Атгаалжин хар мангасыг л бүү сонго
Атгаалжин хар мангас аа гэж. Амин үзлийн уут, хулгай, худлын үүд, хүсэл шуналыг үүр, харгис хэрцгийн уурхай, ер нь хүмүн заяаны бүх л мууг өөртөө шингээсэн үлгэрийн баатар нь энэ атгаалжин хар мангас. Эрт цагт үлгэр байсан атгаалжин хар мангас энэ цагт үнэн болж амилсаар л, бүр олширсоор л.
Байгаль ертөнцийн хууль гэнэт өөрчлөгдөөд л гэгээн заяат, хүчит оюунт хүмүн атгаалжин хар мангас болчихсонгүй ээ. Харин хүмүний зохиосон хууль, тэдний хийсэн сонголт л хүн заяаг мангасынх шиг болгочих юм даа. Үнэндээ, эрдэнэ хүмүн мангас болох гэж, мангас шиг амьдрах гэж ирдэггүй. Гэлээ ч “хуваах бус харин хураах” гэж мангас шиг сонголт хийсээр байгаад нэг мэдэх нээ эрдэнэ хүмүн мангас болчихсон байх. Иймд сонголтоо л болгоомжтой хий, атгаалжин хар мангасыг бол бүр ч бүү сонго.
Амин хувиа хичээгчийг л бүү сонго. Амин хувиа хичээгч “би л болж байвал чи хамаагүй ээ”, “Чи үгүйгээр би оршиж чадна аа”, “Энэ дэлхий сөнөж байг, харин би л …” гэдэг хуурмаг санаа, бодлоор амьдарч, энэ л үзлээр “өөрийгөө л” гэсэн сонголт хийнэ, “өөрийгөө л” гэсэн шийдвэр гаргана. Аминч үзлийг амиллуулсны дүнд дэлхийн амын 1 хувь нийт өмчийн 99 хувийг эзэмшдэг болж. Дэлхий 200 гаруй улсын 20-иодхон л хөгжиж, баян болж.Үлдсэн нь хөгжсөнгүй,баяжсангүй, харин доройтсоор л. Ядуу ядуурсаар л, баян баяжаар л. Амин хувиа хичээгч эхлээд ингэж өрөөлийг хохирооно, зовооно, эцэстээ атгаалжин хар мангас болж өөрийгөө бас зовооно. Энэ бол амин хувиа хичээгчийн хийх үйл, туулах ёстой тавилан нь аж. Иймд амин хувиа хичээгчийг л бүү сонго. Мангас болчихно.
Шуналчийг бүү сонго. Шуналын дон тусчихна. Хаусгүй байхдаа хаустай болох гэж тэмүүлнэ. Нэг хаустай болчихсний дараа хоёр дахь хаустай болох гэж шунана. Нэг уурхайг эзэмшсний дараа бүгдийг нь эзэмдэх гэж саналгалзана. Хаан болсныхоо дараа хаадын хаан болох гэж шунана. Голыг ширгээж шунана, далайг буцалгаж шунана, дэлхийг түвээж шунана, алтыг овоолж шунана. Бүхнийг хуваах гэж бус харин хураах гэж шунана. Шуналын донтон биш ч их эд хөрөнгө, их эрх мэдлийг эзэн явсан Их Александар хаан үхэхдээ бараа бологчдоосоо “Хоёр гарын алгыг минь дээш харуулаад оршуулаач” гэж их л хичээнгүйлэн захижээ. Үүгээрээ тэрээр “Нүцгэн ирээд нүцгэн л буцдаг”, “Хурааснаа үхэхдээ үүрээд буцаж болдоггүй” хүмүн заяаны жам ёсыг дахин сануулжээ. Хуваахыг тас мартаад зөвхөн хурааж явахдаа шуналтан эхлээд өрөөлийг хохирооно, эцэстээ мангас болж өөрийгөө бас тарчлаана. Иймд шуналчийг л бүү сонго. Мангас болчихно.
Хулгайчийг бүү сонго. Хулгайч болчихно. Хөлс дулсуулахгүй амьдрах. Энэ бол хулгайчийн бодол ухаан, үзэл санаа, үндсэн номлол. “Хулгайчийг бариараа” гэж хумсална. Хууль хийж хулгайлна. Хувьцааг гаргуулж хөрөнгөтэй болно. Лицензээр зарж уурхайтай болно. Газар олгож хаустай болно. Тогтоол гаргуулж зээлээс чөлөөлөгдөнө. Менежментийн хувьчлал нэрээр сургууль авна. Эх хэл, соёлоо харьчилж хөлжинө. Хулгайч ингэж авлигаар ажиллаж амьдарна. Хөлс дуслаагүй хөрөнгөтэй болчих нь хөлс дуслуулж амьдарч яваадаа их хортой. Хулгайч ингэж л өрөөлийг хорлоно, зовооно. Хөлс дуслуулж биш, харин авилга цэцэглүүлж явахдаа тэд эхлээд ингэж өрөөлийг хорлоно, тарчлаана, эцэстээ тэд мангас болж өөрийгөө бас зовооно. “Тариснаа л хураадаг” жамтай тул энэ насандаа хар гэрт оччих вий дээ гэж эмээж явна, тэд. Бас ирэх насандаа тамд уначих вий дээ гэж айж амьдарна, тэд. Хулгайчийн замнал ийм л тул хулгайчийг бүү сонго. Мангас болчихно.
Худалчийг л бүү сонго. Худалч болчихно. Худалч хашгирч нэг хуурна. Хошгоруулж нэг хуурна. Уриалж нэг хуурна. Мунхаглаж нэг хуурна. Хуурсаар хуурсаар л тэр мангас болчихно. Энэ мангас юуг ч амална, юунд ч уриална. Саяыг амална, цалин амална. “Ядуусыг саятан болгоно” гэж амална. “Хүн биш оршихуйг хүртэл хүн болгож амьдруулна” гэж амална. “Ялгаатай бүхэнд тэгш боломжийг олгоно” гэж амална. “40 жилд үйлдвэржээгүй улсыг 4 жилд үйлдвэржүүлчихнэ” гэж амална. Гэвч түүний уриалсан, амалсан бүхэн амилдаггүй ээ, худалч хэлсэн болохоор тэр шүү дээ. Худалч ингэж хоосон, хөөсөн үг, хуурмаг утгатай уриагаар эхлээд өрөөлийг хуурч зовооно, эцэстээ тэд амаа асуулгаж, амлалт нэхүүлж өөрийгөө бас зовоодог. Ингэж зовох нь чухамдаа худалчийн замнал юм. Иймд худалчийг бүү сонго, Мангас болчихно.
Харгис хэрцгийг бүү сонго. Хайр, энэрэл үгүй болчихно. 20 жилд 2 сая хүүхдийг хоморголон абортлуулчихаад, хөгжил цэцэглэл ярьж хөөрнө. Малыг тал талаар өсгүүлж, жилд дундажаар 19 тонн махыг таваг тавагаар идүүлэх, эцэст нь эмнэлэг эмнэлэгээр өвдүүлэх харгислал, мунхаглалыг л дэвэргэсэн бодлого ярьж тоглоно. Тэсгэм өвлийн хүйтнээр морь уралдуулж, морийг ч, үрийг ч царцааж цэнгэнэ. Чоныг сүрэглэн хядаж түмэнд дэлгэн амьтны амиар тохуурхаж наадна. Энэрэл, хайрлалын сэтгэл үгүй болоход харгислал, хэрцгийлэл л ингэж дэвэрнэ. Харгис хэрцгий эхлээд өрөөлийг тарчлаана эцэстээ өгч авахын хуулиар өөрийгөө бас хэмлэнэ. Харгис, хэрцгийн замнал ийм л тул харгис хэрцгийг л бүү сонго. Мангас болчихно.
Сонголтоо л болгоомжтой хий. Шуналыг сонговол шуналын дон туссан мангас болчихно. Хувиа хичээгчийг сонговол амин үзлийг амиллуулсан мангас болчихно. Хулгайчийг сонговол авлига цэцэглүүлсэн мангас болчихно. Худалчийг сонговол хууран мэхлэлтийг мандуулсан мангас болчихно. Харгис хэрцгийг сонговол энэрэл хайр бус, харин харгислал, хэрцгийллийг дэвэргэсэн мангас болчихно. Энэ бүгдийг хамт сонговол шуналын донтой, аминч үзэлтэй, хулгайч авиртай, худалч зантай харгис хэрцгий атгаалжин хар мангас болчихно. Иймд сонголтоо онож хий. Атгаалжин хар мангасыг бол бүр ч бүү сонго.
Ц.Лувсандорж
URL: