Эрүүл мэндийн яам, ХХААХҮЯ-ны аль нь буруутай вэ?
Нэг гутамшигтай зүйл хэлчихэд дэлхий дахинаа бүх улс, орон баяжуулсан хүнс хэрэглэж байхад манайд ийм хүнсний үр ашгийг мэддэг сайд дарга, эрх мэдэлтэн гэж байдаггүй ажээ. Дархлаа сайтай, эрүүл саруул иргэнтэй улс байхын тулд төрөл бүрийн аминдэмээр баялаг, витаминаар баяжуулсан хүнсийг цөцгийн тос, элсэн чихэр, гурил, сүү гээд бүх төрлийн хүсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэвтрэх ёстой. Харамсалтай нь, төр, засгаас хийнэ гэж амласан энэ ажил 2007 онд яригдаад тэр чигтээ нам дарагдсан байх юм. Учир нь, 2007 онд энэ төрлийн хууль батлагдаад ХХААХҮЯ, эсвэл ЭМЯ-нд хүнс баяжуулах ажлын 100 мянган долларыг төсөвт нь суулгаж өгөхөөр болж. Гэтэл яг үүний дараа УИХ-ын сонгууль болоод бүх хүмүүс нь орвонгоороо солигдож, энэ ажлыг хийж мэддэг хүн үлдээгүй гэж хэлэхэд болно.
Тэр цагаас хойш дахиад шинэ парламент бүрэлдэх гэж байхад өнөөдөр таван жилийн дараа дахиад л баяжуулсан хүнс хэрэглэх асуудлаар эрдэмтэд нь чуулаад сууж байх ажээ. Харин ганц нэгхээн компани нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч гэсэн үүргийнхээ дагуу өөрсдөө судалгаа шинжилгээ хийж, баяжуулсан талх, баяжуулсан гоймонг үйлдвэрлэж эхэлсэн байна. Гэтэл өдгөө ХХААХҮЯ-ныхан хүн амын хэрэглээний нийт гурилан бүтээгдэхүүний 10 хувийг баяжуулсан хэмээн хувийн компаниудын хийсэн ажлаар шоудаж явдаг гэнэ. Ийм л өрөвдмөөр дүр зураг манай улсад үүсээд байгаа юм байна. Өдгөө рахит буюу агаарын дутагдлаас болж толгой нь өвддөг, хөлөрдөг хүүхдүүдэд зориулан Д аминдэмээр баялаг сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр болжээ. Өнгөрсөн жил нэн ядуу айл өрхийн 30 гаруй хүүхдийг энэ төрлийн туршилтад оруулсан аж. Хамгийн эмгэнэлтэй нь, D3 витаминаа Хятадаас импортлон оруулж ирж Монголд баяжуулсан сүү хийхээр болсон байна. Сүү баяжуулах нь сайхан санаа. Гэхдээ дахиад меламинтай сүү шиг Монголын хүүхэд багачуудыг хооллох биш хордуулах аминдэм байвал яах вэ гэсэн айдас төрснийг ч нуугаад яахав.
Ямартаа ч дэлхийн бүх улс, оронд баяжуулсан хүнсээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэдэг бол манайд дөнгөж ганцхан нэр төрлийн гоймон, талхнаас өөр баяжуулсан хүнс байдаггүй, ийм хүнс хэрэглэх ёстой Их хурлын гишүүдээсээ эхлээд төсөв батлагчид, салбарын яамныхан нь ч мэддэгүй ажээ. Мэдсэн байлаа ч 100 мянган долларыг төсөвлүүлж аваад аль нэг яам нь төвхнүүлчихсэн ч юм бил үү, хэн мэдлээ. Аль яам нь ч бай хариуцлагагүй л байна. Баяжуулсан хүнсний талаар иргэд ч мэдлэг муутай. Энэ байдлыг нь ашиглаад төрийн өндөрлөгүүд маань бидэнд тэжээлтэй хүнс идүүлэхийг нэг их хэрэгтэй зүйл гэж үздэггүй бололтой. Магадгүй, уул уурхайн зөвшөөрөл байсан бол 2007 оноос хойш хөөцөлдөж байгаад л батлуулчихсан, үйл ажиллагаа нь эхэлсэн л яваа. Гэвч хүнс, тэр дундаа иргэдэд хамааралтай зүйл болохоор төдийлөн тоогоогүй өдий хүрсэн болов уу?
П.Сүндэр (www.wikimon.mn)
URL: