“Алт дилерийн хэрэг” ба Монгол орныг элгээр нь хэвтүүлсэн эзэд хэн бэ?

1: Мартаж болох юм гэж бий. Бас мартаж болох­гүй зүйл ч гэж бий. Ялан­гуяа улс орон, ард түм­ний хувь заяанд ноцтой хохирол учруулсан аливаа хэрэг явдлыг бүр ч умартах ёсгүй.

Алдсан алдааг эргэн санаж, ахиж  тийм хэрэг бүү давтагдаасай гэдэг үүднээс одоогоос 20-иод жилийн өмнө Монголын эдийн засагт ноцтой хохирол учруулсан “Алт дилерийн хэрэг”-ийг сөхөхөөр шийдлээ. Иргэн та мартсанаа санаж, өнгөрснийг эргэцүүлэн бодож нэгийг тунгаагаарай.

1991 оны аравдугаар сар. Засгийн газрын Ерөнхий сайдаар Дашийн Бямбасүрэн, Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар Даваадоржийн Ганболд, Шадар сайдаар Дамбийн Дорлигжав нар ажиллаж байв.

Тухайн он бол монгол­чуудын хувьд хүнд хэцүү үе байлаа. Өргөн хэрэглээний ба­рааны хомсдол нүүрлэж, дэл­гүүрийн лангуун дээр давс­наас өөр зүйл харагдахаа болив. Ардын хувьсгалаас хойш  дутагдах гачигдах, өлсөч цангахын зовлон үзээ­гүй бид амаараа шороо үмх­сэн гэхэд болно. Ерөөсөө бүсээ чанга бүслэхээс өөр арга замгүй хар өдрүүд ингэж ирлээ.

Эрх баригчдын хувьд 20 сая малтай хоёр саяхан иргэдэд идэх махыг нь хүртэл картаар олгох болсны  учрыг нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжих үйл явцтай холбон тайлбарлаж байлаа. Одоотой харьцуулбал иргэд маань харьцангуй гэнэн итгэмтгий байсан болохоор дээрх тайлбарт нэг их гүнзгий анализ хийсэнгүй. Сайхан цаг удахгүй ирнэ гэдэг гэгээн итгэлээр өдөр хоногийг өнгөрөөж байв.

Гэтэл яг үнэн хэрэгтээ хариуц­лагагүй албан тушаалт­нуудын буруугаас болоод Монгол Улс хамаг алтаа гадагшаа алдчихжээ. Үүнээс болоод Монгол орон, монголчууд туйлдахад хүрсэн нь  тодорхой байна.

Ерөөсөө ардчиллынхан гэж өөрс­дийгөө өргөмжилдөг юм үзээгүй, боловсрол нэмгэн, ёс суртахуунгүй хэдэн хүн дилер гэдэг мөрийтэй тоглоом тоглосны гайгаар 100-гаад сая ам. доллар алдаж, барьцаанд нь 4.4 тонн алтаа тавиад туучихсан нь ингэж  илэрчээ. Монголын ард түмний өмч болох тэр их алтыг шөнөжин онгоцоор зөөж гаргасан гэдэг.

Хэн нэгэн хүн ажиг сэжиг авчих вий гэсэн шиг маш нууц байдалд үүнийг хийжээ.  Гомдмоор, харуусч халагламаар. Хамгийн ха­рамсалтай нь  улсын сан хөм­рөг хоосорсонд байгаа юм. Уг нь хүн ам цөөнтэй манай улсыг нэг хэсэгтээ элбэг аваад явчих их хэм­жээний хөрөнгө байлаа шүү дээ. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ урьд байгаагүйгээр өссөөр байгаа үед энэ алт байсан бол…? Харамсаад баршгүй.

