З.Энхболдын 24 тэрбум ба сонгуулийн автомат машин

Санал тоолох машин савалгаатай санагдлаа

Шударга сонгуулийг монголчууд хүсэн хүлээж байна. Санал тоолох машин, өндөр нууцлалтай саналын хуудас, цахим иргэний үнэмлэх зэрэг нь санал өгөхөд саадгүйгээрээ гайхагдаж байлаа. УИХ-ын гишүүн З.Энхболд АНУ-аас энэхүү машиныг оруулж ирэх санал гаргажээ. Америкийн “DOMINION VOTING” компаниас авсан машин бидний итгэж байсан шиг техникийн дэвшил биш бололтой.
Хэдхэн хоногийн өмнө Ийгл телевизээр хижээл насны нэгэн эмэгтэй санал тоолох машинд итгэхгүй байгаа тухайгаа ярьж халаглалаа. Тэр эмэгтэй саналыг хэрхэн луйвардаж болохыг нүдээрээ харсан байна. Эмэгтэйн үгэнд итгэхгүй байхын арга алга. УИХ-ын гишүүн З.Энхболд цахим үнэмлэхийн хэвлэлт, сонгуулийн хяналтын хорооны ажил, саналын хуудас үйлдвэрлэх явц,  иргэдийн бүртгэл гээд оролцохгүй зүйл үгүй. Заримдаа нотолгоогүй зүйл ярьж иргэдийг төөрөгдүүлж, сонгуулийн өмнөх сэтгэл зүйгээр тоглох үүргийг намаасаа авсан мэт. З.Энхболд гишүүн сонгуулийн үеийн дээрх сэдвээр ярьж байгаа ч ганцхан санал тоолох машины талаар ганц үг ган хийгээгүй билээ. Тэрхүү машиныг өөр улстөрийн хүчний нэгэн гишүүн санаачлан оруулж ирсэн бол санал тоолох машин З.Энхболдын шоу хийх шүүмжлэлийн бай болох байв. Харин АНУ-аас энэ машиныг авах талаар идэвхийлэн хөөцөлдсөн учраас таг дугуй тойруулан ярьж байна. Харамсалтай нь, эрхэм сонгогчид оо, санал тоолох машинд итгэлээ өгч болохгүй нь. Нэлээд маапаантай зүйл гэдгийг олж мэдлээ. Энэ компанийн машиныг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглажээ. Гэтэл санал тоолж эхэлж байхад гэнэт гацаж, сонгуулийн дүн арав хоногоор хоцорч гарч байсан гэнэ.
Жорж Буш, Альберт Горын хэн нь Ерөнхийлөгчөөөр сонгогдсоныг  10 хоногийн дараа  зарласан ажээ. Бас нэгэн маапаан байна. Нэгэн тосгоны 300 хүн санал өгснийг 4 сая хүн санал  болгон тоолж, олныг алмайруулсан гэнэ. Санал тоолох ийм гацаатай машиныг З.Энхболд гишүүн мэдсэн ч мэдээгүй мэтээр оруулж ирэв үү. Будлиантай машин “шахаж” булхай луйвар хийхээр санаархсан юм биш байгаа. Хүн хэт мэдэмхийрч, хэт цэцэрхэж, хэт шүүмжлэгчийн байр суурин дээр очихоор юу ч хийж болзошгүй гэдэг. Түүнтэй адил өнөөдрийн З.Энхболд гишүүний байр байдал санал тоолох хулхи машинаар сонгогчдын саналд засвар оруулах гээд байна уу.
Ийнхүү сэжиглэх шалтгаан олон байна. Яс юман дээрээ Америкийн компани санал тоолох машинуудад манай нөхцөлд тохирсон программ суулгасан эсэхийг нотлох баримт байхгүй. Өнөөдрийг хүртэл сонгогчдод санал тоолох машины ид шидийг үзэх байтугай барааг нь ч хараагүй. Нууцхан санал тоолох машинаа З.Энхболд гишүүн элгэндээ тэвэрч хэвтчихээд байна шүү дээ.
Бас машин их өндөр үнэтэй гэж байгаа. Үнэ хөлс нь ч яахав, саналыг маргаангүй тоолж чадвал улс орны хувь заяа шийдэх асуудалд гар татах юуны хэрэг. Хамгийн гол нь өндөр үнэтэйн хэргээ гаргаж, үнэн зөвөөр сонгогчдын саналыг тоолж чадахаа нотлох хэрэгтэй байна.
Санал буруу тоолсноос үүсэх дараагийн үр дагавар ямар их хор хөнөөлтэй билээ. Сонгогчийн итгэл, сонголтод хамгийн бүдүүлгээр зөрчиж, хүний эрх, эрх чөлөөнд халдан довтлох болно. Бид сонгуулийн дараагийн  зөрчил тэмцлийг нүдээрээ харж, биеэрээ амссан шүү дээ. Тиймээс сонгуулийн санал тоолох машины үнэн зөв эсэхийн эргэлзээг даруй гаргаж өгмөөр байна. Ялангуяа Үндэсний аюулгүй байдлыг зөвлөл анхааралдаа авч, ард түмэндээ саналаа өгөх боломжоор нь хангах хэрэгтэй юм. Хэний шахаасаар , ямар будлиан хийх гэж орж ирсэн санал тоолох машин юм билээ. Бид хардах эрхтэй. Мөн шалгуулж нотлуулахыг шаардах эрхтэй. Тэгж байж сонгогчид саналаа өгнө.
http://asunews.mn/main/news/politics/1206190033/%D0%97%D0%AD%D0%BD%D1%85%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B4%D1%8B%D0%BD-24-%D1%82%D1%8D%D1%80%D0%B1%D1%83%D0%BC-%D0%B1%D0%B0-%D1%81%D0%BE%D0%BD%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B0%D0%B2%D1%82%D0%BE%D0%BC%D0%B0%D1%82-%D0%BC%D0%B0%D1%88%D0%B8%D0%BD.html

URL:

Сэтгэгдэл бичих