Тусгаар тогтнол чамайг 13 сая ямааны зоон дээрээс ч болохноо зарлах юмсан

Их бичгийн хүн Д.Пүрэвдорж агсны “Тусгаар тогтнол” хэмээх омог төгөлдөр найраглалыг монголчууд унших дуртай. Эрх чөлөө, тусгаар тогтнолдоо хайртай болгон, түүний үнэ цэнийг мэдэрдэг бүхэн “Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлах…”-ыг боломж бүр дээр мөрөөддөг билээ.

Дэлхийн хамгийн хүйтэн бүс нутагт амьдардаг монгол үндэстнээс  экологийн цэв цэвэрхэн нэгэн хувцсыг хүн төрөлхтөнд илгээдэг. Тэр нь ноолууран өмд, цамц бөлгөө. Норвеги, Финланд зэрэг туйлд ойрхон орнууд цааны арьсан дулаан гутлаараа алдартай. Түүн шиг зөвхөн Монголоос өөр бүс нутагт байдаггүй, орлуулж болдоггүй өвөрмөц үс ноолуур бүхий материалаар хийгдсэн хувцас хунар гадаадад эрэлт ихтэй бараанд хамаарагддаг.

Энэ чиглэлийн наймаачид “Монголын ориг ноолууран цамц” гэж бараагаа сурталддаг. Эрхэмсэг хатагтай нар Монгол гэж ямар орон байдгийг мэдэхгүй ч “Монгол ноолуур”-аа таниад авдаг болтлоо брэнд болсон манай цор ганц бүтээгдэхүүн юмсан. Ёстой дэлхийн соёлын өвд хөөмийнөөс илүүтэй энийг бүртгүүлж байгууштай.

Улс орнууд манайхаас илүү хөгжлөө гээд ямаанаас илүү сайн материал (ноолуур) гаргах боломжгүй. Гэтэл энэ давуу талаа ашиглаж, хадгалж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн нь хачирхалтай. Хамаг учир эрх баригчдад бий. Хилээр ноолуур биш ноолууран хувцас гаргадаг болчих юм бол энэ чиглэлийн дэлхийн зах зээлийг бараг дангаараа атгачих боломжтой гэлцдэг. Нэг ч атугай юмаараа босс байж яагаад болдоггүй юм.

Ноолуур тойрсон мунгинуу бодлого шийдвэр болгоны ар талд нэг жижигхэн эрх ашиг нуугдсан нь удалгүй илэрдэг ба түүнээс улбаатай хошин домгууд зохиогддог. Хамгийн наргиантай домог гэвэл эрхэм түшээд хүний хүүхдээс харамлаж ямааны хүүхдэд мөнгөн тэтгэмж өгч байлаа шүү дээ.

Манай үндэсний үйлдвэрүүд хөл дээрээ босч чадахгүй сөхрөөд хямд түүхий эд авах гэж байтал тэрнийг нь гадаадын өрсөлдөгч нар нь мөнгөөр зодоод авчихдаг. Тэгэхээр нь гадаадад түүхий эд гаргах явдалд татвар нэмээдэхсэн чинь хулгайгаар хил давах явдал замаа алдсан. Аль өндөр үнэ хэлсэнд нь бараагаа нийлүүлэх зах зээлийн жамыг малчид шаардангуут Засгийн газар хилээ нээчихэж байгаа юм. Тэгэнгүүт хятадууд орж ирээд үндэсний үйлдвэрийг будаа болгож хаяад хамаг ноолуурыг нь хамдаг. Эцсийн үр дүн нь гэвэл тухайн үед л улс төрийн нэг нам сонгуульд жаахан ахиухан санал авсан ч юм уу, үгүй ч юм уу. Жаахан мөнгөний бараа хараад манай хөдөөнийхөн хуугаар ямаачин болцгоож удалгүй хээр талд 20-30 сая түүнээс ч олон ямаа бэлчих болж Монгол орны эмзэг байгаль орчинд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн. Гэтэл бурхны гэсгээл дараалсан хөлдүүс зуд хоёр нөгөө хэдэн годронг нь аль ч үгүй хиаруулах боллоо. Атга ноолуурын цаана байгаа өр төлөөс гарз гай нь манай үндэсний аюулгүй байдалд ч заналхийлэх хэмжээний том асуудлыг үүсгэсэн. Одоо ямааны тоо толгой зохист хэмжээндээ ойртон  13 сая руу орж ирээд байна. Түүнээс ч цөөн байх ёстой. Харин ноолуурын үнэ килограмм нь 50000-аас доош унахгүй байх. Тэглээ гээд ашгийн хойноос илүү шунаж энэ амьтныг олшруулж яавч болохгүй юм билээ. Нэг толгойгоос дунджаар 250 орчим грамм ноолуур самнадаг гэхээр энэ жил 3000 гаран тонн түүхий эд бэлтгэгдэнэ. Энийгээ харин малчид үс газарт унагаахгүй хурааж авах нь тодорхой.

Саяхны мэдээгээр Хэнтий, Булган, Ховд, Увс зэрэг аймгуудад хятадууд хэдийнэ малчны хотонд яваад оччихсон урьдчилгаа мөнгө бэлнээр тараагаад эхэлжээ. Тэгэхээр ихэнх ноолуур урагшаа гарч цаашаа зах зээл дээр хувцас болохдоо өөр орны нэр дээр цоллуулах нь тодорхой боллоо. Монголын ганц брэнд дахиад л хүний нохойн хоол.

Уг нь бид өөрсдөө эндээ ноос ноолуураа угааж, утас даавуу болгох үйлдвэр нь байгаа. Бүр янзын гоё цамц малгай хийх орчин үеийн үйлдвэртэй. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж амтай болгон цэцэрхээд байхаар нь тийм үйлдвэртэй болчихсон. Тэгсэн харин ачир дээрээ төр засаг худлаа чалчиж байж. Гайхаад баршгүй сонин зах зээлийн өрсөлдөөн манай ноолууран дээр явагддаг. Коммунист Хятад, капиталист Монгол хоёр ноолууран дээр үнэ хаялцаад коммунист нь дандаа ялж илүү ашигтай ажиллачихсан байдаг. Зах зээл дөнгөж нэвтэрч байсан ерээд онд нэгдлийн малыг яаж ч тордоод байхад хорогддог харин амины мал өсөөд байсан олон жишээг бид мэднэ дээ. Уг нь тэрэн шиг л баймаар юм. Засгаасаа даалгавар авч баахан мөнгө авсан хятад доншуурууд олж авсан ноолуураа архи хүүхэн хоёроос эргүүлж тавьж туугаад дампуурчихмаар л санагддаг. Тэгдэггүй юм байна. Дэргэдэх орон маань коммунист хэвээрээг харгалзан үзэж ноолуур зэрэг онцгой объект дээр тэдэн шиг төрийн дэм хэрэг болоод байна. Төр засаг ноолуурчдаас “Миний хүүхдүүд ээ? Дэлхийн зах зээл дээр гарахын тулд яалгамаар байна. Нэрэлхэлгүй шууд хэлээрэй” гээд сууж байх ёстой байхгүй юу.

Байгаль дэлхийгээ хөнөөхөө алдан байж олдог энэ жаахан валютаа дутуу ашиглаад байна. 500 грамм ноолуураар  ямар үнэтэй цамц хийж болох вэ? Цамц хийхийн тулд арван мянгаас доошгүй хүн өндөр цалин авч ажиллах болно. Дэлхийн сая сая баячуул Монголоороо гоёно. Гоё Монгол цамц өмссөн нэр хүндтэй хүмүүс манай орныг муугаар төсөөлж бодохгүй. Цааш ухаад байвал зөвхөн ашиг л харагдаад байх юм. Малчин үндэсний үйлдвэрт ноолуураа өгөөд оронд нь утас аваад  жижиг цех нээн хувцас хийж малынхаа буянг мэдэрч болж байна. Тийм үйлдвэрлэл бидний сайн мэдэх Өмнөд Солонгост пиг дүүрэн байдаг ба манайхан тийм газарт очиж зарагддаг ш тээ. Хэдүүлээ нийлээд тэр ноос ноолуурыг нь хөдөө голын эрэг дээр угааж боловсруулаад өгвөл илүү ашиг унахаас гадна ноолуур самнах хариуцлага нь хүртэл боловсронгуй болоод явчихна. Жаахан хөдөлмөрчихвөл маш их ашигтай бизнес болохоор алхайж хэвтэх дуртай малчдыг хүмүүжүүлэх өөр нэгэн сайн тал бий.

Бүх л юмс үзэгдэл гадны хүчин зүйлээс хамааралтай. Шатахуун, эрчим хүч, төмөр ган, техник, эм тан гээд л. Тусгаар тогтнол чамайг ядахнаа ямааныхаа арьсан дээрээс ч болохноо тунхаглан зарлаж үзэх юмсан. Гоё байдаг болов уу?


URL:

Сэтгэгдэл бичих