А Cool: Миний хоолойнд уянгын дуу илүү тохирдог

Залуусын дунд “Ариун­заяа”, “Хоёулаа гэрлэе”, “Зөөлөн хайр”, “Энхрий”, “Аниргүй итгэл” зэрэг дуу­гаараа хүнд­лэлийг нь хү­лээ­гээд буй дуучин A Cool буюу Б.Анхбаяртай ярилцлаа.

-Хамгийн сүүлийн уран бүтээл тань “Хайртай бол эргэж хараарай” жүжгийн дуу мөн үү?

-Тийм шүү. Эрхэмээ, Шагай, Батаа гээд “Мөрөөд­лийн театр”-ын залуустай хамтарч ажилласан. Адил­хан залуу уран бүтээлчид боло­хоор “Хайртай бол эргэж хараарай” жүжгийнх нь дууг би дуулсан. Хаврын гэгэлгэн өдрүүд хэн бүхний сэтгэлд дурсамж сэргээж хонхны баяр, хайрыг эрх­гүй санаг­дуул­даг. Энэ сайхан бүх­ний тухай уг жүжигт гардаг юм. Дуу маань хит парадуудад дээгүүр яваа юм билээ.

-Амарбаясгалан тулаа­ны­хаа өмнө таны “Зөөлөн хайр” дууг сонсч анхаарлаа төвлөрүүлдэг гэсэн. Ту­лаанч хүнийг ялалтад хө­төлдөг гэхээр мундаг уран бүтээл юм даа гэж санагд­даг шүү?

-Намайг Японоос ирсний дараа “Татар ажиллагаа” киноны уран бүтээлчдийг хамруулан 25 дугаар суваг телевизийн “Их хотын үдэш” нэвтрүүлэгт оролцуулсан юм. Тэр нэвтрүүлэгт Амарбаяс­галан ах хамт орсон. Нэвт­рүүлгийн үеэр намайг дуу­даад “Чи “Зөөлөн хайр” дууг дуулдаг залуу мөн үү” гэж асуу­сан. “Тийм ээ” гэсэн чинь “Гайхамшигтай юм” гэж билээ. “Би Японд байхдаа тэр дууг чинь сонсоод эрч хүчийг ав­даг байсан. Яагаад ч юм ми­ний амьдрал ч юм шиг са­нагд­даг” гэсэн. Тулааныхаа өмнө анхаарлаа төвлөрүүлж бясал­­­гахдаа энэ дууг сонсдог бай­сан юм билээ. Тэр нэвт­рүүл­гийн үеэр иймэрхүү зүйл ярилцаад өнгөрч байсан. Мон­голынхоо нэрийг дэл­хийд дуурсгаж буй хүнд дуу­гаа­раа тайтгарал өгнө гэдэг гайхам­шиг. Урлаг өөрөө дутуу бүхнийг нөхөж өгдөг гэж боддог. Миний дууг сонсоод надад олон хүн та­ларх­сан сэтгэлээ илэрхийл­дэг. Ихэвч­лэн амьдралд нь тохиолдсон зүйл байдаг.

-Тэр сайхан урмын үг­сийг сонсоод омогшиж байв уу?

-Би өөрийгөө мундаг дуу­чин болчихсон гэж хэлэхгүй. Гэхдээ хүн урмын үгээр дутаж амьдардаг. Аль болох бие биедээ сайн сайхан үгийг харамгүй хэлцгээх юмсан гэж боддог. Урлагийг өндөр уул гээд бодоход би тэр өөд мацаж буй залуу. Тодорхой хэмжээнд миний уран бүтээл амжилттай яваад бахарх­даг. Гэхдээ үүнээс илүүг хийх хэрэгтэй. Хоёр, гурван дуу нь хит болонгуут “Би лаг” гэж хөөрөх утгагүй. Хэрэв тэгээд бодчих л юм бол газардахад амархан. Өндрөөс газарт унахад хичнээн өвдөх бол.

-Таны клипний шийдэл бусад дуучдынхаас өвөр­мөц болсон байдаг?

-Уран бүтээлээ амьд байл­гахын тулд аль болох клип­нийхээ санааг өөрөө гар­гахыг хичээдэг. Нийгэм нээлт­тэй чөлөөтэй сайхан байна. Гэх­дээ би уран бүтээлээ хэт зад­гайруулахыг боддоггүй. Жишээ нь клип дээрээ том онгоцноос буугаад, “Хаммер” жип хөлөглөж тоглохыг хүс­дэг­гүй. Өөрөө энэ бүгдийг хэрэг­лэдэггүй байж, хүний юм гуйж хүний нүдэнд тэгж хараг­дахаас эмээдэг. Үнэхээр гадны том одод шиг хувийн онгоц, машинтай байсан бол хамаа алга. Тэр бүг­дий­гээ оруулж болно. Гайхуулах гээд байгаа ч юм шиг нэг л сонин санаг­даад байдаг юм.

-Амьдралд ойр уран бү­тээл гаргахын тулд дуу­ныхаа үгийг өөрөө бичдэг үү?

-Ганцэцэг гээд бүсгүйгээр дууны үгээ бичүүлж байгаа. Гэхдээ дууны үг, аяныхаа 90 орчим хувийг нь би өөрөө зохиосон. Н.Учрал ганц хоёр дууны үг бичиж өгсөн. Ер нь бол чадварлаг яруу найрагч, хөгж­мийн зохиолчидтой ажил­­лаж бай­гаа. Өөрийн уран бүтээл гээд ая, үгээ өөрөө зохиогоод байвал нэг хэвийн уран бүтээл гарах байх гэж сэрэмжилдэг.

-Таны мэргэжил бүжиг­чин шүү дээ. Бүжгээ биш яагаад дууг нэгдүгээрт тавьсан бэ?

-Би урлагт хайртай хүү­хэд байлаа. Том болоод дуучин болно гэж боддог хүүхдүү­дийн нэг байсан. Мөрөө­дөлдөө хөтлөгдөн 2004 онд анхны уран бүтээ­лээ хийсэн. Тэгээд л уран бүтээлийн их аянд мордсон.

-”Ариунзаяа болсон ми­ний хайр…” гээд дуулахад залуус чин сэтгэлээсээ сонсч, уйлж байхыг нь харсан. Таны анхны уран бүтээл үү?

-Тэгэлгүй яахав. 2007 онд “Ариун­заяа” гээд дуу маань гарч олон залуусыг хөглөсөн байх. Тэр дуугаа гаргаад би гадагшаа хэсэг хугацаанд сурахаар явсан. Ирээд л уран бүтээлдээ шаргуу орсон.

-Анхны клипээ “Найрам­дал” зуслан дээр хийлгэж байсан санагддаг?

-Би чинь “Найрамдал” зус­ланд долоон жил гаруй багшилсан. Бүлгийн удирдагч багшаар хүүхдүүдтэй ажил­лаж байлаа. Эрэмгий насны­хаа он жилүүдийг “Най­рам­дал” зуслантай холбо­сондоо баяртай байдаг.

-Тэгэхээр өөрөө хүүх­дээрээ байж хүүхдүүдэд багшилж байж ээ?

-Ёстой л хүүхдээрээ байх­даа очиж багшилж байсан. Тэгэхэд би 17 настай байсан юм. Гэхдээ 18 настай гэж насаа нэмж багшлах эрхээ авсан. Хүүхдүүдтэй ажил­лаж байсан болохоор тэр талаа барин Их Засаг их сургуульд ажил­лаж байна.

-Таны хамгийн үнэнч фэ­­нүүд тэгвэл танай сур­гуу­­лийн оюут­нууд байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Манай сур­гууль 7000 оюутантай. Салбар сургуулиудаараа ажлаа хийгээд явж байхад оюутнууд “Та Их засаг” сур­гуульд багшилдаг юм уу, эсвэл Учрал захирлын найз болохоороо ойр ойрхон ирдэг юм уу” гэж асуу­даг юм. “Би ажилладаг” гэхээр “Өө тийм үү, танаар бахархаж байна” гэдэг.

-”Энхрий”, “Зөөлөн хайр”, “Аниргүй итгэл” гээд таны дуу­нууд дандаа хайрын сэдэвтэй. Яагаад заавал хайр дуулна гэж?

-Миний хоолойнд уянгын дуу илүү тохирдог. Иймээс хайрыг сайн сайхан талаас нь дуулахыг хүсдэг. Зарим үед гунигтай хайрын тухай хүртэл дуулдаг. Ихэнх уран бүтээл маань хайрын тухай л даа. Гэхдээ байнга хайрын тухай дуу­лаад бай­вал “Хайрын дууч” гэгдэх байл­гүй дээ. Сүүлийн үед нийгэм, залуустаа хандсан уран бүтээл хийхийг эрмэл­зэж байгаа. Хэдэн шинэ дуу­гаа анхны цомогтоо оруулна.

-Ноднин он гарангуут шинэ цомгоо гаргана гэж байсан. Өнөөдрийг хүртэл яагаад гараа­гүй байна вэ?

-Анхны цомог маань “Зөөлөн хайр” нэртэй. Ирэх есдүгээр сард цомгоо гарга­чихна байх. Он гаран­гуут цомгоо гаргана гэж байсан ч хойшилсон. Би өөрөө их тай­ван хүн. Юмыг яаравчилж сүр, сар хийх дургүй гэх үү дээ. Тохиромжтой үеийг нь хүлээх хэрэг байсан. Миний бодлоор уран бүтээлээ ард түмэндээ сайн хүргэж байж цомгоо гаргах хэрэгтэй гэж боддог.

-Дуучид цомгоо гаргаад араас нь тоглолтоор бөм­бөгддөг. Та ч мөн тэр замаар явах уу?

-Тэртэй тэргүй цомгийн дараа тоглолтын тухай яриг­даад эхлэх биз. Тоглолт өөрөө нүсэр зохион бай­гуу­лалт шаарддаг. Анхны тог­лол­тоо аятайхан олон хүнд таалагдахаар хийх ёстой. Тийм болохоор бодох зүйл их байна.

-Та бусад уран бүтээлч­дийн адил Монголдоо од байсаар байгаад дуусах уу. Уг нь олон улсад гарахад бүх зүйл нээлттэй байгаа санагдах юм?

-Таны хэлдгээр бүх зүйл нээлттэй байна. Монголын уран бүтээлчид Азид гараад дараа нь дэлхийд гарах бо­ломжтой. Манай­хан хэдэн уран бүтээлчдээ чадах­гүй гэж бодоод байдаг байхгүй юу. Гадны уран бүтээлчдийг бо­ло­­хоор мундаг гэж ойлго­чихоод өөрийн хэдэн уран бүтээлчдээ арай л дутуу үнэ­лээд байдаг юм. Энэ хэд энэ хавиараа эргэлдэж байгаад үеэ өнгөрөөгөөд дуусна гэж боддог.

Би өөрийн уран бүтээ­лээрээ хэн нэгэнтэй өрсөлд­дөггүй. Өрсөл­дөх ч шаард­ла­гагүй. Хамгийн эхэнд хувь хүн өөрийгөө ялах хэрэгтэй. Түүний дараа л дараа­гийн ялалтаа бодож төлөвлөх хэрэг­тэй.

-Дуулах таны хобби гэж дуул­сан. Хэдэн жилийн дараа хобби тань өөрчлөг­дөх юм биш биз дээ?

-Дуулах миний хобби биш. Дуу, хөгжим гэдэг миний амьд­рал. Хобби гэхээр чөлөөт цагаараа хийдэг зүйл болчих байх. Дуулна гэдэг бол арай өөр. Миний амьд­ралын жаг­саалтын хамгийн эхэнд дуу маань бичигддэг. Түүний араас олон хүсэл зорилгоо жаг­сааж болно. Хобби гэвэл нүдний шил цуглуулдаг. Ба­гаа­саа мөн малгай, тэмдэг цуглуулж ирсэн. Харин чө­лөөт цагаараа снукер бил­лиард, даам тоглох дуртай.

Э.ЭНХБОЛД


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих