117 саяыг олдог гэх Гарьдхүүгийн Баярсайхан амлалтаа гүйцээсэн үү?

2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин Чингэлтэй дүүргээс гарч ирсэн хүн бол Г.Баярсайхан гишүүн. Эрхэм гишүүнийг ирэх сонгуульд өрсөлдөх, ялах эсэхийг мэдэхгүй ч өнгөрсөн дөрвөн жилд юу хийв гэдэг нь сонирхол татна.

Сонсох нь ээ, мань хүн юу хийснээсээ эс хамааран “Эко” нэртэй судалгааны баг байгуулж рейтингээ тодорхойлж байгаа гэнэ. Судалгаагаар түүний хувь улстөрчийн нэр хүнд өндөр яваа юм байх. Гэвч “Монголын улс төрд мод тарина” хэмээн сонгогчдыг уярааж явсан түүний үг өнөөдөр хэр үнэмшилтэй байв аа?

Чингэлтэй дүүрэгт эрхэм гишүүн тэрбум төгрөгөө хэрхэн үрснийг өнөөдөр харвал халуун усны газраас өөр зүйл алга. Халуун усны газар ч гэж дээ, сонгуулийн үеэр штаб болгоод ажиллуулчих санаатай барьсан хэдэн объект л доо. Уг нь түүний ярьж, амласнаар бол өнөөдөр захын хороолол аль эрт хаустай болох байсан юм. Оршуулгын газар, захын хорооллын эл хуль орчныг сэргээж хаус хороолол, жишиг орчныг харуулна гэж амласан хүмүүсийн нэг нь Г.Баярсайхан шүү дээ. Ер нь түүний амлалтаа биелүүлэх алхам нь юу байсан гэдэгт эргэлзээ төрж байна. Түүний амлалт магадгүй өнөөдөр Э.Бат-Үүл гишүүний ярьж байгаа зүйлтэй холбогдох байх. Г.Баярсайхан гишүүн амлалтаа Э.Бат-Үүл гишүүнд “зарчихсан” ч юм уу гэж харж болохоор нөхцөл байдал үүсээд уджээ. Захын хорооллынхонд эрхэм гишүүн нэлээд нэр хүндтэй. Гэвч 70 давхар, Хайлааст орчмын иргэд л лав түүнд итгэл алдарч. Тиймээс ч тэндээс эрхэм гишүүн үнэлгээ авах нь нэгэнт өнгөрсөн байж мэднэ. Тиймдээ л Д.Зоригт сайд түүний алдсан гудамж болгон дээр “ажиллаж” чадаж байна.

Түүний гэр хороолол руу хандсан голлох амлалтууд ер нь биелээгүй л дээ. “Эко” ч билүү “ногоон” ч билүү өмнөтгөлтэй түүний алдрыг өнөөдрийн түвшинд хүргэсэн нэг амлалт байна. Эрхэм гишүүн гэр хорооллынхны түлш түлээ, дугуй шатаадаг явдлыг халж цахилгаанаар халдаг систем нэвтрүүлнэ гэж мөн их номлосон. Гэвч экологич имиж нь түүнээс дэндүү хол хөндий аж.

Уг нь түүний улс төрийн амьдрал харьцангүй залуу. Олны хэлдгээр эрхэм гишүүний сонгогдох гол шалтгаан нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн нөмөр, нөөлөг байсан гэх. Гэвч эцсийн дүгнэлтийг сонгогчид нь л хийнэ шүү дээ. Сүүлийн хэдэн сар эрхэм гишүүн сонгогчидтойгоо уулзаж, учирсангүй. Үнэндээ Чингэлтэй дүүрэгт хийнэ гэж амласан түүний бүтээн байгуулалтын ажил, захын хорооллыг зүлэгжүүлэх “ногоон” яриа хоосон зүйл болоод л өнгөрч байна.

“Урт нэртэй” хууль шигээ урагшлах ч үгүй, хойшлох ч үгүй гацаанд орсон түүний “Монголын улс төрд мод тарья” гэх сайхан үгэнд сонгогчид хэрхэн дүн тавих нь сонин байна.

https://apps.facebook.com/newsappmn/?code=AQDfHBbpxjuwqW4QJpni309YvUtVWO4wIr6kYy5b33C4FFKC9Bi0ggj8Jw4-DSTqnz-FO_LfovlV4G0I3MCes7wqVR06r5KQDpzLcyzSc6r0jeQfZtlikAENHLebGM_TApeojlVtfJYV_RmzFRc-iqiU_DJfognJJOLH8dzUIEdU7c9dT1sdqD1afRJ-hU9plqg#_=_


URL:

Сэтгэгдэл бичих