“Миний дэлгүүр” бидний эрүүл мэндэд заналхийлж байна

«Миний дэлгүүр»-ийн хаа ч байхгүй хямд үнэтэй барааны тухай реклам телевизүүдээр байнга гарах боллоо. Бусад дэлгүүрийнхээс даруй 10-20 хувиар хямд хэмээн зарлаж байгаа учраас хүн бүр тийшээ хошуурдаг гэхэд хилсдэхгүй. Үнэхээр зах зээлийн үнээс хямд байж чадвал өргөн хэрэглээний барааны өндөр үнэд дарлуулж буй монголчуудад олзуурхууштай хэрэг.

Гэвч хямдрал зарласан гэх барааны хугацаа нь дуусах тун дөхсөн байдгийг хэрэглэгчид анзаардаг болов уу. Ер нь ямар ч барааны хугацаа дуусах, эсвэл дуусах дөхсөнийг монголчууд нэг их анзаардаггүй. За яах вэ, саван, шампунь ч дүүрч. Хамгийн гол нь «Миний дэлгүүр»-ийн хямдрал зарласан барааны дийлэнх нь хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа түргэн муудах чанартай хоол, хүнс байх аж.

Хэдхэн хоногийн өмнө XIII хорооллын «Миний зах»-аар орж, хямдрал зарласан бүтээгдэхүүнүүдийн он, cap, хугацааг нь сонирхож үзлээ. Хямдруулсан бүтээгдэхүүний ихэнх нь хугацаа нь дуусах дөхжээ.

Гэтэл хугацаа нь дуусах гэж буйг анхааруулсан бичиг харагдсангүй. Гадны орнуудад энэ мэтээр хадгалалтын хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүнийг үнэ хямдруулан зардаг туршлага байдаг. Гэхдээ тэд анхааруулдаг. Өөрөөр хэлбэл хэзээ хэрэглэж болох, болохгүйг зөвлөдөг, хэрэглэгчийн зөвлөх ажлаа маш сайн хийдэг.

Гэтэл манайд бол эсрэгээрээ анхааруулахын оронд «Хямдарсан шүү, аваарай» гэсэн утгатай бичиг хадсан байна. Тухайлбал, «Миний дэлгүүр» сүлжээний хямдруулан борлуулж буй интоорын компот 3700 төгрөгийн үнэтэй байгаа нь зах зээлийн бодит үнээс 400 төгрөгөөр хямд үнэ юм. Мөн бяцхан жаалуудын идэх дуртай Хятад улсад үйлдвэрлэсэн «Cici» нэртэй цэлцэгнүүр 750 төгрөгийн үнэтэй байдаг. Тэгвэл энэ сарын 17-ны өдөр хугацаа нь дуусах учраас 580 төгрөгөөр зарж байв.

Мөн «Schoko Rosen» шоколад, үзэмтэй үрлийг 2200 төгрөгөөр зарж буй нь мөн л 2600-гаас буусан үнэ. Энэ үрэлд дуртай хүмүүс бөөнөөр нь авч харагдсан. Хамгийн гол нь энэ бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусахад цөөхөн хоног үлджээ.

Тус дэлгүүрийн хямдрал зарласан гээд байгаа бүтээгдэхүүнүүд нь компот, жигнэмэг, үзэмтэй үрэл, молоко, соруултай ундаа зэрэг байлаа. Үйлдвэрлэсэн он, сарыг нягтлан харвал хугацаа нь дуусахад дөрөв, тав хоног эсвэл нэг, хоёр cap дутуу байдаг юм билээ.

Үйлдвэрлэсэн өдрөөс хойш ямар байдлаар хадгалагдаж, тээвэрлэгдэж энэ дэлгүүрийн лангуун дээр ирснийг тухайн байгууллагын ажилчид л мэдэх байх. Тиймээс иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах чадвар, хүсэл сонирхлоор нь «дэгээдэж» байна. Уг нь ингэж ашиг олох нь бизнесийн мөн чанар биш шүү дээ.

Магадгүй хугацаа нь бүр дуусчхаагүй гэж тэд хариулж болно. Үнээ бууруулж байгаа нь сайшаалтай ч хүнсний аюулгүй ямар эрсдэл дагуулдгийг хүн бүр мэдэж байгаа. Гэтэл үүнийг мэдсээр байж хямдрал зарласан гээд байхаас удахгүй хүнс биш хор болно гэдгийг яагаад анхааруулахгүй байна вэ. Ямар нэг эрсдэл гарч хэн нэгэн хүн хордвол хариуцлагыг нь хэн үүрэх вэ. Үндсэндээ хугацаа дуусахаас өмнө худалдаж авсан хэрэглэгч буруутан болно.

«Миний дэлгүүр»-ийнхэн үүнийг тооцоолж үзсэндээ хэрэглэгчийн зөвлөхгүйгээр, бичиг цаас нааж дүр эсгэж байгаа бололтой. Энэ мэтчилэн хямд үнийн сурталчилгаа байнга хийх болсон «Миний дэлгүүр»-т «но» их бий бололтой.

Жишээлбэл, энэ дэлгүүрээс авсан боодолтой хүнс¬ний ногоо, жимс хатаж муудсан, эсвэл хөгцөрсөн, ялзарсан байх тохиолдол олон аж. Хүмүүс энэ талаар гомдоллодог ч тохь тухтай үйлчилгээ, найдвартайг нь бодолцон сүлжээ супермаркетыг сонгодог.

Гэтэл алдагдлаас айж, ард түмний эрүүл мэнд хохирвол түүнээс илүү гарз тохионо гэдгийг яагаад олж харахгүй байна вэ. Тиймээс иргэд үйлчлүүлж буй газраа зөв сонгож, бүтээгдэхүүний чанар болон хадгалагдсан хугацааг нь анзаарах хэрэгтэй байна.

chuhalmn


URL:

Сэтгэгдэл бичих