Монголд аялал жуулчлалын салбар “хөгжсөн”, гэвч үнэндээ хөгжөөгүй
Монгол Улсын хөгжил уул уурхайтай салшгүй холбоотой, гагцхүү үүнээс өөр түших тулгуур үгүй гэж бид боддог болсон. Гэвч уул уурхайн баялаг их ч бай, бага ч бай хэзээ нэгэн цагт шавхагдана. Тэр цагт монголчууд уурхайн хоосон нүх, ургамал ногоо ч ургах аргагүй болтол идэгдсэн хөрс, уулын ажлын хэдэн техникээс өөр зүйлгүй хоцорч мэдэх нь.
Уул нь бидэнд өөр сонголт, эх үүсвэр байх ёстой. Түүхийн их өртөө, үзэсгэлэнт байгаль, ард түмний өвөрмөц уламжлал, амьдралын хэв маяг гээд манайд гадны жуулчдыг татах зүйл бишгүй их бий. Бүр тэдэнд зориулж бүтээхгүй байхад ч болохоор арвин соёл байгаа.
Өөрөөр хэлбэл, зөвхөн зун гэлтгүй жилийн дөрвөн улиралд Монгол Улс руу жуулчдыг татахуйц аялалын салбартай болох шаардлагатай. Монгол оронд сүүлийн жилүүдэд аялал жуулчлал нь 11 дахин өссөн нь эдийн засгийн бодит салбаруудаас хамгийн хурдан хөгжиж буй салбар юм.
Хүн төрөлхтний соёл иргэншлийн нэг хэсэг болох нүүдлийн соёлын анх үүссэн болон үлдсэн сүүлчийн голомт болохынхоо хувьд Монгол орон бүхэлдээ аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн үнэ цэнтэй нөөц газар гэж үнэлэгддэг.
Өнөөдрийн байдлаар манай улсад 127 жуулчны бааз бүртгэгдээд байна. Улаанбаатар хотын хэмжээнд 116 зочид буудалд 2000 гаруй ажиллагсад, орон нутагт 181 зочид буудал ажиллаж байна гэсэн тоо гарч байна. Эдгээрийн хүчин чадлыг нийтэд нь тооцоолбол нэг дор 150 мянган жуулчин хүлээн авах боломжтой аж.
Гэхдээ дээр дурдсан сайхан тоо баримт амьдрал дээр хэрхэн харагддаг бол. Монголд 2010 онд 158 мянга, 2011 онд 465 мянган гадаадын иргэн зочилж, есөн жилд гурав дахин өсөлт бий болсон ч өссөн тоог бусадтай харьцуулбаас ичмээр бага.
Дээрээс нь мөнөөх “их” жуулчных нь 232 мянга нь Хятадаас,109 мянга нь ОХУ-аас, үлдсэн 123 мянга орчим нь бусад орноос иржээ. Хамгийн инээдтэй нь Хятадаас ирсэн 232 мянган жуулчин нь барилгын ажилчид юм билээ, үнэндээ. Тэд Монголын эдийн засагт аялал жуулчлалыг төлөөлж орлого оруулдаггүй.
Мөн бид л тэднийг жуулчин гэж тоогоод байгаа болохоос Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гаргасан “жуулчин” хэмээх тодорхойлолтод даанч багтдаггүй. Харин ОХУ-аас ирэгсдийн хувьд ихэнх нь Улаан-Үүд, Эрхүүгээс автобус, галт тэргээр Улаанбаатарт ирж, цөөн хоноод буцдаг.
Энэ хугацаандаа хямд зочид буудлууд болон “мест”-ний орос айлд байрлаж, бага гарын наймаачдад орлого оруулдаг бол тун багахан хэсэг нь бэл, бэнчин сайтай “шинэ оросууд”. Тэд манай хамгийн үнэтэй буудалд бууж, үнэтэй дэлгүүрээр шопинг хийж, аялж, багагүй мөнгөө үлдээдэг учраас жуулчдын тоонд гарцаагүй багтана. Тиймээс оросууд бүгдээрээ цэвэр жуулчин бас л биш.
Үлдсэн 123 мянган жуулчин буюу нийт ирэгсдийн 30 хувь орчим нь гуравдагч орны иргэд буюу бидний яриад байдаг жинхэнэ жуулчид. 2.7 сая хүнтэй монголчуудын хувьд 123 мянга гэдэг тийм ч бага тоо биш. Гэхдээ л бас бусадтай харьцуулбал ичмээр.
Тухайлбал, БНХАУ 2011 онд 52.9 сая, хойд хөрш Орос 21.3 сая жуулчин хүлээж авсан. Түүнээс гадна ердөө 20 хүрэхгүй жилийн өмнө тусгаар тогтносон Казахстан жилд 3.5 сая гадаадын жуулчин, зочид хүлээж авсан байна.
