Хүний хүүхдээс хүүхдийн паркийг дээрэмдсэн ардчилагчид

Зуны зугаатай өдрүүд хичээл, сургууль амарсан сурагчид хаа очихоо мэдэхгүй гадуур тэнүүчил байна.

Арга ядахдаа боломжтой хэсэг нь компьютер тоглоомын төвд хоноглож байгаа бол ихэнх нь гудамжаар хий дэмий сэлгүүцэх нь бий. Уг нь цагийн сайханд  хүүхдүүд хүүхдийн парк руу мөр гаргаж, жим тогтоодог байсан. Харамсалтай нь, ардчилал тэднээс хүүхдийн паркийг авч одсон. Гэхдээ эцэг, эх нь нэг удаадаа 50-60 мянган төгрөг гаргах боломжтой бол тэдний өмнө хүүхдийн парк нээлттэй байж болно. Гэвч нэг өдрийн дотор энэ хэмжээний мөнгө гаргаж хүүхдээ тоглуулах эцэг Улаанбаатарт олон биш. Ганц тоглоом дээр тоглох 5000 мянган төгрөг өгөхөд ч хялбар биш. Энэ мөнгөөр цувдай гэдэсхэн авах замаар таван өдрийн хоол хийж болохоор арга ч үгүй. Хүүхдээ нэг удаа ганц тоглоомон дээр тоглуулах, таван хоног гэдэсний шөл уулгах хоёрын хооронд ямар их ялгаа байх нь ойлгомжтой шүү дээ.

Энэ бол хүүхдээс хүүхдийн паркийг дээрэмдсэний тод илэрхийлэл. Гэхдээ одоогийн Хүүхдийн соёл, амралтын хүрээлэнгийн эзэд болон Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшиж буй Лу.Болд, М.Зоригт нарын хувьд энэ бол асуудал биш. Учир нь, тэд хүүхдээ хэзээ ч өөрсдийнх нь өв хөрөнгө болох Улаанбаатарын Хүүхэд, залуучуудын соёл, амралтын хүрээлэнд тоглуулахгүй хүмүүс. Сургуулийнх нь амралтаар хилийн чинад руу амралтанд явуулж, ханиад хүрэхээр нь барууны оронд аваачиж эмчид үзүүлдэг болохоор тэр. Уг Хүүхдийн соёл, амралтын хүрээлэнгийн захирал Б.Батнягт гэхэд “Баячуудын хүүхдүүд бол манай паркаар тоож шагайхгүй шүү дээ. Тэд паркад тоглохын тулд энд ирэх бус гадагшаа нисдэг болоод удаж байна” гэж хэлж байсан удаатай. Тэгэхээр Лу.Болд, М.Зоригт нарын хувьд Хүүхэд, залуучуудын соёл, амралтын хүрээлэнгийн тоглоомын үнэ жирийн монгол айлын хүүхдүүдэд мөрөөдөөд ч дийлэхээргүй өндөр үнэтэй тусч байгааг яахан ойлгох билээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиудад “Онц авсан хүүхдийг 50 хувийн бонустай тоглуулна” гэсэн эрхийн бичгийг багш нараар нь дамжуулан өгөх болоод удаж байгаа. Хөөрхий сурагч онц сурсныхаа шагнал болгож, эрхийн бичиг хэмээн баярлаж, аав ээжийгээ дарамт оруулах нь бий. Гэтэл 50 хувь хямдарлаа, хямдарлаа гээд нэг удаа бүх тоглоомон дээр нь тоглох болбол 30 мянган төгрөг хэрэгтэй. Цаашлаад хоол идэж, ундаа ууна гээд тооцвол дахиад л багадаа 10 мянган төгрөг хэрэгтэй. Энэ бол ардчиллын үнэн төрх. Ардчилсан нийгмээс М.Зоригт, Лу.Болд нар хөрөнгө чинээ олж авсан бол бусад нь буюу нийгмийн олонх нь тэдний байгуулсан хүүхдийн паркад ч орох эрхгүйгээр амьдарч байна. Үүний цаана нөгөө хүн шиг амьдрах хүсэл, хүүхэд шиг тоглох боломж өөрөө хязгаарлагдмал байгаагийн бодит үнэн юм.

Ардчиллынхны хүүхдийн паркаар тоглосны дараагийн хамгийн том жишээ бол газрын луйвар. Ардчилсан намаас УИХ-д нэр дэвших эрхийг 20 орчим тэрбум төгрөгөөр худалдаж авсан гэх дуулианы эзэн болоод байгаа “Мон Уран”-ы Б.Наранхүү уг паркийн нэг га газрыг булаагаад авчихсан. Дараа нь нэмээр дахин нэг га газрыг өөрийн болгочихсон. Сураг сонсох нь ээ түүний мэдэлд Улаанбаатарын хамгийн ашигтай байрлалтай 30 орчим га газар байдаг тухай яриа байдаг. Гэхдээ улсад төлсөн тодорхой татвар гэж байдаггүй учраас үнэн эсэхийг нь мэдэхэд хэцүү. Гэхдээ л Хүүхэд, залуучуудын соёл, амралтын хүрээлэнгээс дээрэмдсэн газрыг нь хэн ч эргүүлэн авч дийлээгүй. Бага балчир дөрвөн хүүхэддээ тус бүрт нь тэрбум төгрөгийн үнэтэй rollse royse машин бэлэглэж байгаа түүний хувьд Монгол Улсын балчир иргэдээс тоглоомын талбайг нь булаахдаа сэтгэлээ өвтгөөгүй нь дэндүү гомдмоор. Лу.Болд, М.Зоригт нарын адил үр хүүхдээ Монголд тоглуулдаггүй болоод л Б.Наранхүү гэгч нэр дэвшигч ийм хатуу сэтгэл гаргаж чадсан байж болох юм.

Дараагийн нэг Хүүхэд, залуучуудын соёл, амралтын хүрээлэнгийн газрыг дээрэмдсэн Ардчилсан намыг санхүүжүүлэгч олигархи бол П.Цэнгүүн. Тэрбээр “Хилтон“ зочид буудлын салбарыг Монголд байгуулахаар шийдэхдээ паркийн газраас хулгайлчихсан нэгэн. Монголын хамгийн том гурилын үйлдвэр болох “Алтантариа” компанийг Ардчилсан холбоо эвслийн үед маапаантайхан шиг хувьчилж авсныхаа төлбөрийг тэрбээр өнгөрсөн хугацаанд Ардчилсан намынханд төлж яваа нэгэн. Харин хүүхдийн паркийн газраас хулгай хийж, барьж байгаа “Хилтон” зочид буудалд нь хүүхэд битгий хэл монгол хүн ч орох эрхгүй хаалттай ертөнц байх нь ойлгомжтой. Харин өнгөтэй, мөнгөтэй Ардчилсан намынхны хувьд бол өөр хэрэг. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой сүжирснийхээ хүчинд ихийг олж, олныг авч чадсан “М-Си-Эс” группынхэн ч хүүхдийн паркийн газраас авч амжсан. “Шангрила” зочид буудлыг барихын тулд. Эцсийн дүндээ энэ бүхэн луйвар. Хамгийн гол нь тэд хүний хүүхдээс хүүхдийн паркийг дээрэмдэж чадсан сэтгэлээрээ өөрийнхөө хүүхдэд хандахгүй нь ойлгомжтой. Мөн ардчиллаас ашиг хүртсэн нийгмийн цөөнхи гэдэг утгаараа монголчуудыг бултаар нь хөлжүүлж, хөгжүүлэх нь юу л бол. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд өөрсдөө л хөлжиж, өөрсдөө л Монголын үнэтэй бүхнийг дээрэмдсэн туршлагаас нь харахад шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих