Монголбанкинд их хэмжээний хохирол учруулсан Жорж Чайлмерс хаана явна вэ?

АНУ-ын иргэн Жорж Чайлмерс  Монголбанкнаас “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2006 оны гуравдугаар сарын 9-ний өдөр аккредитив нээх 200 сая ам.долларын гэрээ байгуулж улмаар манай улсад 21 сая ам.долларын хохирол учруулсан хэрэгт сэжиглэгдсэн юм.

Монгол Улсын нутаг дэвсгэрт эдийн  засгийн томоохон гэмт хэрэг үйлдээд хилээр оргон зайлсан гэмт хэрэгтнүүдийн талаар Шууд.мн сайт  цувралаар хүргэж байна. Энэ удаад АНУ-ын иргэн Жорж Чайлмерс Монголбанкнаас их хэмжээний мөнгийг хэрхэн залилсан хэргийн талаар дор сийрүүлье.

АНУ-ын иргэн Жорж Чайлмерс  Монголбанкнаас “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2006 оны гуравдугаар сарын 9-ний өдөр аккредитив нээх 200 сая ам.долларын гэрээ байгуулж улмаар манай улсад 21 сая ам.долларын хохирол учруулсан хэрэгт сэжиглэгдсэн юм.

Түүнийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2008 оны гуравдугаар сараас эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Уг хэрэгт  тухайн үеийн Монголбанкны өндөр албан тушаалтнуудыг холбогдуулан шалгасан ч гэмт хэрэгт оролцоогүй гэсэн үндэслэлээр цагаадсан байна.

АНУ-ын иргэн Жорж Чайлмерс “Стонлей интернэшнл” компанийн нэрээр 200 сая ам.долларын аккредитив нээх хууль бус гэрээ байгуулсан байх юм. Малайзын “Лабуан офшор” бүсэд хамаарах энэ компани нь  Монголбанктай байгуулсан гэрээндээ 200 сая ам.долларын аккередитивийг ашиглан олон улсын санхүүгийн зах зээлээс нэг тэрбум ам.доллар татаж уг эх үүсвэрээ ашиглан орон сууцны дээрх хөтөлбөрийн барилгын 30 мянгыг барихаар төлөвлөсөн нь бүтэлгүйтэж залилангийн хэрэгт татагдан шалгуулсан нь тэр.

Энэхүү хэргийг монголын хууль хяналтын байгууллага шалгах явцдаа Төв банкны ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг хохирогчоор тогтоожээ.  Хил дамнасан томоохон хэмжээний залилангийн хэрэгт  нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 148-р зүйлд зааснаар буюу бусдын онц их хэмжээний хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр өнгөрөгч 2010 онд яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн шүүх рүү шилжүүлсэн.

Гэвч гэмт этгээд 2010 оны тавдугаар сарын 9-ний өдөр товлогдсон хурлын өмнөхөн гадаад руу оргон зайлжээ. Үүний дараагаар буюу 2011 онд Тайландаас өмгөөлөгчдөө цахим шуудан илгээсэн ч манай хуулийн байгууллагынхан байршлыг нь  тогтоож чадаагүй юм. Харин Чингэлтэй дүүргийн шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Жорж Чайлмерсийг батлан даасан өмгөөлөгч н.Цэрэнжээд нэг сая төгрөгийн торгууль оногдуулснаар энэ хэрэг сураг тасарсан.

Бүхэл бүтэн улсын төв банкийг залилж асар их хэмжээний хохирол учруулсан АНУ-ын иргэн Жорж Чайлмерсын хэргийг  өнгөрөгч оны есдүгээр сараас Улсын мөрдөн байцаах газраас түдгэлзүүлэх саналтай нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүлжээ.

Зарим эх сурвалжийн мэдээллээр Жорж Чайлмерс нь өнгөрөгч оны 2010  оны зургадугаар сард хилээр оргон зайлсан нь тогтоогдсон тул хэргийг нь түр хугацаагаар түдгэлзүүлсэн ч прокурор дахин сэргээн шүүх рүү шилжүүлж магадгүй болжээ.

Хуульд зааснаар гэмт хэрэгтэн оргон зайлсан тохиолдолд тодруулбал 240.2-т зааснаар  “Хэрэв шүүгдэгч Монгол Улсын хилийн гадна байгаа бөгөөд шүүхэд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн  тохиолдолд хэргийг түүний байхгүйд хэлэлцэж болно”  гэсэн заалтыг үндэслэн хэргийг нь шүүхээр шүүн таслаж болох юм. Түүний хуурамч гэрээ байгуулж их хэмжээний хохирол учруулсан хэргийн мөрдөн байцаах ажиллагаа гурван он дамжиж хэрэгтэн өөрөө хилээр оргон зайлснаар хуулийнхны дунд хүлээлт үүсч, уг хэргийг хэдийд эцэслэн шийдэх эсэх нь тодорхойгүй болсон юм.

Шүүгдэгч оргон зайлсны дараа түүнийг манай хууль хяналтын байгууллагууд интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн. Юутай ч “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2006 оны гуравдугаар сарын 9-ний өдөр аккредитив нээх 200 сая ам.долларын гэрээ байгуулж манай улсад 21 сая ам.долларын хохирол учруулсан хэргийг эзэн холбогдогчгүйгээр шүүхийн танхимд хянан хэлэлцэж магадгүй болоод байна.

Н.Түвшин

http://www.araichdee.com/index.php?pageId=2&op=read&item=74


URL:

Сэтгэгдэл бичих