Тухайн үед энэ хэрэг явдлын талаар олон хүн байр сууриа хатуу ширүүн илэр­хийлж байсны хам­гийн идэвхтэй хэсэг нь сэт­гүүлчдийн  бүхэл бүтэн арми байлаа. Үнэндээ тэд энэ булай асуудалтай огтхон ч эвлэрээгүй юм. Үүний ачаар л ард түмэн маань үнэн бо­дитой мэдээллийг авч, эрх баригчидтай үзэлцэхэд бэ­лэн байсан юм. Тийм ээ, олон сэтгүүлч, ялангуяа, Д.Цэмбэл, Я.Даваа, Б.Пүрэв­даш, Б.Эрдэнэбаатар, Б.Оюун­­цэцэг нар маш их зо­­риг гаргаж энэ бүхнийг илчилж байлаа.

Тухайлбал, доктор про­фес­сор, Соёлын гавьяат зүт­гэлтэн, зохиолч, сэтгүүлч Д.Цэмбэлийн 1998 онд эмхт­гэн хэвлүүлсэн “Алт ди­­лер, Ардын банк. Мөнгө цагаан, нүд улаан” номонд  “…1991 оны 10 дугаар сард Засгийн газар нэгэн хаалттай хуралдааныг яаравчлан хийл­­гэжээ. Уг хуралдааны про­­токолыг “Маш нууц” гэсэн зэрэглэлтэйгээр, эдү­гээ ч чандлан нууцалсаар байна. Энэ бол дуулиант алт дилерийн хэрэг байв.

Өчүүхэн хэсгээр нь им­портыг санхүүжүүлж, ямар ч хүнд үед улс орноо нэг хэсэгтээ аваад явчихад эл­бэг хүрэлцэхүйц 100 сая ша­хам ам.долларыг ард­чиллын толгой нь эргэсэн хэсэг бүлэг хүн дур мэдэн эцгийнхээ хөрөнгөөр туйлж сурсан айлын эрх жаалууд шиг дилер хэмээх нэг ёсны мөрийтэй тоглоомд алд­чихжээ. Энэ тухай хоёрхон хүн, тухайлбал, Монгол­банк­ны ерөнхийлөгч ноён Жаргалсайхан, Засгийн газ­рын эдийн засаг, мөнгө санхүү хариуцсан Шадар сайд Да.Ганболд хоёр л мэдэж байжээ” гэсэн хэ­сэг бий. Энэ бол ерөөсөө хөдөлшгүй баримт билээ.

Энэ бол яах аргагүй гэмт хэрэг. Бүр ноцтой хэ­рэг. Гэтэл тухайн үед Алт дилертэй холбогдсон хэл аманд өртөж байсан эрх мэ­дэлтнүүдээс хэн нь ч ха­риуцлага хүлээгээгүй.  Тийм ээ.  Ард түмний ой санамж арилаагүй гэдгийг тэр хэрэг явдлыг үйлдсэн хүмүүс өөрс­дөө  мартах учиргүй.

Тэр хүмүүс өнөөдөр УИХ-д нэрээ дэвшүүлэхээр ид завгүй явна. Тэднээс та шударга зүйл хүлээж байна уу?

¹2

“Балагтай бодлогын үр дагавар ба банкны дампуурал”

1996 онд болсон парла­ментын сонгуулиар “МҮАН, МСДН-ын Ардчилсан хол­боо” эвсэл 50 суудал авч олонх боллоо. Ингэж тэ­дэнд эрх мэдлээ дангаараа хэ­рэгжүүлэх түүхэн бо­лом­жийг сонгогчид олгосон юм. Гэвч тэд тэр их итгэлийн ха­риуд ямархуу “бэлэг” барьс­ны нэгэн жишээг одоо энд өгүүлэх болно.

Уг нь эвслийн ноёдууд “Таны итгэл-Бидний зүтгэл” нэртэй их гоё уриатайгаар сонгуульд оролцсон шүү дээ. Гэвч зүтгэсэн ч юмгүй,  хөөр­хий ард түмнээ дөрвөн жил ёстой л нэг зүдрээх шиг болсон доо.

