АН-тай холбоотой Сонгуулийн хууль зөрчсөн гомдол гарах болжээ

Сонгуулийн үйл явц харьцангүй тайван өрнөж байна. Гэхдээ хууль зөрчсөн үйлдэл мэр сэр гарч байгаа бололтой. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хороонд нам, хүчнүүдээс гадна иргэд гомдол гаргах үзэгдэл цөөнгүй гараад байгаа  аж.
Тухайлбал, сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэхтэй холбогдсон бүхий л үйл ажиллагааг нэг бүрчлэн хуульчлан заасаар атал санаатайгаар зөрчсөн хэрэг гарсан байна.
Хан-уул дүүргийн хороо, хэсэгт оршин суудаггүй, байдаг эсэх нь тодорхой бус иргэдийн мэдээллийг цахим хуудсанд байршуулсан талаар иргэн М. Төрбат СЕХ-нд гомдол гаргажээ. Тэрбээр үүнийг санамсаргүй үйл ажиллагаа биш харин ч УИХ-ын сонгуулийн дүнд хууль бусаар нөлөөлөх, төрийн эрх мэдлийг шударга бус замаар авах гэсэн гэмт хэргийн шинжтэй, урьдаас төлөвлөсөн зохион байгуулалттай үйлдэл гэж  үзсэн байна. Түүний олж мэдсэнээр бол Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд 100 гаруй хүнийг нэмж бүртгэжээ. Энэ ажлыг 2010 онд буюу сонгууль болохоос хоёр жилийн өмнө амжуулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж. Ганхуягийн даалгавраар АН-д санал өгөх хүмүүсийг энэ дүүрэг, хорооны хэмжээнд бэлтгэж эхэлсэн гэсэн үг юм уу даа. Хамгийн ноцтой нь Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Б. Лхагважав, НИТХ-д тус намаас нэр дэвшсэн О. Даваасүрэн нарын гэр бүл шинэ гишүүнээр “бүл  нэмчихсэн” байсан гэнэ. Тэдний гэр бүлийн нэр дээр өөр хүн бүртгүүлсний цаана учир шалтгааныг олохоор шалгаж байгаа аж.

А. Туул


URL:

Сэтгэгдэл бичих