Ц.СОДХҮҮ: ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН САЙН, МУУ АСУУДАЛ БҮХЭН НАДАД ХАМААТАЙ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар тойрогт “Гурав дахь хүчин” эвслээс нэр дэвшигч Ц.Содхүүтэй ярилцлаа.

-Таны намтрыг харж байхад өндөр боловсрол эзэмшсэн юм байна. Хувийн бизнесээ эрхлээд явж байвал илүү амжилт олох нь дамжиггүй. Гэтэл яагаад нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших болов оо?

-Би улс төрч болох гэж нэрээ дэвшүүлээгүй. Зарим хүн улс төрийн тогоонд орох бие халаалт маягаар хотын иргэдийн хурлыг ойлгодог бололтой юм билээ. Миний хувьд тийм биш. Сүүлийн арваад жил амьдарч байгаа байр, орц, гудамж, талбай, орчин тойрноо хараад бухимдаж, шогширч, хамаг нервээ барж яваа хүний хувьд энэ байдлыг өөрчилье л гэж зорьсон. Үнэндээ бахархах зүйл алга. Өөрчлөх боломж байна, надад ийм санал байгаа, та нар юу гэж бодож байна вэ, дэмжиж байвал хамтдаа өөрчилье, хийе гэж шийдээд нэрээ дэвшүүлж, сонгуулийн сурталчилгааны үеэр “Надад хамаатай” хөтөлбөрөө хөршүүддээ ярьж, хэлж, тайлбарлаж явна. Би улс төрийн тавцанд сүүлийн 20-иод жил ээлжлэн засаг барьсан “том” намуудын хаяа хатавчнаас гэнэт өндийж боссон час улаан зангиатай, цаанаасаа дарга царай үзүүлсэн нөхөд шиг биш. Шинэ нам, шинэ эвслээс нэрээ дэвшүүлсэн. Суралцсан, гэрлэсэн, ажиллаж байгаа, үр хүүхдүүдийнхээ хувь заяаг гартаа атгасан, хүсэл мөрөөдлөө тээж яваа, тэмүүлэлтэй жирийн сэхээтэн залуусын нэг.

-Чингэлтэй дүүрэгт  та ажиллаж амьдардаг болохоор ямар асуудал байгааг, яаж шийдвэрлэх ёстойг бусдаас илүү мэдэж байгаа байх. Та тойрогтоо юу хийхээр төлөвлөж байна вэ. Зах зухаас нь дурдахгүй юу?

-“Надад хамаатай” хөтөлбөрт 5 асуудал багтсан. Энэ хөтөлбөрийг боловсруулах гэж хаалттай хурал хийгээд, олон түмнээр хэлэлцүүлээд байх шаардлага байгаагүй. Угаасаа л миний болон манай хөршүүдийн эргэн тойронд ил тод байж байгаа асуудал. Юуны өмнө дүүргийн тав тухтай орчин. Манай дүүргээс сонгогдсон мөртлөө Туул голыг бохирдуулан бохирдуулан зайсан хороололд амьдардаг дарга нар маань цоорсон дээвэр дор халаалтгүй байрандаа дагжин, зуны зунд халуун усаар хязгаарлуулж, зэвтэй ус ууж амьдрах бидний зовлонг мэдэхгүй. Ил талбайд шавааралдсан машин тэрэг, замын түгжрэлээс дөлөн орон сууцны дундуур сүлжин давхилдах автомашинуудаас хүүхэд, хөгшчүүд маань айж ширвээтэх болсныг ч тэд мэдэхгүй. Хүн төвтэй биш дарга төвтэй нийгэм гэж ойлгодог байх. Тэгвэл тийм биш ээ, иргэд оршин суугаа дүүрэг, хороо, байр, орцондоо тав тухтай амьдрах цаг ирсээн. Миний дэвшүүлж байгаагаар орон сууцны хороолол, хороо бүрт доошоо гурав, дээшээ таван шатлалтай автомашины гарааш барьж байгуулан, хорооллыг камержуулж, архидалт, дээрэм, хулгай, автомашины ослыг баримтжуулах бүрэн боломжтой. Ганц хөшөө барихад 2 тэрбум төгрөг зарцуулдаг л юм билээ, энэ хэмжээний мөнгөөр тэр зэргийн ажлыг өлхөн хийнэ. Хоёрдугаарт, дүүргийн эко, аюулгүй орчин. Би Чингэлтэй дүүргийн I хороонд оршин суудаг. Манай дарга нарын сэтгэл дутаад царцчихсан дүр зураг хаа сайгүй. Уг нь өнөөдөр дүүргийн дарга нарт нутаг дэвсгэрт нь ургаж байгаа модны нэг ширхэг мөчир ч хамаатай. Надад энэ дүүргээсээ, энэ байрнаасаа зугтаан нүүх шаардлага байхгүй. 3 настай хүүгээ эгчийнх нь сурч байгаа 23 дугаар сургуульд оруулж, сургуулиа төгсөх хүртэл нь эндээ л амьдарна. Надад төрөөс төрсөн тэрбумтнууд шиг хүүхдүүдээ өндөр төлбөртэй сургуульд сургах бодол, боломж байхгүй. Би өвөлдөө утаанаас зугтаж халуун орныг зорьдог “нүүдлийн шувуу” биш. Үр хүүхдээ аюулгүй, ногоон байгальтай орчинд амьдруулахыг бид хүсдэг. Гэх мэтээр би хөтөлбөртөө хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх, архигүй амгалан орчин бүрдүүлэх зэрэг асуудлуудыг тусгасан. Биелэх бүрэн боломжтой зорилтууд.

-Улс төрийн голлох хүчнүүд тойргийн төдийгүй улс орны хүрээнд бэлэн мөнгө амладаг, аманд ч үгүй, хамарт ч үгүй мөнгөөр хуурахыг оролддог байдал иргэдийг хамгийн их бухимдуулж байна. Танай эвсэл энэ тал дээр ямар бодлоготой байна вэ?

-“Гурав дахь хүчин” эвсэл ч тэр, би ч тэр бэлэн мөнгө амлаагүй, амлах ч үгүй. Эхнээсээ нөгөө намууд чинь иргэдийн шаардлагатай нүүр тулаад халуухан юм болж байна гэнэ, хөдөөгүүр. Ард түмнээ өөрсдөө өлөн зэлмүүн амьдруулчихаад, дараа нь гантай зуны бороо шиг дусал төдий мөнгөөр аргалах санаатай намуудын нүүр царайг өнгөрсөн жилүүдэд хангалттай л харлаа шүү дээ, бид. Одоо хаширвал хашрахаар л боллоо. Манай эвсэлд багтсан намуудын гишүүд, дэмжигчид, нэр дэвшигчдийг ерөнхийд нь ажил олгогчид, үйлдвэрлэгчид, бүтээгчид гэж сонгогчид дүгнэж байна. Тэтгэвэр, тэтгэмжийг авах ёстой хүмүүс нь авах ёстой. Тэрнээс нийтэд хавтгайруулах биш. Ухаан нь, надад бол ямар нэгэн тэтгэмж шаардлагагүй. Би ажил хийх насны хүн. Ажиллаж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх ёстой. Манай эвслийн бодлого товчхондоо ийм л байгаа.

-Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Сонголтоо зөв хийгээрэй, өнгө, мөнгө, эрх мэдэлд битгий хууртаарай гэж хүсмээр байна. Хэн нь хэн бэ гэдгийг таних хангалттай хугацаа өнгөрлөө. “Өнөөдөр танд 5000 төгрөг өгсөн бол маргааш үр хүүхдээс чинь 5 тэрбумыг булааж авна” гэж үгтэй юм шүү. Хотын хуралд хоосон улс төр ярьдгийг нь биш ажил хэрэгч, бүтээгч залуусаа илгээгээрэй гэж нийт сонгогчиддоо уриалъя.


URL:

Нэр: Жаак Огноо: 21 November 2015

Залуу хүн мөртлөө хүнтэй ярьж хэлж байгаа ахмад үе залуустай ярилцаж чадах чадвартай ёс суртахуун мэдлэг боловсрол өндөр гэж Чингэлтэй дүүргийн МАХН н даргаар сонгосон гишүүд дэмжигчдэдээ баярлалаа

Сэтгэгдэл бичих