Хүн амын ихэнх нь казахууд боловч соёл нь нэлээд оросжсон, байгаль нь манайхаас илүүрхэх зүйлгүй, цаг агаар нь бараг ижил. Гэсэн хэрнээ тэдний авч буй жуулчдын тоо манайхаас долоо дахин их байна.
Казахстан нь манайхыг бодвол газар зүйн байрлалын хувьд Европт арай ойр учраас Англи, Герман, Голланд, Арабын орнууд, Турк улс Казахстан руу шууд нислэг хийдэг. Казахстанчууд өөрсдөө ч гадагш их аялдаг болсон нь гадаадынхан Казахстан руу зорчих сонирхлыг өдөөх нэг хөшүүрэг болдог гэсэн.
Хүн амын хувьд манайхтай ойролцоо ч Улаанбаатар хот шиг өчүүхэн газар нутагтай Сингапур хот-улсад найман сая жуулчин очжээ. Гол хөшүүрэг нь усан тээвэр, санхүүгийн боомт улс, Азийн бар болж чадсан нь.
Вьетнамтай ойр орших, дэлхийн аялал жуулчлалын топ 20-д багтдаг Тайландад сүүлийн хоёр жил үймээн самуун дэгдэж, онгоцны буудлуудаа хаасан ч зургаан сая хүн жуулчилжээ. Тэр нь жуулчид гийчдийн аюулгүй байдалд шууд заналхийлсэн нь мэдээж байхад аялан жуулчлагчдын тоо буураагүй, өсөлтийн хувь нь л бага зэрэг доошилжээ.
Гадныхан нэг иймэрхүү. Үнэндээ энд цэвэр атаархал төрөх ёстой. Тэд яаж ингэж биднээс юм юмаараа илүү байж чадав гэдгийг олж мэдэх хэрэгтэй.
Монголд ирдэг жуулчдын тоог нэг саяд хүргэнэ гэсэн зорилт олон жил яригдаж байна. Нэг сая жуулчин Монголд ирчихвэл үнэхээр сайхан хэрэг. Гэтэл Монгол руу ирэх гэсэн жуулчдынхаа визийн урилгыг явуулах гэхээр ГХЯ-ны Консулын газар нь нэг компани өдөрт таваас илүү урилга явуулж болохгүй гэсэн журам мөрдөж байхад яаж нэг сая жуулчин авах юм бүү мэд.
Аялал жуулчлал хөгжих өөр нэг үндсэн нөхцөл нь дэлхий даяар хямд үнийн фактор болсон. 50 сая жуулчин хүлээн авдаг Хятад улс хэдий соёлын өв, цаг агаарын тааламжтай нөхцөл, зэрэглэл өндөр үйлчилгээний газруудтай ч, тийшээ зорчиход төсөр, очсоныхоо дараа аялах аялал нь хямд учраас жуулчид хэдэн арван саяараа тийш урсаж байна. Нөгөө нэг гол хүчин зүйл нь Хятадын газар зүйн байрлал.
Хятад улс аялал жуулчлалын голлох зах зээлийн орнууд болох Баруун Европ, Хойд Америкаас хол ч Азийн баруудыг багтаасан Зүүн өмнөд Ази хэмээх бэл бэнчинтэй голлох зах зээлийн орнуудтай хиллэж байдагт давуу тал нь оршино. Баруун Европ, Хойд Америкийн хувьд Хятад руу явахад “хол” хэмээх сөрөг нөлөөллийг Хятадын төр, засаг улс руугаа олон тоотой, хямд үнэтэй шууд нислэгүүд нээх бодлого хэрэгжүүлснээр шийдэж байна.
Аялал жуулчлалын үйл ажиллагаа хүлээж авах ба явуулах гэсэн хоёр хэсгээс бүтдэг. Дээр хүлээж авах аялал жуулчлалын талаар тодорхой тайлбарлалаа. Монголд хүлээж авах аялал жуулчлал салбарын 80-90 хувийг эзэлж байгаа, эдийн засгийн экспортын үйл ажиллагаа юм.
Нөгөө нэг тал нь буюу гадагш явж буй монгол иргэдийнхээ эрх, ашгийг хамгаалах, тур оператор ба аялагчийн хооронд үүсдэг харилцаануудыг зохицуулах, эдийн засгийн хувьд мөнгө гадагшилж байгаа учраас яах ёстой вэ гэх мэт шийдэгдээгүй асуудлууд бас бий.
Хэдийгээр хөгжил нь чамлалттай, жуулчдын тоо нь өчүүхэн, жуулчид хүлээж авдаг улирал нь богино, оруулж буй орлого нь бага ч аялал жуулчлал бол уул уурхай шиг эвдэн сүйтгэдэг, нөөц нь шавхагддаг бус, харин улс гүрэн, ард түмэн, байгаль дэлхий оршин тогтнож байгаа цагт хэзээ ч алга болохгүй салбар.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: