Н.Энхбаярын эзгүйд
Намбарын Энхбаярыг намнах бүхэл бүтэн төрийн машин өнгөрсөн гурван жил эд анги нь ямар ч эвдрэл гэмтэлгүй өдөр шөнийн 24 цаг ээлж халаагүй ажиллаж ирлээ. Яг л Осама Бинладенийг барих гэж Америк их гүрэн бүтэн арван жил ажилласан шиг.
Тэр үнэхээр хүчирхэг улстөрч юмаа. Түүнээс өөр хэн гэдэг аавын хүү ээжийн охин бүхэл бүтэн төрийг бүтэн гурван жилийн турш унтах нойр, идэх хоолноос нь салгаж хоолой дээр тээглэсэн яс мэт зовоож чадах билээ.
Түүний тухай хамаг муу муухай бүхнийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд бүрэн бүрэлдэхүүнээр шахам бичиж байхад, Монголын олон арван телевиз зөвхөн түүний сүүдэртэй талыг дүрсжүүлэн цацаж ард түмний тархийг угааж байхад, Монголын цагдаа хүчний байгууллагууд анги нэгтгэлээрээ ганц түүний эсрэг зэр зэвсгээ агсан зогсож байхад, интернет цахим ертөнцөд зөвхөн түүнийг муулах хөлсний бичээчдийн арми ажиллаж байхад би яагаад тэдний нэг байх ёстой гэж?
Энхбаярыг эзэн байх арван гурван жилд бид юу юугаа алдаж яаж хохирч байсан талаараа хангалттай мэдээлэлтэй болсондоо. Харин Энхбаярыг эзгүй гурван жилд бид юу алдав гэдгээ эргээд нэг санах гэж оролдоё.
2008 оны УИХ-ын сонгуульд МАХН-аа ялуулахын төлөө тавхайгаа эргэтэл, тамираа барагдтал явж, хэрэлдэх нэгтэй нь хоолойгоо аргатал хэрэлдэж, зодолдох нэгэнтэй нь цусаа гартал зодолдож итгэл үнэмшлээ туг болгож явсан олон зуун мянган гишүүд дэмжигчдээ хад мөргүүлэн хуурч, хүний итгэл сэтгэл, үнэт зүйлээр хэрхэн тохуу хийж доромжилж болдогийн гайхамшигт жишээг харуулж чадсан даа тэр үеийн МАХН-ын удирдлагууд. Энэ хууралт, энэ доромжлол гашуун байлаа. Итгэл үнэмшлээ алдсан.
Өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн өргөн уудам газар нутаг минь Хонконг, Торонто, Лондонгийн Хөрөнгийн бирж дээр цаг, минут тутамд гараас гар дамжин худалдаалагдаж өдрөөс өдөрт бидний мэдлээс гарсаар. Өм цөм алдагдсан газар шороо минь хайран.
Одоогоор Монгол Улс стратегийн 15 ордтой гэж яваа. Харин эдгээрийн долоог нь гадныхан 100 хувь эзэмшиж байна. Нэрийг нь жагсаая.
1. 230 сая тонны нөөцтэй Өмнөговийн Нарийн сухайтын нүүрсний орд
2. 3000 орчим тонны нөөцтэй Дорнодын Мардайн ураны од
3. 16073 тооны нөөцтэй Дорнодын Гурванбулагийн ураны орд
4. 229,3 сая тонны нөөцтэй Сэлэнгийн Төмөтэйн төмрийн хүдрийн орд
5. 44400 тонн зэс, 10,6 сая тонн исэлдсэн хүдэр, 240 тонн сульфидын хүдрийн нөөцтэй Дорноговийн Цагаан суврагын зэс молибденийн орд
6. 52 сая тонн фосфорит, 192,2 сая тонн хүдрийн нөөцтэй Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын орд
7. 43 тонн алтны нөөцтэй Сэлэнгэ аймгийн Бороогийн алтны орд
Эдгээр долоон орд одоо та биднийх бишээ.
Стратегийн бусад найман орд дотор төр дангаараа 100 хувь эзэмшиж байгаа орд байхгүй, зарим нь хувийн компанийн мэдэлд очсон байна. Тухайлбал, 2,1 тэрбум тонн нөөцтэй гэгддэг Шивээ овоогийн нүүрсний ордны 85 хувийг “Шинэ-Шивээ Овоо” гэх хувийн компани авсан бол Багануурын нүүрсний уурхайн 320 сая тонн нөөцтэй хэсэг “Алтай гоулд” гэдэг хувийн компанийн мэдэлд очжээ.
URL: