдтэй уулзах үеэрээ Н.Номтойбаярыг л рекламдсан нь шударга гишүүдийн дургүйг хүргэж хуралдаан дээр бөөн хэрүүл болжээ. МАН-ын хэсэг ахмадууд энэ үйлдлийг эсэргүүцэж, шаардлага хүртэл өгч телевизээр мэдээлэл хийсэн байна. Ер нь Н.Номтойбаярын сонгуулийн сценари маш эртнээс төлөвлөгдсөн нарийн зохиолоор явж байгаа нь ажиглагддаг. “Насны зам” ХХК-ын захирал Ж.Энхжаргал гэгч нөхөр ч зам ярьсаар байж сонгогдсон П.Алтангэрэлд шавар хаах зорилгоор Н.Номтойбаярын санхүүжилтээр орж ирсэн байхыг үгүйсгэх аргагүй. Гэсэн хэдий ч Дорнодчууд өнөөг хүртэл Номттой нөхөрлөхөө шийдээгүй л байна.

Д.Одбаярын хувьд хэдий туршлагатай хуучин кадр ч гэсэн шинэ баяны сүрэнд дарагдаж гундуухан явна. Уг нь аймгийн засаг дарга хийж явсан УИХ-д 2 ч удаа сонгогдсон, нутаг орноо сайн мэдэх, эр хүний хувьд ч итгэж болох хүнсэн. Даанч аймгийн дарга н.Жанлавтайгаа хагаралдсаныг нь ашигласан П.Алтангэрэлд нутаг орныхоо төлөө хийсэн хамаг ажлаа булаалгаад, дээр нь У.Хүрэлсүхээс авахуулаад намын дарга нар  нь хүртэл Н.Номтойбаярыг урдуур нь зүтгүүлж байхад яах ч аргагүй болжээ. Төр засгийн хувьд ч, Дорнод аймгийн хувьд ч Д.Одбаяр нь  Н.Номтойбаяраас арай дээр хүн.

Харин Хаянгаагийн Болорчулуун гэх энэ эр тун ч зайтай нэгэн бололтой. У.Черчилийн “Улс төрд мөнхийн эрх ашиг гэж байдаг болохоос мөнхийн дайсан гэж үгүй”гэсэн үгийг маш сайн мөрдөж байна. Нутгийн нударган баян анх удаа улс төрд орж байгаа нь энэ биш. Аймгийн хэдэн намдаа дур нь хүрэхээр орж, дургүй нь хүрэхээрээ гарсаар өдийг хүрсэн. Уг нь МАН-ыг дөрөөлж УИХ-ын өндөр сэнтийд залрахаар санаархсан боловч МАН-ын УЗ-ийн пээдгэр гишүүд хөдөөх эрийг талхчин, тариачингаар нь дуудаж, эрх өгөөгүй нь тус аймагт МАН-ын дарга С.Батболдын хэлсэн үгнээс анзаарагддаг. Нөгөөтэйгүүр нутагтаа л баян гэж дуудуулдаг энэ хүн  бусад олигархиуд шиг намдаа  тэрбум тэрбумаар нь хандивлаж чадаагүйтэй нь ч холбоотой байж болзошгүй. Гэхдээ мань эрд өөр тооцоо байсан бололтой.Хямд гурил, төмс ногоогоороо олсон нэр хүндээ ашиглаж бие даан нэр дэвшсэн тэрээр одоогийн өндөр рейтингээрээ далайлган намуудтай хэлцэл хийж эхэлжээ. Уржигдар буюу 23-наас 24-нд шилжих шөнөН.Номтойбаярын штабаар сэмхэн орж хамтрах тохиролцоонд хүрсэн байна. Мэдээж Н.Номтойбаярт өөрийн сул байгаа нэр хүндийг нутгийн ахын нөлөөн дор өсгөх саналыг уухайн тас хүлээж авсан биз. Нөгөөх нь ч УИХ-д ороод хамтрах намаа олсондоо баярлаж байгаа нь дамжиггүй. Харин тариачин, нүүрсчин 2-ын үерхэл хэр удаан үргэлжлэх бол? Гэхдээ энэ холбоог жалга доворхог зарим Дорнодчууд нутгаасаа урвасан урвалт гэж хүлээж авах төлөвтэй байна. Дээр нь угаас илтгэх чадвар муутайгаараа шүүмжлүүлдэг энэ хүн энэ өдрийн өглөө болсон Дорнод аймгийн нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнд ганцаархнаа ирсэнгүй.13 хүнтэй л тулж ярилцах чадваргүй байгаа хүн яаж их хурлын 75 гишүүнтэй ухаанаа уралдуулах билээ. Тэгэхээр бас ярьж чаддаггүй Болороо маань УИХ-д “Яанадаа” гэхзовлон дэмжигчдэд нь нэмэгдлээ.

Мөн сүүлийн үед нилээд хүчтэй түрэн орж ирсэн нэр дэвшигч бол ИЗНН-аас нэр дэвшсэн “Хан Брой” С.Отгонбаатар. Энэ нөхрийн хувьд “Дорнод Нутаг Клуб” гээч юмыг байгуулж, нутгийн эзнээр өөрийгөө өргөмжилж, хошин шог, спортын голдуу хэдэн нөхдийг дагуулж хүчтэй сурталчилгаа хийж байна. Гэхдээ дандаа өөр нутгийн хүнийг УИХ-д явуулж сурсан Дорнодчууд түүнийг сонгох болов уу.

МАХН нэрээ сольж МАН болоход зоригтойгоор эсэргүүцэж олны талархлыг хүлээсэн цорын ганц хүн бол Ц.Шинэбаяр байсан. Уг нь тэр эрчээрээ МАХН-аа байгуулж намбар ваань найзтайгаа хамт явсан бол МАНАН-гаас залхсан олны итгэлийг хүлээж дахин сонгогдох байсан нь гарцаагүй. Даанч “Гуравдахь хүчин”хэмээх олонд төдийлөн танигдаагүй эвсэлээс нэр дэвшсэн нь нутгийн хүүд өгөх олны итгэлийг мохоож байна.

Бусад нэр дэвшигчдийн хувьд бараг шаансгүй гэж хэлэхэд болно.

Ч.Хурц, н.Дэмчигсүрэн МАХН-Шударга ёс эвсэл, Мөнхцэцэг АН, Оюунцэцэг ИЗНН, Мөнхбаатар “Уламжлалын нэгдсэн нам” нарын хувьд бол энэ удаад 7-р тойрог хатуухан байх шиг байна.

Энэ бүхнээс үүдээд үзэхэд Дорнын тал нутагт цусгүй тулаан хэний ялалтаар төгсөх нь тайлагдашгүй оньсого болжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих