Хятад ажилчдад анхааруулга өглөө
БНХАУ-ын Элчин сайдын яам, НЦГ хамтран барилга дээр ажиллаж буй БНХАУ-ын иргэдтэй уулзлаа. Уулзалт ярилцлагаа Монгол Хонконгийн хөрөнгө оруулалтаар барьж буй “Шангри Ла” зочид буудлын барилгын талбай дээрээс эхэлсэн юм. “Шангри Ла” зочид буудлын барилга 7000 ам.метр зай талбайд баригдаж буй. Энэхүү бүтээн байгуулалтад монгол хятад хүмүүс хамтран оролцож байна. Энд хоёр сарын өмнө монгол хятад иргэд зодоон хийж, нийгмийн эмх замбараагүй байдлыг алдагдуулсан билээ. Энэ талаар “Хөх Монгол” бүлгэмээс мэдээлэл хийж “Хятад ажилчид нийлэн монгол залууг зодлоо. Хятадууд арматурын төмрөөр манай хоёр залууг зодож, биед нь хүнд гэмтэл учруулж тахир дутуу болгосон” хэмээсэн. Харин Монгол дахь Хятадын элчин сайдын яамны ажилтан “Зодооныг монголчууд эхлүүлсэн” гэв. Өдгөө энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд зөвхөн шүүхээс бодит үнэнийг тогтооно. Дараа нь Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт МХЕГ-ын захиалгаар барьж буй Төв лабораторийн барилга дээр очсон.
2010 онд уг барилгын ажлыг эхлүүлж байхад хятад иргэд “Скай хапермаркет”-ын хамгаалалтын албаны хоёр залууг зодсон. Хэрэг гарсны маргааш дуудлагаар ирсэн цагдаа нар мөн хятад иргэдэд зодуулан хүнд гэмтсэн билээ. Дээрх хэрэгт холбогдож танхайрсан хятад иргэдийг нутагт нь албадан буцаасан. МХЕГ-ын Төв лабораторийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж буй бөгөөд эндхийн бүх ажилтан нь хятад иргэн юм. Өдгөө барилгын ажил дуусах шатандаа оржээ. Одоо барилгын дотоод засал чимэглэлийг хийж байна. Үүнээс гадна лабораторийн тоног төхөөрөмжийг ч суурилуулж, угсарч эхэлжээ. “Шангри Ла” болон МХЕГ-ын Төв лабораторийг барьж буй хятад иргэдэд НЦГ-ын олон нийттэй харилцах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч П.Эрдэнэцэцэг мэдээлэл хийв. Цагдаагийн байгууллагын ажилтан нэн тэргүүнд гаднын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа тохиолдолд хөдөлмөр эрхлэхдээ манай улсын Үндсэн хуулийг хүндэтгэж, хууль тогтоомжийг сахин биелүүлж, монголын ард түмний уламжлал, ёс заншлыг хүндэтгэх үүрэгтэйг сануулав.
Сүүлийн жилүүдэд гадаад иргэд гэмт халдлагад өртөхөөс гадна хэрэг зөрчилд холбогдох нь өсчээ. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар энэ жилийн эхний таван сард гаднын 36 иргэн бусдын халдлагад өртсөн байна. Үүнээс хятадын 10, оросын гурав, солонгосын 12, японы хоёр, америкийн гурван иргэн халдлагад өртжээ. Гаднын иргэн халдлагад өртсөн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар буурсан байна. Харин гаднын иргэд гэмт хэрэг үйлдсэн байдлыг авч үзэхэд нэлээд өсөлттэй гарчээ. Тодруулбал, он гарсаар эхний таван сард гаднын 35 иргэн гэмт хэрэгт нэр холбогдсон байна. Эдгээрийн 16 нь БНХАУ-ын иргэн. БНХАУ-ын иргэдийн гэмт хэрэг үйлдсэн байдлыг авч үзэхэд өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн байна. Тэд ихэнхдээ залилан хийдэг аж. Мөн бусдын биед хүнд ба хөнгөн гэмтэл учруулах тохиолдол их гэнэ. Нөгөө талаар танхайн болон ашиглалтын эсрэг гэмт хэрэг үйлддэг юм байна.
Албаны хүн БНХАУ-ын иргэд гэмт хэрэгт холбогдох нь өсөөд байгаа шалтгааныг тайлбарлахдаа “Ажил олгогч байгууллага хятад иргэдэд хуулиа ойлгуулж, танилцуулдаггүй. Мөн архи их уудаг. Улмаар хүмүүстэй боловсон харилцаж чаддаггүй нь хэрэг маргаан үүсгэх шалтаг болдог” гэсэн юм. Эл мэдээллийн дараа цагдаагийн хошууч П.Эрдэнэцэг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг танилцуулсан юм. Энэ хуулиар гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суух журам, тэдний эрх, үүргийг тогтоож. хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар гаднын иргэд Монгол Улсын нутаг дэвсгэрт улстөрийн үйл ажиллагаа явуулах, түүнд элсэн орох, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргийг хориглодог. Мөн үндэстний эсрэг сурталчилгаа явуулж, үндэстэнд хохирол учруулж болох хүмүүнлэг бус шашны урсгал, хүчирхийллийн аливаа хэлбэр, садар самуун, мансууруулах бодисыг түгээн дэлгэрүүлэх нь хуульд харш.
Хятадууд ихэвчлэн зорчин өнгөрөх юм уу, жуулчны визтэйгээр манай улсад ирдэг. Тийм ч хөдөлмөр эрхлэх тохиолдол элбэг гэнэ. Үүнийг мэдээж Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар хориглосон. Түүнчлэн БНХАУ-ын төдийгүй бусад орны иргэд манай улсад хөдөлмөр эрхлэх буюу түр оршин суухдаа гудамж талбай, олон нийтийн газар зодоон хийх, хэрүүл маргаан өдөөх, бусдыг айлган сүрдүүлэхгүй байх үүрэгтэй. Үүний нэгэн адил галт зэвсэг, амьсгал боогдуулах, нулимс асгаруулах бодис зэргийг биедээ авч явах юм уу хадгалж болдоггүй. Мөн Цагдаагийн биед халдаж болохгүй ба тэдний тавьсан шаардлагыг биелүүлэх ёстой. Эцэст нь НЦГ-аас хятад иргэдэд учирч болох аюулаас хол байхын тулд юу дагаж мөрдөх ёстойг зөвлөсөн юм.
Товчхондоо, урьдчилан сэргийлэх зорилгоор дараах сэрэмжлүүлгийг өгсөн. Юуны түрүүнд гаднын иргэд гадаад паспортоо ямар ч хууль хяналтын байгууллагад хураалгаж болохгүй. Учир нь ямар ч гадаад паспорт тухайн улсынхаа өмч байдаг аж. Түүнчлэн хамт ажиллаж буй монгол иргэд, иргэний хөдөлгөөн, хэсэг бүлэг хүмүүс хууль бус шаардлага тавьж, мөнгө төгрөг нэхэх, эрх, эрх чөлөөнд нь халдахыг завдвал НЦГ-т хандахыг гэж зөвлөсөн юм.
Д.МЯГМАРЖАРГАЛ
unen.mn
URL: