Хотын дарга асан Ц.Батбаяр газрын наймаагаар хөлжсөн нь
Багахангайн гэсэн тодотголтой, “жимсэн” хацарт гэж өхөөрдүүлдэг, Алимаа хочтой Ц.Батбаяр гишүүн тээр дээр хүртлээ зүтгэж явахдаа зөвхөн Далай багшийн сургаалийг л уншдаг, өөр юм уншиж боловсрох завгүй гэж “Танай хоноё” нэвтрүүлэгт орохдоо нэг удаа өөрийгөө тодорхойлж хэлсэнийг санаж байна. Бурханы сургааль үнэхээр ийм хүчтэй юм болов уу? эсвэл өөр бас учир шалтгаан байна уу? Хураасан эрдэм байхгүй атлаа “Хотын мээр” хүртлээ дэвшдэг нь урьд насандаа хураасан буян заяа юу, эсвэл чадал тэнхээтэй хүний нөмөр нөөлөг юм болов уу?
“Загасан талх хулгайлвал шоронд орно, төмөр зам хулгайлвал сенатын гишүүн болно” гэдэг америкийн явган үг санаанд орох юм. Энэ америкийн явган үгний монгол хувилбар нь “газар зарвал их хурлын гишүүн болно” гэдэг бололтой. Бололтой ч гэж дээ үнэн үг. М.Энхболд хотын дарга байхдаа газрын наймаагаар хөлжиж бүр “газрын наймааны загалмайлсан эцэг” гэж өргөмжлөгдсөн. Ж.Бадамжунай Шиньжян-Уйгурт багтаж чадахаа болиод оргож ирсэн оргодол Идэнбаяр гэгч торгуудтай хуйвалдажШиньжяны хар нийгэмлэгийн мөнгийг угааж “Богд-Ар” хороолол барьж баяжсан гэдэг. Өмнөх дарга нарынхаа үнэнч залгамжлагч нь байна гэж өчгөө өгч байж “Хотын мээр” болсон Ц.Батбаяр авсан тушаалаа бараг мянган хувиар даван биелүүлж өөрийн гэсэн гар хөлтэй болж авсан нь “Бэгдү” ХХК-ний захирал Юн Гюн Ру хэмээх БНСУ-ын иргэн болой.
Ихэнх Солонгосоос ирсэн луйварчдын нэгэн адил нутагтаа аргаа барж дундаж амьдралтай солонгос хүний өвөрт байдаг 100 мянган ам доллараа өвөртлөөд адал явдал хайж ирэгсдийн нэгэн адил монголд ирээд баян хүний дүр эсгэж явахдаа мөнгөтэй гадныхныг харахаараа энгэрээ задлагсдын нэгэн Пүүжээ гэгч бүсгүйтэй танилцсан нь аз ирэхэд “Ёзоор даалуу цохино” гэдэг болсон байна. Юн Гюн Ру монголд газрын наймаа ашигтайг мэдэнгүүтээ барилгын компани байгуулж монгол эхнэрийнхээ Хотын захиргаанд бас ч гайгүй түшмэлийн ажил эрхлэдэг эцэг, ойрын хүнээр нь Ц.Батбаярын халуун гарыг атган авч газрын наймааг дүнгэнүүлж гарчээ. Эхнэр нь ч мөнгөөр зодож байж төрийн албанд шургалж Барилга хот байгуулалтын яаманд ажилд орж амжсан нь бүр наймааны нөхцөлийг бүрдүүлж өгсөн байх юм. Ингээд Монгол Солонгосын хамтарсан баг “Монголын газраар хөлжих” ажиллагаагаа хийхдээ өөрийн гэсэн арга барилтай. Солонгосоос ирсэн мөнгөтэй бийлэгжүү хүмүүсийн тархийг барьж монголд ирээд хэрхэн хүч чадалтай байгаагаа харуулж хотын дарга асан Ц.Батбаярын өрөөнд дагуулж ороод Юн Гюн Ру даргатай нь би сайн найз, миний бизнесийг “Хотын мээр” дэмждэг гэсэн ойлголт төрүүлж мөнгийг нь салгаад тэр мөнгөөрөө “А” зэрэглэлийн бүсэд газрыг хямд авах хөл хийнэ. Нутаг нэгтнүүдээ ингэж луйвардаж байгаа юм чинь гэнэн итгэмтгий монголчуудыг зажлахгүй залгих биз. Дараа нь тэр газраа дамлан зарна.
Ийм аргаар олон ч газрыг дамлан худалдсан нь Ц.Батбаярыг хотын дарга байх үед “Бэгдү” компанид захирамж гаргаж өгөөд “Бэгдү” цааш нь дамжуулан дамлан худалдсан баримтууд эрх биш архивтаа байгаа л байлгүй. Үүний хамгийн тод жишээ нь Хятадын 100%-ийн хөрөнгө оруулалттай “Икс Ди Эф” компанид 3-р эмнэлэгийн зүүн талын газрыг нэг сая америк доллараар худалдаад дараа нь бичиг баримтыг нь санаатай гаргаж өгөхгүй байж байгаад “Икс Ди Эф” компаний захирал Зү гэгчийг урьд нь Багануур дүүргийн Засаг даргын тамгын газарт мэрэгжилтэнээр ажиллаж байсан Цолмон, Тайван гэдэг олон нэртэй хүүхэнтэй үгсэж, Гадаадын харьяатын газрын ажилтнуудтай хуйвалдаж монголоос хууль бусаар албадан гаргуулсан. Ц.Батбаяр нууц ноёнтонтой “Бэгдү” багийнхан хотын төвийн том том газруудыг нэр дээрээ аваад зориуд барилга барихгүй, хөрөнгө оруулалт хийхгүй хэдэн жил болгож чулуу болгоно. Нэгэнтээ газар авсан юм бол барилгаа барь гэвэл хөрөнгө оруулалт дутаад байна гэж хуулийн цоорхойгоор тоглоно.
Тухайлбал: Хан-Уул дүүрэгт Нисэхийн цагаан хаалганы зүүн хойд талд нэг том хашаа хатгаад хэдэн жилийн нүүр үзлээ. Одоо хүртэл хөрөнгө оруулалт байдаггүй. 10-р хороололд Ц. Батбаярын хөрөнгө оруулалттай гэсэн тодотголтой (насаараа төрийн алба хаасан хүн барилга барихад хаанаас мөнгө олж хөрөнгө оруулдаг юм бол) чанаргүй барилга барьсан. Нөгөө хятадын “Икс Ди Эф” компанийг зальдаж 1-р 40 мянгат, 50 мянгат хоёрын заагт 45-р сургуулийн хажуу талын 18-р байрны зүүн талд орон сууцны барилга эхлүүлээд хужааг нь хөөж гаргаад одоо дутуу барилга газар хоёрыг нь зарах гээд эзэн хайгаад сууж байгаа.
Үнэндээ хөрөнгө мөнгө дутсандаа биш, зүгээр л үнэ хүргэж байж зарахаа л хүлээж байгаа шүү дээ. Монгол Улсын “Газрын тухай” хуулинд “эзэмшлийн газар”-ыг худалдах, гэхдээ дуудлага худалдаагаар зарах эрх зөвхөн “Төр”-д л байдаг. Гэтэл М.Энхболд Ж.Бадамжунай Ц.Батбаяр толгойтой нийслэлийн газрын албаны дарга Төмөрхуяг, Сундуй нар ер нь Дүүргийн засаг дарга, газрын албаны дарга , газар зохион байгуулагч нараар “хуц ухна” тавьсан юм шиг санааны зоргоор Төрийн өмчийг гаднынхантай хуйвалдан зарж, хөлжиж байхад газар зарна гээд телевизээр явж байгаа зар бол хажууд нь юу биш. Өнөөдөр иргэддээ “МАН-аа сонгуульд дэмжиж, газраа сайн заруулж, дарга нараа баяжуулж“ Эх орондоо сайхан амьдрья гээд л ард түмнээ уриалаад явж байх юм даа.
У.Бишүү
https://apps.facebook.com/newsappmn/?code=AQDfHBbpxjuwqW4QJpni309YvUtVWO4wIr6kYy5b33C4FFKC9Bi0ggj8Jw4-DSTqnz-FO_LfovlV4G0I3MCes7wqVR06r5KQDpzLcyzSc6r0jeQfZtlikAENHLebGM_TApeojlVtfJYV_RmzFRc-iqiU_DJfognJJOLH8dzUIEdU7c9dT1sdqD1afRJ-hU9plqg#_=_
URL: