Н.Энхбаярт аз тохиож, С.Батболд “нулимсаа тэвчинэ”

Ирэх гуравдугаар сард улс төрийн намуудын зурхайг од эрхэст хэрхэн тусгасныг сонирхоё.
МОНГОЛ АРДЫН НАМ

У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн Монгол Улсын ууган хүү ирэх сард аливаа зүйлд сандарч, тэвдэх нигууртай. Өнгөрсөн XXVI их хурлын шийдвэрийг эсэргүүцсэн нөхөд Ардын намынхныг барьц алдахад хүргэж болзошгүй. Иймээс баяр наадмаа дуусгавар болгож, ажилдаа анхаарлаа хандуулахад илүүдэхгүй. Эс бөгөөс санаа нь оргож босож буй хэсэг нөхөд тэнүүчлэн одож мэднэ. Ингэснээр Ардын нам хүчгүйдэж, ардынхаа дунд нэргүйдэж болзошгүй. Ирэх сонгуулийн зам мөрөө эртлэн засаж эхэлсэн бөхчүүд, урлаг соёлынхонд ихээхэн найдвар тавих боловч эцсийн хариу хашаа ч эргэж мэдэхийг анхаарвал зохино. Иймээс өмнөх үйлдлүүдээ тунгаан бодож, гоомой алхам хийхгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Эс бөгөөс нулимсаа тэвчихэд хүрэх хүндхэн сар болох талаар зурхайн зурлагад буужээ.

АРДЧИЛСАН НАМ

Тус нам улс төрийн хүрээнд хамгийн их аз тохиох нигууртай. Сөрөг хүчний үүргээ умартсан АН-ынханд хүрд эргүүлж, аз хураах алтан боломж нээгдэнэ. Иймээс амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхчихгүйн тулд дотоод эв нэгдлийг баримталвал зохино. Хөнжилдөө хөлөө жийлцэх аваас санал хуваагдаж, хүч алдах магадлалтай. Иймээс эртлэн эв эеэ хичээж, дотоод хагарлаа эмхэлснээр хувь заяаны гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүй. Харин хувийн сонирхол, ажил үүргээ умартвал гараан дээрээ бүдэрч, нам эрүүл мэндээрээ хохирох болно.

НОГООН НАМ
Ногоон намын ноён нуруу ганхаж мэднэ. Иймээс анхаарвал зохистой. Учир нь Д.Энхбат даргын хэлсэнчлэн салхины чиг өөрчлөгджээ. Цээж, бөгсөөрөө салсан Ногоон намын нөхөд сүмээсээ гарч, гудамжинд жагсах нигууртайг од эрхэс анхааруулж байна.

Тэдний сэтгэл санаа тогтворгүй байгаа тул түрэмгий үйлдэл гаргаж болзошгүй. Сарын эхээр асуудлыг эцэслэж, дараагийн мөрөө цэвэрлэх нь хэн хэндээ ашигтайг мэдэхэд илүүдэхгүй. Идэвхгүй, сул дорой байх нь улс төрийн намын хийх ёстой ажил биш гэдгийг ухаарвал зохино. Иймээс тус намын хувьд ирэх сард адал явдлаар дүүрэн өнгөрөх нь.

ИРГЭНИЙ ЗОРИГ НАМ
Эвлэлдэн нэгдэх, энхрийлэн дотносоход таатай үе. Гэхдээ хувь заяаны гэнэтийн эргэлт гарна гэдэгт хууртаж болзошгүй. Иймээс асуудалд тайван, нухацтай хандахыг од эрхэс анхааруулж байна. Таагүй хүмүүстэй уулзаж муудалцах аваас гай тотгор нүүрлэх болно. Иймэрхүү гэнэтийн тогтворгүй байдал нь намд тэнцвэргүй байдлыг ч үүсгэж мэдэх гэнэ.
Иймээс шинээр үүрэг даалгавар хүлээхийн оронд хуучин ажлаа тайван хийх хэрэгтэйг тэнгэрийн заадас санал болгож байна.

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ
Хуучин намын буйран дээр гэрээ тойруулсан МАХН нэрээ Улсын Дээд шүүхэд бүртгүүлж чадах аваас од эрхэс таны талд зогсоно. Энэ сард санасан хэрэг чинь сэтгэлчлэн бүтэж, тойрон хүрээлэгчид олонтой болох нигууртай. Намын дэд дарга энэ онд салхинд суусан учир хамхуул шиг хийсэн одох магадлалтайг анхаар. Учир нь иргэний хөдөлгөөнийхөн хүч түрэн орж ирэх тул байр суурь тань ганхаж мэдэхийг анхаарвал зохистой. Юуны түрүүнд зөрүүд зан гаргаж гөжүүдлэхийн оронд гар хөлийг тань ганзганд хүргэсэн дүү нартайгаа эв эеэ ололцоход нэн таатай үе. Эс бөгөөс гэнэтийн дайралтын хар сүүдэр үргэлж дагахыг анхаарвал зохино.

Л. Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих