Ачийнх нь дэргэд өвөө, эмээг нь хөнөөсөн этгээдэд цаазын ял оноолоо
Өвөө, эмээг нь хэрцгийгээр хөнөөж, ой есөн сартай хүүхдийг уулын мухарт хаяад явсан онц ноцтой хэрэг Төв аймгийн Аргалант суманд өнгөрсөн зун гарсан. Уг хэргийн талаар тухайн үед мэдээлж байсан билээ. Увс аймгийн харьяат А.Баянмөнх гэгч өнгөрсөн оны долдугаар сарын 6-нд Аргалант сумын нутаг Хүйтний хонхор гэдэг газар ганц гэрээрээ зусч байсан өндөр настай хоёр хөгшнийг хэрцгийгээр хөнөөсөн. Тэрбээр “Мал хулгайлсан талаар цагдаад мэдэгдэх гэлээ” гэх шалтгаанаар өндөр настай Магсаржавыг малынх нь бэлчээрт олон удаа хутгалж хөнөөгөөд, гэр бүлийнх нь хүнийг гэрт нь хөнөөсөн билээ. Мөн ой есөн сартай ачийг нь өшиглөж авдар мөргүүлэн ухаан алдуулсан байдаг. Азаар хүү амьд үлдэж, нэг хоног талийгаач эмээгийнхээ дэргэд байсан талаар манай сонин сурвалжилсан. А.Баянмөнх дээрх хэргийг үйлдсэнийхээ дараа талийгаачийн хувцсыг өмсч, эмээл хазаартай морийг нь унаад зугтаж явахдаа Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаас 18 адуу хулгайлсан байдаг. Цагдаагийнхан түүнийг малын хулгай хийгээд явж байхад нь баривчилсан юм. Тэрбээр өмнө нь малын хулгай хийж байжээ. Анхан болон дунд шатны шүүх А.Баянмөнхөд цаазын ял оноосон. Дээд шүүх өчигдөр хэргийг хянаж А.Баянмөнхөд оноосон ялыг хэвээр үлдээлээ.
Ц.ӨРНӨХ
URL: