Хэдэн трактор жаг­сааснаас өөр арми удир­даагүй, талийгаач С.Зоригийн аллагатай дан­даа холбоотой яригддаг, “Улсын баатар” гэж сонинд баалуулдаг Э.Бат-Үүл дүрдээ итгэчихсэн таваргаж явна

Л.Доёд
Намын нэрээр өрсөлдөх эхний 28-д нэг ч партизан алга. Жагсаалтад орсон Р.Гончигдорж бол угаасаа АН биш соцдек. Түүний хөнгөн толгой, шингэн дуу нь харин ардчилагчдад хэрэгтэй байсан үе бий. Тойрогт өрсөлдөх 48 дотор Да.Ганболдоос өөр “халзан” хүн алга. Гэхдээ тэр бас Үндэсний намынх.

Ингээд нэр дэвшинэ, дэвшихгүй гэж өвөл, хаваржингаа уймарсан партизан Э.Бат-Үүлээ манай үндэсний баатар гэж хөөргөөд нийслэлийг шинэчлэх дайнд мордуулж, шилийг нь харав бололтой. Нээрээ л  бусдыг харайлгахгүй, өөрөө хээлтүүлэхгүй хөгшин ухна мэт тэдэндээ их тээртэй байсан байх. Э.Бат-Үүлд хүн чанар гэж байхгүй. Яг үнэндээ намынхан нь ч түүнээс залхсан. Түүнийг хэзээ ч байнгын хорооны дарга, сайдад нэрийг нь дэвшүүлж байсангүй.

Хэдэн трактор жаг­сааснаас өөр арми удир­даагүй, талийгаач С.Зоригийн аллагатай дан­даа холбоотой яригддаг, “Улсын баатар” гэж сонинд баалуулдаг Э.Бат-Үүл дүрдээ итгэчихсэн таваргаж явна. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлдээ ямар нэг том цол хэргэм олгомоор байдаг. Хөдөлмөрийн баатар өгье гэхээр улсад ажил хийж хөлсөө гоожуулж үзээгүй байдаг. Гавьяат дуучин болгоё гэхээр ядахдаа дуу хоолой муутай. Сүхбаатарын одонг голоод байдаг. Угаасаа тэд Сүхбаатарт дургүй.

Д.Сосорбарам нь хөшөөг нь буулгах тухай яриа үүсгэсэн удаатай. “Улстөрийн гавьяат жүжиг­чин” болговол зохис­той ч тийм цол ерөөсөө байдаггүй. Ингээд л “Улсын баатар”-т тохирно гэж шийдэж. Энэ явдал харин өөрөө хошин жүжиг байсан юм. Э.Бат-Үүл үнэхээр ардчилагч, үнэхээр шударга хүн байсан бол, ичих булчирхай нь ажиллагаатай байсан бол энэ жүжгээс татгалзах ёстой байсан. Э.Бат-Үүлийн өмнөөс найз нөхөд нь, гэргий нь, олон мянган ардчилагч нь ерөөсөө нийт монголчууд ичсэн. Баатар өгснийг зөвтгөж өмөөрөх хүн байвал чухам юуны төлөө гэдгийг тодотгож хариу бичээрэй. Нөхөн өгч болдогсон бол С.Зориг агсанд баатар цол олгохсон. Эсвэл Э.Бат-Үүл, С.Зоригийн аллагын эзнийг олчихсон бол жинхэнэ баатар болгохсон. Ер нь тэрбээр С.Зоригийн аллагын талаар хамгийн их зүйл хэлж чадах хүн. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд, Э.Бат-Үүл анхлан очсон УИХ-ын гишүүн байсныг түмэн мартаагүй.

Түүнийг анд нөхрийнхөө хөрөөгүй цогцос дээгүүр нь алхаж гарсан гэж бодохоос ой гутаж, дотор зарсхийдэг. Үүнийх нь төлөө “баатар” өгсөн юм байлгүй гэж хэлснийг сониноос уншаад, хэдийгээр хатуурхаж мушгиж хэлсэн үг ч гэлээ үнэхээр тэгж бодогдмоор. Ер нь С.Зоригийн сайн нөхөр нь байсан юм уу даа, үгүй юм уу гэж эргэлзэхэд хүргэнэ.

Дайнд ороогүй баатар гэвэл Э.Бат-Үүлээс гадна Ж.Гүррагчаа л байна. Ерөөсөө Монгол өнөөдөр дарийн утаа биш, зөвхөн Улаанбаатарын утаа үнэрлэж үзсэн хоёр баатартай л үлдэж. Гэхдээ Гүрээ нь эрүүл мэнд, эр зоригийн шалгалт давсан. Ер нь сансарт нисэхэд яагаад баатар болгодог байсан юм бол оо. Эрсдэл их, эргэж ирэх нь баталгаатай бус байснаас л тэр юм.

Оросууд амьд хүнээр туршилт хийж байсан хэрэг. За тэр ч яах вэ. Гүрээ гавьяатай хүн мөн. Э.Бат-Үүл баатар үнэхээр шударга, олигархиудтай тэмцэхээр шийдсэн юм бол УИХ дотор байгаа өөрийн намынхаа бузар, булай баячуудтай яагаад тэмцдэггүй юм бэ. Д.Зоригт, Л.Гүндалай нартайгаа байлддаггүй яадаг баатар вэ. Дайны том талбараа орхиод, жижиг фронт руу зугтаадаг яасан хөгийн баатар вэ. Ардчилсан намынхан бол олигархи байж болдог, бусад намынхан уутаа барьсан гуйлгачид байх ёстой юм уу.

Аятайхан субботник ч удирдаж үзээгүй, өлслөө гэж жанжны талбайд хог тарьж, “морь харж” явсан Э.Бат-Үүл нийслэлийг нэг л өглөө цэлмэг болгочихно гэж хэн итгэх юм бэ. Э.Бат-Үүл ер нь Сэлэнгэдээ ч, парламентад ч гологдож яваагаа ухаардаг болов уу, үгүй болов уу. Түүнийг хүүхэд байхдаа “цаа бугачин” болно гэж Хөвсгөлд очоод долоо хонолгүй эргэж ирсэн гэж сониноос уншиж байсан. Их ярьдаг, юу ч бүтээж үзээгүй тэр ер нь хотод очвол тав ч хонолгүй  шантрах вий.

Үнэхээр өөрчилмөөр зүйл нийслэлд их бий. Гэхдээ түүнийг хийж чадах хүмүүс нь ч бас тэнд бий. Хот бол бүтээн байгуулалтын талбар болохоос улстөрийн хэрүүлийн танхим биш. Шүүмжлэгчдээр дутаагүй. Э.Бат-Үүл бол бусдыг шүүмжилж чадна. Хүний толгой дээр байгаа тэвнийг харна. Харин өөрийн толгой дээр байгаа тэмээг харахгүй. Монголд ардчиллын үнэт зүйлс одоо алга болоод дуусч байгаа. Тэр үнэт зүйлсээ тэд өөрсдөө устгаж байгаа.

Ерөөсөө Ц.Элбэгдорж тэргүүтэй нөхөд ардчиллыг ямар ч утгагүй болгосон. Одоо ер нь тэд ардчилал гэж ярих ч хэрэггүй. Ард түмэн өөрсдөө жинхэнэ ардчиллыг   хүсч байна. Ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх дараагийн үе гарч ирсэн байхад Э.Бат-Үүлд мэт нь ёстой л нар хаасан “үүл” мэт гай болох хэрэггүй.  Ер нь 7 сарын 1-ний үйл явдал ардчиллыг, ардчилагчид өөрсдөө булшилсан хэрэг болсон.

Яагаад  гэвэл  Ц.Элбэгдорж өөрөө иргэдийн цуглааныг эхлүүлсэн. Дахиад тийм явдал болбол хэрэгтэй гэж үзэж сайн “баатар” төрүүлсэн байх магадлалтай. Э.Бат-Үүл 7 сарын 1-ний үйл явдлын буруутанг нэрлэж чадахгүй. Яагаад гэвэл өөрөө ч дэмжсэн. Түүгээр ч зогсохгүй гол эзний нэг Ж.Батзандан Баянзүрх дүүрэгт нэр дэвшчихсэн бүтэхгүй юмаа ярьж, хоосон цэцэрхээд явж байна. Сайхан аавын нэрийг гутааж, төрсөн ах дүүгээрээ хэл ам, хэрэг төвөгт орооцолдож, хэрүүл шуугиантай амьдарч яваа хүүхдүүдийг нь Дарьгангынхан гайхаад барахгүй байгаа гэдэг. Э.Бат-Үүл шударга юм бол энэ бхүнийг яагаад дэмждэг юм бол?!

Худлаа л байхгүй юу. Тэгээд одоо Э.Бат-Үүл хэн юм бэ. “Хулхи ардчилагч, худлаа баатар” гэж хэлбэл ононо. Төрөөс байшин барьж өгье гэвэл, үгүй ээ, өөрсдөө бариг гэнэ. Одоо бол зөнөж, зөрүүдэлж яваа өвгөн. Өөр хэн ч биш, гэхдээ жагсаалтад нэр нь дээгүүр байгаа юм, АН-аас нийслэлд гараад ирж магадгүй. Гарч ирвэл яаж аяглахыг нь харъя.

Ерөөсөө Ерөнхийлөгч нь АН-ынх. Одоо УИХ-д ялбал Их Хурал, Засгийн газрыг авчихна. Цаана нь нийслэл үлдэнэ. Түүнийг Э.Бат-Үүл авчихна. Тэгээд л Монгол ардчилсан орон болно гэж сэрүүн зүүдэлцгээж байна. Ардчилал бол дэлхий нийтийн том дэвшил болохын хувьд Монгол Улс тэрхүү тогтолцоонд хүрэх нь зүй тогтлын асуудал байсан. Гагцхүү эрт үү, орой юу гэдэг цаг хугацааны хүчин зүйл байсан. Ардчилал бол хэн нэгний өмч биш. Өмчилбөл чухам яадгийн хор уршгийг амслаа. Ардчиллын амин сүнс ард түмний дунд оршдог. Э.Бат-Үүл тэргүүтэн хорин жил ард түмний тархийг угаалаа. Ардчилагчдын тар нь бүрэн танигдлаа. Одоо ард түмэн сонголтоо яаж хийхийг нь харах л үлдлээ.

http://dayarmongol.com/index.php?option=com_content&view=article&id=7378:–s—s—-s————-&catid=74&Itemid=61


URL:

Сэтгэгдэл бичих