Шууд  хэлээгүй  ч “Бид­нийг сонгосны хохь” гэдэг арга барж, цөхөрч гүйцмээр хариулт хэрэгжүүлж байсан бодлогоос нь тодорхой ха­рагдаж байлаа. Түүний нэг нь дээр дурдсан нэгэн жишээ буюу эрх мэдлийн золиос болсон банкны улаан цагаан луйвар байлаа.

Тэр тусмаа томоохон банк дахь төрийн оролцоог нэ­мэгдүүлэх шаардлагатай гэдэг үндэслэлээр “Ард”, “Даат­гал” зэрэг хэд хэдэн банкийг дампууруулж, өөрс­дийн мэ­дэлд шилжүүлсэн нь Мон­голын шинэ үеийн түүхэнд хараар тэмдэглэгдэн үлджээ. Тэдгээрээс монгол­чуудын хам­гийн сайн мэддэг Ар­дын банкны луйврыг эх­лээд бүгдээрээ эргээд нэг санацгаая. Яг юу болов?

1996 оны сонгуулийн дараа эвслийнхэн сандал ши­рээгээ аваад ганц сар ч бололгүй төрийн өмчийн оролцоотой томоохон ком­паниудын захирлуудыг үг сөггүй хомроголон халж эхэл­лээ.

Тэд энэ арга хэмжээгээ туйлын муйхар, ардчил­лын биш зарчмаар хэрэг­жүүлснийг дурдах хэрэгтэй.  Энэ дайралт нь 62 хувь нь хадгаламж эзэмшигчдийн мэдэлд байдаг Ардын банкийг тойрсонгүй. Өөрөөр хэл­бэл, 1996 оны есдүгээр сараас банк, санхүүгийн тог­толцоонд бүтцийн өөрчлөлт хийх нэрээр томоохон банкуудыг атгандаа оруулах далд санаа нь Ардын банкаар ил болж эхэлсэн гэ­сэн үг. Ердөө л орлого нь зарлагаасаа их боллоо гэдэг зохиомол шалтгаар Ардын банкийг идчихсэн юм.

Тухайн үед энэ банк 130 салбартай, түүгээрээ дам­жуулж 23 мянган бай­гууллага, 300 гаруй мян­ган иргэдэд банкны бүх төр­лийн үйлчилгээ үзүүлдэг Монголын хамгийн том банк байлаа.  Ийм банк яаж ч бодсон дампуурах үндэсгүй болохыг мэргэжлийн хү­мүүс болоод сэтгүүлчид хэлж ярихаараа нэг болж байв. Тухайлбал, Ардын банк­ны ерөнхий захирал А.Цэрэндорж байхгүй ал­­дагд­­лыг бий болгож, Ардын банкийг татан буул­гасан талаар сонинд өгсөн ярилцлагадаа “Ардын банкийг 17.4 тэрбум төг­рө­гийн алдагдалд орсон гэж үзээд татан буулгалаа. Энэ нь бодит амьдралд нийцэхгүй байгаа юм.

Бид сар бүр тайлан ба­лансаа гаргаад Монгол банкинд өгдөг. Тайлан тэн­цэл гэдэг бол тэр банкны бүхий л үйл ажиллагааг харуулдаг баримт бичиг юм. 12 дугаар сарын нэгний байдлаар Ардын банк тэрбум 700 сая төгрөгийн алдагдалтай байгаа. Манайх байгуулагдсанаасаа хойш ерөө­­сөө алдагдал хүлээж бай­­­гаагүй. Харин 1996 оны есдүгээр сарын 18-нд Ардын банкийг авах гэж оролд­сон үеэс л энэ алдагдал бий болсон. Энэ бол Монгол банк­­ны ерөнхийлөгчийн ту­шаал гараад зээл олохыг зогсоосонтой холбогдон гар­сан алдагдал. Түүнээс биш 17.4 тэрбумын алдагдал гэж хаа ч байхгүй” гэж тодорхой тайлбарлаж байжээ. Үүнээс үзвэл яах аргагүй зохиомол үндэслэлээр Ардын банкны амыг барьсан байгаа юм.

Ардын банкийг хүчээр татан буулгахаас өмнө тус банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Р.Раш ийм бусармаг луйврын шинж­тэй үйл ажиллагаатай эв­лэрэхгүй байгаагаа тухайн үед хурц илэрхийлж байсан хүний нэг юм. Тэр байр суурь нь сонин хэвлэлийн шар­ласан хуудаснаа түүхийн гэрч болон үлджээ.

Хамгийн “аюултай” нь 1996 оны 12 дугаар сарын 13-ны баасан гарагт цэрэг цагдаагийн хүчээр Ардын банкийг дайран эзэлсэн юм. Энэ талаар “Үнэн” сонины 1996 оны дугаар 121-д Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Жа.Пүрэв хэрхэн бичсэнийг иш татахад хан­галттай. “…Цагдаагийн 801 дүгээр ангийн цэр­гүүд бү­хээгтэй ногоон ма­ши­наараа баасан гарагийн орой нийслэлийн гудамжаар орж ирэв. Яг л 1937 он санаанд ормоор. Тэд Ардын банк, түүний салбаруудыг бүслэн авав. Ардын банкны 516 дугаар салбарынхан тэр нэгэн баасан гарагт ажлаа хэвийн байдалд хийж байв. Гэнэт цагдаа цэрэг бүсэлж, албан хаагчдыг хаашаа ч явж болохгүйг хатуу са­нуулав. Цагдаагийнхныг Мон­голбанкныхан, бас шүү­хийн тогтоол гүй­цэт­­гэгчид дагажээ. Монгол­банк­­ны төлөөлөгчид Ардын банкийг татан буулгах тухай Монголбанкны ерөнхийлөгч Үнэнбатын тушаалыг уншиж сонсгов. Еэ базарваань, 1937 оны Дотоод яамны баривчлах бичиг санаанд орно. Тус салбарын эрхлэгч Цэнгэлээс түлхүүрийг хүчээр авлаа. Ажилчдад хөдөлмөрийн гэ­рээ гэгчийг уншиж сонс­гоод түүнийг эсэргүүцсэн хү­нийг ажил амьдралгүй болгоно гэж хатуу сануулав. Ажилтнуудыг хүнтэй уул­заж, утсаар  ярихыг хо­риглов. Эмэгтэйчүүдийг бие засахад нь ч дагаж яв­на. Хянана. Цай уухад нь жагсаалаар нь авч явна. Ийм байдлаар хорионд бай­сан Ардын банкны ал­бан хаагчид 48 цагийн турш гадаад ертөнцөөс та­сар­чээ. Тэд юуны өмнө хэвлэл мэдээллийнхэнтэй л яаралтай уулзахсан гэж ар­гаа барна. Гэтэл төр зас­гийн мэдэлд байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэдэнд үйлчлэхгүйг ухаарч, бас л 1937 оныг санахад хүргэнэ”. Жа.Пүрэв  гуайн  энэ нийт­лэл бол ерөөсөө тухайн үе болсон бодит дүр зураг.

Ардын банкийг хүчээр татан буулгаснаар хамгийн их хохирсон хүмүүс бол харилцагч хадгаламж эзэм­шигчид. Банкийг татан буул­гахад тэнд банкны өөрийнх нь 10-аад тэрбум, мөн 22 мянган харилцагчийн гурван тэрбум  орчим төгрөг байсан. Үүнийг нэг ёсондоо төр засаг булаачихсан юм. Хохирсон иргэд шүүхэд  хандсан боловч шүүх уг хэргийг хэрэгсэхгүй болгосон хачирхалтай шийд­­вэр гаргаж билээ.

Дампууруулах   опера­цийн золиосонд нэлээд хэдэн төгрөгөө алдсан нэгэн иргэн амиа хорлохоос аргагүйд хүрсэн тухайгаа сэтгүүлчдэд ярьсан нь эрх баригчдын чихэнд хүрсэн нь мэдээж. Гэхдээ тэдэнд ард иргэдийнх нь эд хөрөнгө,  сэтгэл санааны хохирол юу ч биш байжээ. Монголын томоохон банкинд мөнгөө хадгалуулсныхаа го­ронд бие сэтгэл, эд хө­рөн­гөөрөө хохирно гэдэг ямар сайн байхав дээ. Тэнгэр хол, газар хатуу гэж тэрийг л хэ­лэх байх. Гэхдээ л ийм шийдвэрийг шүүх гаргасан. Тийм шийдвэрт хүрэх замыг зассан хүмүүс нь өнөөдөр ч суудал горилоод хэнэг ч үгүй давхиж явна.

М.Энхсайхан Засгийн газ­­­рыг хоёр жил орчим тэр­гүүлээд журмын нөхдийнхөө “ачаар” огцорлоо. Үүнд банк­ны системд хийсэн алдаа нь нөлөөлсөн нь тодорхой. Эвслийн нэр хүнд ч энэ хэрээр доошоо орсон гэдэгтэй маргалтгүй.

Гэвч дараагийн Ерөн­хий сайд Ц.Элбэгдорж “най­зынхаа” алдааг засах нь бүү хэл дордуулж давт­санаараа буруутай этгээд. Түүний Засгийн газар үүрэг гүйцэтгэсэн хугацааг эс тооц­вол албан ёсоор ердөө гуравхан сар насалсан.  Бас л банктай холбоотой асууд­лаар зам нь шулуудсан гэсэн үг. Төрийн өмчийн “Сэргээн босголт” банкийг ху­вийн өмчийн “Голомт” гэдэг жи­жигхэн арилжааны банк­ны бөөрөнд аваачиж наасан  тог­лоом нь шоглоом болсон гэсэн үг. “Өөдөө шидсэн чу­­луу өөрийн толгой дээр” гэ­дэг үг байдаг даа. Түүнтэй утга дүйхээр хэтэрхий том асуудлаар хамаагүй шунаж оролдож, увайгүй загнаж байж унах нүхээ ухсан гэсэн үг. “АХ” эвслийн хоёр дахь Засгийн газрын тэргүүн Ц.Элбэгдорж, Сангийн сайд Баабар хэмээх Батбаяр, “Го­ломт” банкны ТУЗ-ийн дарга Л.Болд нар өөрсдөдөө ашигтай наймаа хийх гэсэн биш  нэр хүндээ хадан хавцал руу түлхсэн тэр  цаг арваадхан жилийн өмнө болоод өнгөрчээ. “Сэргээн босголт” банкийг хувийн өмчийн “Голомт” банкинд ний­­лүүлсэн шийдвэрээс болж “АХ” эвслийн хоёр дахь Засгийн газар огцорсон түүхтэй. Гол нь их хэмжээний найдваргүй зээлээс болоод “Сэргээн босголт” банкны ал­­дагдал хэтэрсэн гэдэг шалт­гаа­ныг дурдаж байсан. Үнэн хэрэгтээ тэр үед эвс­лийн лидерүүд танил тал, найз нөхөд, хамаатан са­дан­даа  зээл зуучилсан нь ча­наргүйд тооцогдож, энэ банкны үйл ажиллагаанд сөргөөр нө­лөөлсөн талаар УИХ дахь цөөнх буюу МАХН-ын /МАН/ бүлэг ил тод мэдэгдэж байсны хүчинд ард түмэн бодит үнэнийг мэдсэн юм.

Банк санхүүгийн салбар гэдэг улстөрөөс ангид байх ёстой амин чухал тогтолцоо. Гэтэл энэ эмзэг салбарыг улстөржүүлж, үр дүнг нь өөрсдийнхөө эрх ашиг руу хөтлөх бодлого барьснаар тэр үеийн АХ эвслийн эрх баригчид, одоогийн АН-ийн лидерүүд  уучилж болшгүй алдаа хийсэн билээ.

¹3

Өмч хувьчлалын гажуудал буюу ард түмний амаараа шороо үмхсэн эмгэнэлт түүх

1990 он. Идэр есийн хүйтэн ид тачигнаж байсан ч Сүхбаатарын талбай олон зуун хүний хөлд дараатай өнждөг болов. Хийх байхаа олж ядсан ажилгүйчүүд биш, нийгмийн шинэчлэлийг дэмжсэн хүмүүс дийлэнх нь байсан нь мэдээж. Тэдний зорилго нь эрх чөлөөнийхөө төлөө буюу чөлөөтэй сэтгэн бодох, сурч боловсрох, биз­нес эрхлэх, ажиллаж хөдөл­мөрлөхөд оршиж байлаа.

Тэр үед төв талбайд  цуг­лан тэмцэж байсан за­лууст хойд, урд хөрш рүү ганзганд явж, гахай үүрэх эрх чөлөө олдсон боловч зах зээлийн зарчим гэх нэрийн дор задалсан социалист нийг­­мийн өмч хөрөнгөнөөс хувь хүртэх заяа олдсонгүй.  Өөрөөр хэлбэл  эмээ өвөө, ээж аавынхаа бүтээсэн бая­лагаас үр хүүхэд нь юу ч олж долоогоогүй  гэсэн үг.

Тухайн үеийн эрх ба­ригчид улсын нийт хө­рөнгөний хэмжээг гаргаад бүх иргэнд хувааж үзэхэд нэг хүнд 10000 төгрөг оногдох тооцоо гарсан юм билээ. Тэгээд түүнийгээ их, бага хувьчлал нэрээр хувь­­цаа хэлбэрээр тараах ажиллагааг эхлүүлсэн. Гэвч угаасаа бэлтгэлгүй, турш­лагагүй дээр нь мэдлэг дутуу хийсний гайгаар энэ бодлого дампуурсан гэхэд болно. Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Д. Бямбасүрэн нарын гарын үсэгтэй нэг л их цэнхэр, ягаан тасалбартай хүмүүс.  Түүний ид шидийг жирийн ард иргэд л лав хүртээгүй нь  гашуун боловч үнэн.

Их хувьчлалын цэнхэр тасалбарыг хүлээн авсан хү­мүүс “Улаанбаатар”, “Баян­­­гол” зочид буу­дал, “Говь”,“НИК”, “Улаан­баа­тар хивс”, “Гутал”, зэрэг ком­­паниудын хувьцааг ху­далдан авсан. Бодвол эдгээр аж ахуйн нэгжүүдийг их ашиг өгнө гэж итгэсэн байх л даа. Гэвч их, бага хувьч­лалын  тасалбарыг та­рааснаас хойш зургаан жил өнгөрсний дараа буюу 1997 онд нөгөө ашгаа өгнө гэж итгэсэн компаниуд нь жилд үсрээд 5000-10000 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан гэж байгаа. “НИК” ХК л гэхэд хоёр жилд 8200 төгрөгийн л ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ   ол­го­сон гэдэг. Бүтэн жилд хоёр кг гурил авах мөнгөний төлөө бид өмчөө хувьчилсан  гэж үү.

Ер нь тэгсхийгээд ногдол ашиг гэдэг хэд гурван төг­рөгөөр ам хаадаг үзэгдэл мартагдсан даа.

1990-ээд онд хэрэв өмч хувьчлалын бодлогыг зөв, шударга хэрэгжүүлсэн бол Монгол Улсын иргэн бүр өмч хөрөнгөтэй болоод зог­сохгүй  хүнсний хомсдол нүүр­лэсэн хэцүү цагийг туу­лах биш тойроод гараад ирэх боломжтой байлаа. Ха­рамсалтай нь өмч хөрөнгөн дээр сууж байсан хэдхэн эрх мэдэлтнүүд, тэдний ах дүү, хамаатан садан, найз нөхөд улсын хэдэн үйлдвэр, то­моохон обьектыг ил далд аргаар хувьдаа завшчихсан билээ.

1991 онд Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Да.Ганболдод энэ асуу­дал бүр ч их хамаатай. Энэ хүн  Монголын Үндэсний Дэвш­лийн Нам гэгчийг бай­гуулж  “улаан” либерал” үз­лийг тун­хаглаж байсныхаа хү­­чинд тухайн үеийн МоАН-ын лидерүүд болох Ц.Элбэг­дорж, Э.Бат-Үүл нарт тоог­дож  төр засгийн бод­ло­го тодорхойлох шатанд очит­лоо суга дэвшсэн юм. Даанч өргөн мэдлэг, гүнзгий туршлагад дулдуйдаж маш нарийн тооцоо судалгаатай хэрэгжүүлэх байсан өмч хувьчлалыг түргэн түүхий хийж, Монголын эдийн зас­гийг хутганы ирэн дээр аваачсан хүн.

За юутай ч 1992 оны УИХ-ын сонгуульд МАХН /МАН/ дийлэнх олонхийн са­нал авснаар өмнөх эрх ба­ригчдын осолтой тоглоом үргэлжлэх боломжгүй болсон юм. Харин 1996 онд МҮАН, МСДН-ын “Ардчилсан хол­боо” эвсэл засгийн эрхэнд гарснаар өнөөх хөл толгойгүй бодлого гаарсныг иргэд олон  санаж байгаа.

1996-2000 оны хооронд буюу  дөрвөн жилд “АХ” эвсэл дөрвөн Засгийн газ­рын нүүр үзсэн. Гэхдээ өмч хувьчлал дээр нэг л бод­­лого хэрэгжиж байсан би­лээ. Тэр бол нүдээ аниад, чихээ бөглөөд хувьдаа өмч хө­рөнгөтэй болж авцгаая гэдэг даанч увайгүй лоозон байсан юм. Үнэхээр ч энэ бодлого нь гялалзтал бүтсэн. Эвслийн эрх баригчдаас хувь­даа объектгүй хоцорсон хүн гараагүй билээ.

Эвслийн хоёр дахь Зас­гийн газрын тэргүүнээр то­ми­логдсон Ц.Элбэгдорж “Бо­роо гоулд”-тай байгуулах тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурсныхаа шанд алтан хүрээтэй шилээр ган­гартлаа баяжсаны нууцыг сэт­гүүлчид хөндөхөөрөө нэг болж байлаа. 1996 оноос хойш 1999-ны хооронд ТӨХ-ны даргаар ажилласан З. Энхболд төрийн өмчийн 14 объектыг хууль бусаар хувьчлахаар завдаж байсныг бодоход АН-ын хашрууд ард түмний хөрөнгөөр арай дэн­дүү наадаж байсан байгаа биз.

Энэ  хүн Р.Гончигдоржийн эхнэрт “Говь” комбинатын 60 хувийг үнэгүй бэлэглэж, төрсөн ахыг нь Дарханы мах комбинатын даргаар тавьсан гээд журмын нөхдөдөө мөн ч их “буян” үйлдсэн дээ. Өөрөө улсын өмчөөс нэг ч төгрөг хумслаагүй гэж ярьдаг. Тэг­сэн мөртөө “Би тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, үүний­гээ ганзагын наймаа хийж олсон” гэж одоо хэр ичих ч үгүй ярихыг нь яана.

“АХ” эвслийн эрх ба­ригчид төрийн өмчийг хувьч­лаад л байсан, хувьчлаад л байсан. Улсын төсөвт хэдий хэрийн мөнгө орж ирж байгаа нь бүү мэд. Төсвийн ажилтнууд сарын цалингаа авч чадалгүй 3-4 сар болох нь юу ч биш байсныг бодоход олигтой мөнгө төвлөрч чаддаггүй байжээ. Үнэн хэ­рэгтээ мань хашрууд маш хямд  үнээр хэдэн үндэсний үйлдвэрийг маань тарааж байсан юм билээ.

Хэдэн  тоо баримт дур­дахад “Зоос гоёл”, Бороогийн алтны уурхай, Дарханы цементийн үйлдвэр, “Алтан тариа”, “Мах импекс”, “Талх чихэр” гээд 75 аж ахуйн нэгжийг ердөө 17.6-хан тэрбум төгрөгөөр арилж­сан байдаг. Ичиж үх­мээр тоо байгаа биз. Ганц “Алтан тариаг” л гэхэд 20-иод тэрбумын үнэ хүрэх боломжтой талаар тухайн үед эдийн засагчид мөн ч их хэлсэн дээ. Гэвч нүдэн балай чихэн дүлий ардчилагчид ердөө 800-гаадхан саяар чехүүдэд өгчихсөн билээ. Шуудхан хэлэхэд луйврын аргаар буюу Монгол Улсын Засгийн газар Чехийн “Ра­мелл” компанитай нууц хэ­лэлцээ хийж, тэдний нэрлэсэн үнээр ямар ч өрсөлдөгчгүй өгнө гэдэг амандаа хүрсэн гэсэн үг.

“Мах импекс” гэдэг үндэс­ний томоохон үйлд­вэрийг эвслийнхэн 1999 онд “Женко” Х.Баттулгад бас л хууль зөрчөөд өгснийг хуудуутай хувьчлалын нэ­гэн жишээнд дурдая. 20-иод тэрбумаар үнэлэгдэх энэ аварга үйлдвэрийг  “Жен­когийн” босс хоёрхон тэр­бумаар авчихсан. Энэ хүн өнөөдөр АН-ынхандаа өрөө төлөөд завгүй явна.

Гутлын үйлдвэр гэдэг том айл  байлаа, монголд. Ха­рамсалтай нь “АХ” эвслийн шударга бус хувьчлалын зо­лиос болоод үрэн таран болсон. УИХ-ын гишүүн Б.Батбаяр худалдаж авсан гэдэг. Гэвч мань хүнд улс орныхоо эрх ашгийг бодоод үндэсний үйлдвэр чигээр нь аваад явах сэтгэл дутсан юм. Мо дарга бүх тоног тө­хөө­рөмжийг нь зарж үрээд байрыг нь хятадуудад тү­рээ­сэлж орхисон. Энэ нь эзнийхээ хармааг дүүргэхийг эс тооцвол Монгол Улсад нэмэр болж байгаа юм алга. Нөгөө хятадууд нь арьс шир угаадаг үйлдвэр ажиллуулж,  бохирыг нь  Туул гол руу юүлж байгаа талаар нэг хэсэг хэл ам гарч байсан санагдана.

Өнөөдөр АН-ыхан “эдийн засгийн хувьсгал” гэ­­дэг үгийг их ярих боллоо. Сонгуульд коко авахад тус­тай гэж найдаж байгаа нь илт. Английн аж үйлдвэрийн хувьсгалын санааг шууд тус­гасан энэ бодлогыг харин ард түмэнд эсрэгээр хүлээн авч байна. Товчхондоо шинээр үйлдвэр байгуулж ажлын байр нэмэгдүүлэх нь гэдгээсээ илүү устгаж үгүй болгосон үйлдвэрүүдээ сэргээн босгох талаар яриад байна гэж шууд ойлгогдоод байгаа юм. Тэдэнд нураана уу гэхээс бүтээн байгуулах туршлага бий гэж үү?

Ц.Жадамбаа

http://sonin.mn/news/gemt-hereg/4740


URL:

Сэтгэгдэл бичих