С.Батболд & Н.Алтанхуяг
Энэ жилийн УИХ-ын сонгуулийн сурталчилгаа харьцангуй аядуухан болж байна. Гэхдээ санал хураах өдөр дөхөх тусам “дайралт” ширүүсэх хандлагатай боллоо. Нэг тийм дайралтын цэг нь МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болов. МАН, АН өчнөөн сонгуулийн ард гарсан. Нэн шинэхэн түүхэндээ янз янзын л даргатай байсан. Өрсөлдөгчөө харлуулан гутаах, доромжлон гүтгэх хар мөр хавтгайдаа шахуу байсан өнгөрсөн сонгуулиудаар хаа очиж, намуудын дарга нар луу довтлоод байх нь гайгүй байсан шиг санах юм.
Энэ жил харин МАН-ын дарга С.Батболд чулуу шидэх бай болчихсон нь гайхал төрүүлж байна. Өрсөлдөгч хүчин ямагт шүүмжлэгчийн байр суурин дээр байдаг нь сонгуулийн үед давуу тал нь болдог. Гэхдээ АН өнгөрсөн дөрвөн жилийн гуравт нь Засгийн эрхийг хамтран барилцсан болохоор Засгийг муулах нь нь өөрийнхөө толгой руу шаагаад байгаатай адил баймаар. Гэтэл тэд халбага сэрээ нэгтэй байснаа мартчихсан юм шиг “Их муу хоол хийж байжээ” гээд байгаа нь жаахан увайгүй сонсогдож л байна. Тэр ч бүү хэл 1.500.000 төгрөгийг “Эх орны хишиг” нэрээр ард иргэддээ хуваан өгөх шийдвэрийг хамтран гаргаж, хамтран хэрэгжүүлсэн атлаа “1.000.000 төгрөгийн хувьцаа бол биднийх шүү” хэмээн бүтэн еэвэнгийн талыг хулгайлж авснаа барьчихаад балайтаад байгаа нь дунд сургуулийн бацааны хүртэл инээдийг хүргэж байна.
Уг нь энэ Засгийн газрын алдаа, онооны аль алины хариуцлагыг хамтран үүрэх нь наад зах нь жудагтай, цаашилбал ёс зүйтэй улс төрийн том хүчин болж харагдмаарсан. Хийх гэснээ бүрэн хэрэгжүүлж амжаагүй, гадаад дотоод олон хүчин зүйлээс болоод дутуу дулим үлдээсэн юм аль ч Засгийн газрын үед байж л байдаг. Буруугаа ойлгож, дутуугаа дүүргэж, урагшаа явах нь хөгжил хөдөлгөөний үндэс мөн билээ. Тэгж яривал 1996-2000 онд “Ардчилсан холбоо” эвсэл засгийн эрхийг барьж ахуй самуун цагт тэднээс юун үр дүн нэхэхтэй манатай, шалавхан шиг энэ дөрвөн жил дуусаасай, сонгууль нь хурдхан болоосой, засаг төрийг самарсан энэ хэдэн нөхдөөс салах юмсан гэсэн үзэл бодолд нийгэм тэр аяараа автаж байсныг мартах болоогүй л баймаар. Өрсөлдөгч АН-ын хувьд МАН-ыг, С.Батболдыг бай болгох нь бас нэг талаар ойлгож болох л зүйл. Тэд ямар өөрсдийгөө, эсвэл ганц гишүүнтэй ИЗНН, бие дааж УИХ-ын гишүүн болсон З.Алтайг муулалтай биш.
Барьж ноцож байхад барьцтай нь МАН-аас өөр юу байхсан билээ. Гэтэл нам дотроос нь “мэс ханцуйлсан” хүмүүс тодроод байгааг яалтай. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан, дараа нь “Н.Энхбаяр намайг гадаадын Элчин, Консулд суулгаж өгнө гэсэн. Та нар яагаад миний асуудлыг шийдэхгүй байна. Хурдхан шийдэхгүй бол би хэвлэлийн бага хурал хийлээ. Та нарын муу муухайг дэлгэлээ шүү” гэж М.Энхболдыг Ерөнхий сайд байхад шантаажилж байгаад Эрээнд консулаар явсан нэг нөхөр “Батболд бол Ардын дайсан” хэмээн зарлаад унав. Сураг сонсвол бас л өөрийгөө ямар нэг албан тушаалд тавиулах “хүсэлт” гаргаад тэрийг нь С.Батболд биелүүлээгүй юм байх. “Н.Энхбаярын өрөөний үүдэнд байнга явж байдаг байсан” гэнэ. Сайд байсан хүн Ерөнхий сайдынхаа өрөөний үүдэнд очилгүй яав гэж. “Чингис” зочид буудлыг хувьчилж авсан “Алтай трейдинг”-ийнхээ өрийг Засгийн газрын хуралдаанаар шийдүүлж байхыг нь би хараад сууж байсан гэв. Хэвлэлийн албаны дарга нь Засгийн газрын хуралдаанд суудаг байх л даа.
Гэхдээ Монголын Засгийн газар нэг яамны сайдынхаа хувийн компанийн өрийг тэглэх асуудал ярьж, доошоо ордоггүй байлгүй. Хуралдааны протокол, тэмдэглэлд ийм юм огт байхгүй, тийм зүйл ерөөсөө болоогүй гэдгийг мөнөөхөн Хэвлэлийн албаны даргатай хамт хуралдаанд сууж байсан, Засгийн газрын холбогдох албан тушаалтан нь баримтаар үгүйсгэж байх юм. Нэг иймэрхүү хошин этюд аятай юм явсны ард найруулагч өөрөө л эмгэнэлтэй, инээдэмтэй харагдах юм даа. Ер нь МАХН байснаа МАН болж нэрээ сольсон биш, энэ намынхан доторх гомдогсдын бүлэг дотроос “Би МАХН-ын батлахтайгаа байгаа” гэж сайрхах, “Надад хоёулаа байна” хэмээн баярхах хүн их олон болжээ. Уг нь баярхаад баймаар зүйл биш л баймаарсан. За энэ ч яахав. Сонгуулийн өмнөх өдрүүд дуусах тийшээ хандав. МАН, АН-ын аль нэг нь Засгийн эрх барьж таараа. Эсвэл дахиад хамтарсан Засгийн газар байгуулах байх.
Сүүлчийн хувилбар магадлал илүү өндөртэй болж байх шиг байна. Ялсан намын дарга Засгийн тэргүүнээр ажилладаг ёс манайд бий. Тэгэхээр нэг бол С.Батболд улиран ажиллана, эсвэл Тэргүүн шадар буюу Засагтаа хоёрдугаар эрэмбэд байсан Н.Алтанхуяг суудал дэвшиж, засгийн тамга барина. Энэ хоёрыг харьцуулаад нэг харчихмаар санагдлаа. Өнгөрсөн жилүүд рүү эргэж харвал, дээр хэлсэнчлэн хамтарсан засгийн алдаа, оноо энэ хоёр хүнд хоёуланд нь хамаатай. Хэрвээ тусдаа хамаарна гэвэл Батболдын хийсэн бүтээсэн нь Алтанхуягийнхаас хамаагүй л жинтэй байгаа. Эдийн засгийн өсөлт 17 хувиас давсныг Засаг толгойлж байсан С.Батболдод хамаатуулахаас өөр хэнд хаяглалтай. Стратегийн томоохон ордуудыг эргэлтэд оруулах, хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах ажлыг С.Батболдын толгойлсон Засгийн газар л хийсэн. Хөрөнгийн зах зээл Монголын ирээдүйн чухал хөшүүрэг гэдгийг олж харсан нь хэн юм бэ? Дороо алттай, зэстэй, нүүрстэй Толгойнуудаас монгол хүний толгой илүү үнэ цэнэтэй гэдгийг хэн хэлж, хэн нь дэлхийн боловсролын стандартыг Монголд нутагшуулах ажлыг эхлүүлсэн бэ? Монголчууд түүхэндээ анх удаа хамгийн бага буюу жилийн 6.0 хувийн хүүтэй орон сууцанд орох боломж нээгдсэн нь хэний санаачилга юм бэ? гэх мэтийн асуултуудын ард хүссэн ч, эс хүссэн ч С.Батболдын нэр л бичигдэж таарна.
Түүнтэй үүнийг булаалцалдах хүн үгүй. Харин иргэдээ цахим үнэмлэхж үүлэх ганц ажлыг хариуцаж аваад нураачихсан хүн хэн бэ, үнэмлэхний бэлдэц нийлүүлэх тендерийг ямар ч өрсөлдөгчгүйгээр “Бодь”-д нууж өгөөд баригдчихсан нь хэн бэ? Хариулт тодорхой биз ээ. С.Батболд шиг дэл хийн гурван том хэлээр түн шүүдтэйгээ орчуулагчгүй ярьчихдаг нь хэн юм бэ? Шинэ үеийн гадаад харилцаа, гадаад улс төр, эдийн засгийн бодлогод орчуулагчгүйгээр өөрийн бодлыг илэрхийлчихдэг байх нь заавал байх шалгуур болж байна. Гэтэл Н.Алтанхуяг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссыг ахалж ажиллаад хойд хөрштэй харилцах харилцаанд томоохон нүх үүсгэчихсэнд англи байтугай орос хэлний мэдлэггүй нь сүрхий түлхэц болсон гэлцдэг. Энэ бүгдийг нуршихаа азнаж, жижигхэн харьцуулалт хийгээд үзье. Хэн нь Ерөнхий сайд байхад илүү тохиромжтой вэ? Уншигч нар өөрсдөө шүүн тунгааг.
ХЭН НЬ ЕРӨНХИЙ САЙД ВЭ?
URL: