СУРГУУЛИЙНХАА ГАЗРЫГ БУЛААЛГАСАН БАГШ НАР НӨХӨН ТӨЛБӨРӨӨ АВЧ ЧАДСАН БОЛОВ УУ
-48 ДУГААР СУРГУУЛЬ ГАЗАР НУТГАА ЭРГЭН ДУРСЛАА-
Сургуулийн насны хүүхэд багачуул өвчлөмтгий, сульдаатай болоод байгааг хөдөлгөөн дутагдсанаас үүдэлтэй гэдэг юм билээ. Үүнээс үүдээд нийтийн биеийн тамир гэсэн ойлголт хүчтэйгээр тавигдсан. Гэсэн хэдий ч хүүхдүүд чийг ханхалсан подвальд PC тоглоод нүдний хараа муутай, нуруу бөөрний өвчтэй, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс болцгоож байна.
Энэ хүүхдүүдийг подвалиас гаргахын тулд биеийн тамирын талбай хэрэгтэй. Дээхнэ үеийн хүүхдүүд гадаа тоглож хувцас хунараа урдаг байсан хэдий ч бие хаа нь эрүүл саруул, чулуу шиг залуус болцгоосон юм. Сүүлийн үед сургуулиуд биеийн тамир талбай, ногооны газар гээд эзэмшил газаргүй боллоо. Энэ талаар иргэд санаа зовниж манай сонинд хандсан юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль биеийн тамирын талбайгүй болжээ.
Арван хэдэн давхар барилгуудаар “бүслэгдсэн” 48 дугаар сургуулийг арай гэж оллоо. Үнэхээр газаргүй болжээ. Зүүн урд газрыг нь УИХ-ын гишүүн асан Д.Туяагийн хүү О.Содбилэг аваад “PALAZZO” гэдэг арав гаруй давхар барилга барьжээ. Зүүн талд “Жигүүр гранд” групп орон сууц барьсан байна. Түүний цаахна талд нэгэн дээд сургууль таван давхар хичээлийн байр барьсан харагдана.
Хамгийн гол нь эдгээр барилгууд 48 дугаар сургуулийн газраас авч баригдсан юм. Тийм учраас сургуулийн өмнөх талбайдаа сурагчид нь жагсаад л дүүрчихдэг байна. Биеийн тамирын талбай гэсэн чинь УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын гэрээс ч томгүй хэмжээтэй газар хашаалчихжээ. Энэ газрыг нь бас болоогүй мөсөн каток болгочихсон байна. Сургуулийн захирал Б.Эрдэнэчимэг “Намайг захирлаар ирэхэд энэ жаахан талбай машины зогсоол байсан. Би үүнийг нь болиулаад Солонгос улсын хандиваар сагс, хөл бөмбөгийн талбай болгох гэж байгаа” гэв. Тэр талбай нь 80 сая төгрөгөөр босох гэнэ.
Сургуулийн захирал Б.Эрдэнэчимэгийн өмнөх нөхөр нилээд бужигнуулж байсан бололтой. Тэрээр энэхүү жижигхэн газрыг машины зогсоол болгоод мөнгийг нь өөрөө авдаг байсан байна. Өдгөө Баттөр захирал өөр нэгэн дүүргийн сургуулийг иймэрхүү маягаар илбэн тохижуулж яваа сураг дуулдав. Тухайн үед нэг сагсны шийд, хөлбөмбөгийн талбай барьчихсан бол “Жигүүр гранд” групп, О.Содбилэг нар дайраа ч билүү. Хүмүүсийн хэлж байгаагаар эзэнгүй гэмээр том газар байсан нь бусдын анхааралд өртсөн гэнэ.
Сургуулийн захирал Б.Эрдэнэчимэг “Одоо бол газрын ямар ч маргаан байхгүй. Багш нар барилга барьж байхад дуугарч байх нь яасан юм бэ” гэлээ. Сургалтын менежер Ч.Оюунчимэг “Манай сургууль, 22 дугаар цэцэрлэг хоёр дундаа биеийн тамирын сайхан талбайтай байлаа. Харамсалтай нь барилга бариад дууслаа даа” гэлээ. Энэ сургуулийн дээвэр дээрх цас хайлаад доош гоожиж байгаа тул коридортоо сав суулга тавин тосож байгаа аж.
Уг нь бол нэг хувин замын хар байхад л шийдэгдэх асуудал. Гэвч багш нар засварын мөнгө гээд сууж байгаа бололтой. Мөсөн каток өвөлжин ажиллуулаад орсон орлого байдаг бол дээврээ бөглөчихөж болмоор л санагдсан даа. Дээрх барилгын компанийн ганц нэг хүнтэй уулзлаа. Тэдгээр хүмүүс “Сургууль газраа мэдэж л байсан юм бол барилга барьж байх үед дуугарах нь яасан юм бэ. Одоо мянга дуугараад нэмэргүй″ гэлээ.
Үнэхээр тэр барилгыг нураалтай биш. “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв″ гэгч л болж байгаа бололтой. Ерөнхийдөө 48 дугаар сургуулийн газрыг өмнөх захирал Баттөр л сүйд хийжээ. Барилга барьж байх үед багш нар яагаад дуугүй байв гэдэг асуулт гарч ирлээ. Баттөр захирал “Багш нарын нийгмийн асуудлыг сайжруулах, шийдэх үүднээс газраа өгсөн” гэсэн тайлбар өгч байжээ.
Гэтэл багш нар хоосон хоцорсон юмсанж. Тэгээд өмнөх захирал Баттөрийгөө сургуулийн газар зараад баахан мөнгөжөөд бултчихсан гэж бодоод байгаа бололтой. Чингэс хааны эзэнт гүрэн гэдэг газрын зураг шиг талбай нь жижгэрсэн 48 дугаар сургууль маш сайхан цэцэрлэгтэй байжээ. Тэр сайхан цэцэрлэгийг нь О.Содбилэг юу ч үгүй булга татсан гэнэ. Багш нар “Манай газар дээр барилга барьсан компаниуд нөхөн төлбөр өгч болдоггүй юм уу. Тэгвэл тэр мөнгөөр сургуулийнхаа дээврийг засмаар байна” гэлээ.
Дээрх компаниуд болохоор “Чин үнэнийг хэлэхэд сургуулийн удирдлага, хотын захиргаатай ярьсны үндсэн дээр л газар авна шүү дээ. Түүнээс биш “Жигүүр гранд” групп хүүхдийн газраас булаагаагүй″ гэсэн юм. “Би чамд хайртай″ кино дээр “Яг үнэндээ Баяраа өөрөө ширээн дээрээс уначихсан” гэдэг шиг 48 дугаар сургуулийн удирдлага л газраа өгөх зөвшөөрөл өгсөн юм билээ. Тэгсэн хэрнээ “Энэ хотын захиргаа сургуулийн газар авчихлаа. Бид яаж ч чадсангүй″ гэж зар тараана.
“Урлан бүтээх төв″ хойд талдаа их сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй байлаа. Тэр сайхан газрыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хүрд” компани үгүй хийгээд орон сууцны хотхон барьсан. Хэн ч уурлаагүй, хэн ч тэмцээгүй. Тэр үед тус төвийн захирал, Б.Цэрэндорж “Хотын захиргаа газрыг маань булаагаад авчихлаа. Мань мэтийн мэдэл чадал хүрэх биш” гээд л сууж байсан.
Мөн гуравдугаар сургууль эргэн тойрон дахь газраа “мөлжүүлж” дуусаад өөрөө нэг юм үлдсэн харагдав. 56 дугаар сургууль л гэхэд “Орчлон” констракшнд сургуулийн байдаг газрыг харсаар байгаад алдлаа. Хариуд нь “Орчлон” констракшн сургуулийн ойр тойрныг тохижуулж өгч байгаа гэнэ. Газраа булаалгасан захирал нь “Орчлон” констракшны ач буянд талархаж байгаагаа илэрхийлээд сууж байх жишээтэй.
Сургуулийнхаа биеийн тамирын талбайг булаалгасан гэх жишээ хэдэн мянга бий. “Урлан бүтээх төв″-ийн дээрэмдүүлсэн гэх газар л хотын А зэрэглэлд багтана. Ийм хэмжээний газрыг дуудлага худалдаанд оруулбал дор хаяж гурван тэрбум төгрөгөөр зарагдана гэх юм билээ. Сургуулийн биеийн тамирын газар дунджаар 200 сая төгрөг хүрдэг гэх яриа байдаг юм.
Сургуулийн газрыг яаж зардаг вэ гэх асуулт гарч ирнэ. Сургуулийн захиргаа хавар намар гэнэт хашаагаа багасгана. Тэгээд гаргасан талбайгаа хашаалж авто зогсоол болгоно. Энэ үед хашаанд гэр, контейнер тавьж эхэлдэг байна. Тэр газрыг нэг хэсэг мартуулж, бусдын нүдэнд дасгадаг. Урин дулаан цагаар маналзтал барилга барьж намар хүүхдүүд хичээлдээ ирэхэд биеийн тамирын талбай орон сууц болчихсон байдаг байна.
Сургуулийн мэдлийн газарт орон сууц бариад байгаа талаар БСШУ-ы сайд Ё.Отгонбаяртай уулзлаа. Тэрээр “Сургуулийн ойр орчим газар барилга барихгүй байх, газар олгохгүй гэсэн гэрээг хотын захиргаатай хийсэн. Одоо байгаа зөрчил бол олон жилийн өмнөх асуудал. Хууль хяналтын байгууллагаар л шийдүүлэхээс өөр арга байхгүй. БСШУЯ очоод барилга зогсоодог, нураадаг эрх мэдэл байхгүй. Өнгөрсөн зун л оюутны хотхонд барилга эхэлж байхад нь зогсоосон. Харин нэгэнт барьчихсан барилгатай ярихад хэцүү” гэлээ.
Хотын газрын алба “Сургуулийн захирал, СӨХ-д өөрийн эзэмшлийн газраа кадастрын зурагнаас таначихдаг. Тэгж байгаад барилгын компанид өгчихсөн байдаг юм” гэлээ. Иргэд болохоор асуудлын гол нь барилгын компаниудад байдаг мэтээр тайлбарладаг. Гэвч үнэн чанартаа сургуулийн удирдлага багш нарын нийгмийн асуудлыг шийдэх нэрийн дор эргэн тойрны газраа зараад орон сууц авдаг юм шиг санагдлаа. Нөгөөтэйгүүр зарим нэг сургууль дээр ногоон цэцэрлэг, тоглоом хүртэл барьж байгаад газар нутгаа хамгаалсан туршлага байдаг юм билээ шүү.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
http://www.shuurhai.mn/?p=23073
URL: