Шезофрен: ИЗ-НН-ын нэр дэвшигч МАН-ыг дэмжиж хөглөсөн нь

Дэлхийн анагаах ухаанд шезофрения хэмээн томъёолдог хийрхэх өвчин бий. Шинж тэмдэг нь голдуу хаврын улиралд илэрдэг учраас энэ өвчнийг “Хаврын синдром” ч гэж нэрлэдэг. Хүний дархлалын систем энэ үед ихээхэн сульддагаас тархи ачааллаа дийлэхгүй хямарч байгаа нь тэр л дээ. Гэхдээ шезофрения бол цэвэр өвчин. Үүнээс гадна анагаахын шинжлэх ухаанд нэр томъёолол нь баттай ороогүй хийрхлийн хэлбэр ч бас бий. Үүнийг “олдмол хийрхэл” гэж эрдэмтэд одоохондоо түр томъёолоод байгаа юм. Учир нь, “олдмол хийрхэл” нь тодорхой цаг хугацаанд, зорилготой байдгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, санаатайгаар хийрхэхийг хэлж байгаа хэрэг.

Өнгөрсөн бүтэн сайн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд Дархан, Орхон аймагт очиж иргэд, сонгогчидтойгоо уулзсан юм. Энэ үеэр олдмол хийрхлийн нэг “хэлбэр”-ийг олж харлаа. Энэ талаар бичихдээ тухайн үед болсон явдлыг дүрслэн өгүүлэхээс гадна зарим логик холбоосыг анзаарч бичье. Ерөнхий сайд Эрдэнэт хотод очсон өдрөө “Хангарьд” спорт цогцолборт иргэд, сонгогчидтойгоо уулзсан юм. Мэдээж 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-ын дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийнхээ талаар мэдээлэл хийх зорилготой. Эрдэнэтчүүд ч өөрсдийнхөө сонголт, ирээдүйдээ анхаардаг нь “Хангарьд” спорт цогцолборт олон хүн цугласнаас илт харагдаж байлаа.

Ерөнхий сайд С.Батболд, Орхон аймагт МАН-аас нэр дэвшигч Д.Дамба-Очир, О.Содбилэг нарын иргэд, сонгогчидтойгоо хийх уулзалт ч яриа хөөрөөтэй өрнүүн болж байв. Гэтэл гаднаас ИЗ-НН-аас нэр дэвшигч О.Алтанхуяг орж ирснээр байдал өөр болж хувирсан. 2012 оны УИХ-ын сонгуульд  ИЗ-НН-аас Орхон аймагт нэр дэвшигч О.Алтанхуягийг “Зэс эрдэнийн хувь”-ийг санаачлагч гэдгээр нь зарим хүн мэднэ. Ер нь бол сонгуульд өрсөлдөж байгаа хүн өрсөлдөгчийнхөө сонгуулийн сурталчилгааны арга хэмжээн дээр тууж очдог үзэгдэл ховор л доо. Гэхдээ бүр халамцуу шүү. За энэ ч яахав хувь хүний зарчим, ёс суртахуун мэдэх хэрэг болохоор ингэсгээд орхисон нь дээр. Мань эр алхсаар микрофоны өмнө очиж, үг хэлэх эрх өгөхийг хүслээ. Тухайн үед иргэд Ерөнхий сайдаас асуулт асууж байсан болохоор микрофон ч төдөлгүй олдов. Тэрээр “Эрдэнэтчүүдэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн шороон овоолгыг ашиглах эрхийг өгч, эх орныхоо баялагаас хүртэх боломжоор хангаж өгөхийг шаардаж үг хэллээ. Зарим хүн дэмжиж алга ташиж байгаа харагдав. Гэтэл ИЗ-НН-аас нэр дэвшигч маань Орхон аймагт МАН-аас нэр дэвшигч Д.Дамба-Очир, О.Содбилэг нарыг магтаж эхлэх нь тэр. Мөн Ардийн намд ч хайртайгаа илэрхийлээд ч амжив. Түүний өрсөлдөгчдөө, өрсөлдөгч намаа магтсан нь гэнэт орж ирсэн шиг нь гэнэтийн сюрприз байлаа. Үүнийг нь сонссон, удирдагчаа дэмжиж хүч нэмэхээр орж ирсэн “Зэс эрдэнийн хувь”-ийнхан энэ удаа гацаж орхив. Тэд хоёр алгаа эв хавгүй ташмар аядсанаа сонссон зүйлдээ итгэж ядан сортолзох нь өрөвдөлтэй санагдсан шүү.

Дараа нь тэрээр Ерөнхий сайдаас “Зэс эрдэнийн хувь” хөтөлбөрийг нь дэмжиж, сонгуулиас өмнө баталж өгөхийг нулимс мэлмэрүүлэн гуйхад энэ үйл явдлын хөндлөнгийн ажиглагч болсон сэтгүүлчдэд ч өрөвдмөөр санагдсан юмдаг. Хэрвээ МАН засаг барьж байхдаа энэхүү хөтөлбөрийг нь дэмжээд өгвөл, “Ардын намынхаа төлөө зүтгэе, МАН-аас нэр дэвшигчдийн төлөө зүтгэе. Энэ сонгуулиас нэрээ ч татна” гэж амлаж байв. Гэвч дараа нь жинхэнэ хийрхэл нь эхэлсэн. Ерөнхий сайд С.Батболд эр хүний нулимсыг үзсэндээ балмагдсандаа ч тэр үү, мэдэхгүй “маргааш өглөө 10.00 цагт Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт  “Зэс эрдэнийн хувь”-ийнхантай ажил хэрэгчээр уулзъя. ТЭЗҮ энэ тэр гээд бүх юмаа аваад ирээрэй” гэж зөөлөрсөн юм. Гэтэл нэр дэвшигч О.Алтанхуяг  гэнэтхэн л уурлаж, барьж буй микрофоноо Ерөнхий сайд руу шидэхээр дайрч, тэрүүгээр нэг бужигнаан болгов. Магадгүй Ерөнхий сайдыг ийм амархан уулзахыг зөвшөөрнө гэж тооцоогүй байсан бололтой. Ингэж будилсаар тэр “Маргааш 10.00 цагт Орхон аймгийн ЗДТГ-т уулзана“ гэсэн Ерөнхий сайдын гарын үсэгтэй бичиг авч байж тайвшраад гарч одов. Уулзалт ч цааш үргэлжиллээ…

Маргааш нь…

Маргааш нь Орхон аймгийн ЗДТГ-ын гадаа “Зэс эрдэнийн хувь” хөдлөгөөнийхний 50 орчим хүн ирсэн байв. Ерөнхий сайд ч амласан ёсороо 10.00 цагт ирлээ. Тэдний уулзалт ч ажил хэрэгч болж өнгөрсөн гэхэд болно. Бас ч чамгүй дотно уур амьсгалтай гэж байгаа. Жишээ нь, О.Алтанхуяг анх МАН-ын гишүүн байсан, тэднээсээ ямархан дэмжлэг авч, гуйж байснаа дурсаж, Ерөнхий сайдыг хүндэлж явдгаа илэрхийлж хамтдаа зураг авахуулсан зэргийг нь л дурдъя. Хамгийн гол нь Ерөнхий сайд С.Батболд “Зэс эрдэнийн хувь” саналыг сонсч, эхний ээлжинд “Эрдэнэт үйлдвэр”-тэй гэрээ байгуулж шороон овоолгоос дээж авч шинжлүүлье. Шинжилгээний хариунд тулгуурлаж “Зэс эрдэнийн хувь”-ийнхан ТЭЗҮ-ээ боловсруулаад ир. Дараа нь, Монгол-Оросын хамтарсан зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлье” гэсэн хариу өгсөн юм. Энэ шийдвэр ч түүнд таалагдаж байгаа бололтой их л баяртай байх шиг харагдсан. Гэвч гадаа гараад телевизийн олон камерийн өмнө очоод огт өөр хүн болж хувирсан нь гайхаад ч барахгүй сэтгэгдлийг төрүүлсэн дээ.

Өчигдөр нь л нэрээ татна, ардын намынхаа төлөө зүтгэнэ гээд байсан МАН, хэдхэн минутын өмнө л хүндэлж хайрлаж явдгаа илэрхийлээд байсан Ерөнхий сайд хоёроо эргээд шүүмжлээд эхэлсэн. Бодоод байхад “Зэс эрдэнийн хувь”-ийн О.Алтанхуягийн туйлын зорилго нь чухам юу юм бэ. Олон хүн үүнийг ойлголгүй хоцорлоо. Болж өнгөрсөн бүгдийг сэтгүүлчид мэдэж байгаа гэдгийг тэр мартсан бололтой. Үр дүнд нь бид зүгээр л нэг сонгуулийн шоу, сонгуулийн хийрхлийн үзэгч болж хоцорсон гэвэл үнэнд нийцэх байх. Ийм утгагүй, логикгүй үйл явдлыг өөрөөр юу ч гэж тайлбарлах билээ. Аа тийм, О.Алтанхуяг Ерөнхий сайдаас нааштай хариу сонссоныхоо дараа “үүц”-ээ задалсан юм байна. Тэр Эрдэнэтийн шороон овоолгыг Канадын компанитай хамтарч ашиглах талаар гэрээ хэлэлцээр хийгээд эхэлчихсэн юм билээ. Гэхдээ тэр компани нь ямар нэртэй компани юм гэхээр нэрийг нь ч мэдэхгүй цүнхээ онгичиж байгаа харагдсан. Бас тэр гэрээг хийхдээ “Зэс эрдэнийн хувь”-ийнхан 51 хувийг нь эзэмшинэ гэсэн аман тохиролцоо хийсэн юм гэнэ лээ. Эрдэнэтийнхэн үүнд нь их л сэтгэл дундуур байгаа харагдсан. Зарим нь “Алтанхуяг Эрдэнэтийн зэсийг канадуудад худалдчихаад алга болно. ИЗ-НН-аас нэр дэвшчихээд Ардчилсан намынхантай өдөржин архиддаг” гэсэн хов хүргэж байлаа.

Нар хүрээлсэн “Найрамдлын хот”-д

Цаг уурч Дархан хотод 31 градус хүрч халж байгааг орон нутгийн радиогоор анхааруулж байлаа. Гэтэл Ерөнхий сайд Дархан хотын соёлын ордны гадаахь талбайд иргэдтэй уулзахаар товлосон байв. Задгай талбайд 2000 орчим хүний суудал бэлдэж, бусад нь зогсоогоороо Ерөнхий сайдтай уулзахаар Дархан хотын МАН-ынхан төлөвлөжээ. Талбай дээр Дархан цэргийн хүрээний хүндэт харуулынхны эгнүүлж орхисон зэмсгүүд цардмал талбай дээр өрөөстэй, ойролцоо нь хэдэн болжмор сүүдэр бараадан нисч байгаа харагдана. Хэт халснаас болж нар хүрээлжээ. Энэ бол Ерөнхий сайдын цуваа ирэхээс 45 минутын өмнөх зураглал байлаа. Сэтгүүлчдийн баг түрүүлж ирээд бэлтгэлээ базааж дуусах үеэр сонгогчдын түрүүч талбай дээр ирж эхэллээ. Ингээд Ерөнхий сайдыг ирэхээс 20 минутын өмнө суудал дүүрч, зарим хүн нарны шүхэр барьсаар зогсч байгаа харагдана. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-аас Сангийн сайд, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нар Дархан-Уул аймагт нэр дэвшжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдын Дархан хотод ирж нэр дэвшигчдээ дэмжихийн зэрэгцээ, иргэд сонгогчидтой уулзаж МАН-ын тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилд юу хийв. Түүнчлэн ирэх дөрвөн жилд ямар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөөд байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Түүний тэргүүлсэн Засгийн газрын үед Дархан хот их бүтээн байгуулалт, их хөгжлийн гараанд иржээ. Яг л бэлтгэл нь ханаж, ид хав нь бүрдсэн бөх барилдахаар зэхэж байгаатай зүйрлэж болмоор. Учир нь, Дархан хот төмөр зам, автозам гээд дэд бүтэц сайн хөгжсөн газар. Мөн төвөөсөө баруун, баруунаасаа төв рүүгээ чиглэсэн урсгалын зангилаа болсон газар. Энэ хэрээр үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний агуулах бирж байгуулахад дэндүү тохиромжтой. Ингэж ч хөгжиж байгаа. Өнгөрсөн хавар Ерөнхий сайдтай Дархан-Уул аймгийн Хонгор сумын малчин айлаар ороход Хонгор сум Монгол Улсын хамгийн олон малтай сумаар тодроод байв. Дараа нь Монголд анх удаа ургамлын тос үйлдвэрлэж эхэлсэн үндэсний үйлдвэр болох “Алтан тос” ургамлын тосны үйлдвэрээр орсон. Мөн энэ Засгийн газрын үе санаачилсан “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд Дарханы хүүхдүүдэд зориулсан тараг, сүүний үйлдвэрээр орж байлаа. Нэг үгээр хэлбэл, Дархан хот үйлдвэржиж байна. Иргэд нь ч ажилтай, олон малтай ч боллоо. Газар тариалан бол тэртээ тэргүй сайн хөгжсөн газар. “Атрын III” аяны хүрээнд хамгийн их ургац хураасан нутаг бол Дархан-Сэлэнгийн сав газар шүү дээ. Үүнээс гадна Монголдоо л ганцхан Дарханы төмөрлөгийн үйлдвэр байна. Олон бүтээн байгуулалтын ажилд энэ үйлдвэрийн төмөр цувимал бүтээгдэхүүнүүдийг ашигласан, ашигласаар ч байгаа. Үүн дээр нь С.Батболдын тэргүүлсэн Засгийн газар Дархан хотод гангийн үйлдвэрлэл хөгжүүлэхээр болсон нь дарханчуудын ирээдүйг нэг мөр гэрэлтүүлсэн гэхэд болно. Ган хайлж эхэлнэ гэдэг бол тэр улсын үйлдвэржилт нэг шат ахисны илрэл. Дээр нь Монголын анхны “Нефть боловсруулах үйлдвэр”-ийн шавыг Дархан хотод тавьсан гээд бодохоор Дархан хот яах аргагүй хөгжил даллаж байна. Энэ бүхнийг бий болгоход Дархан руу чиглэсэн МАН-ын бодлого, эндээс сонгогдсон УИХ-ын гишүүд болох Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар нарын нөлөө их байсан нь тодорхой. Ерөнхий сайдын хэлснээр “Хийхийг нь бид хийлээ, аахилахыг нь харин бусад нь аахилж байна” гэсэн нь үнэн үг ажээ.

Ерөнхий сайд иргэдтэй уулзсаныхаа дараа Дархан хотын оюутан залуустай  уулзсан юм. Тэд бол ойрын ирээдүйд Дархан хотод үйл ажиллагаагаа эхлэх ган төмөрлөг, нефтийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлд ажиллах боловсон хүчнүүд билээ. 2008 онд МАН мөрийн хөтөлбөртөө эдгээр шинэ залуу хүчнийг ажиллуулах бүтээн байгуулалтын хөтөлбөрийг санал болгож сонгуульд орсон. Тэр үед Дарханы оюутнууд дөнгөж их сургуульд орж байв. Харин дөрвөн жилийн дараа сургуулиа төгсөхөд нь ажлын байр нь бэлэн эзнээ хүлээж байгаа нь МАН зөв бодлого, алсын хараатай мөрийн хөтөлбөрийн илрэл гэдэг нь харагдаж байлаа.

Х.Түвшинтөгс


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих