Сонгуулийн мөнгө юунд зарцуулагдаад байна вэ
Жил, жилийн сонгуулийн дараа нэр дэвшигчид, нам, иргэдээс “хууль зөрчсөн” гэсэн гомдол их гардаг. Ийм эх адаггүй маргаан, тэмцэл энэ удаа ч үргэлжлэх бололтой. Сонгуулийн хууль ёсоор, СЕХ намуудад сонгуульд зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг есөн тэрбум 63.7 сая төгрөг, нэр дэвшигчид 200-300 сая төгрөг байхаар тогтоосон. Багцаагаар бодоход нэг их наяд төгрөг гэсэн үг. Бас энэ их хөрөнгийг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, уулзалт зохион байгуулах, самбар өлгөх зэрэг ажилд зарцуулахаар заасан. Яг тэгж хэлээгүй ч зарцуулж болох бусад боломжуудыг хаачихсан учраас ингэж хэлж байгаа юм. Хэрвээ нэр дэвшигч, намууд Сонгуулийн тухай хуулийн 37.15.1-37.15.3 дугаар заалтуудыг хэрэгжүүлнэ гэвэл энэ мөнгө дэндүү хангалттай мөнгө. Телевизээр гарах цаг нь хязгаартай, сонин хэвлэлд гарах нь хэмжээтэй, гудамжинд байрлуулах самбар нь тоотой. Харин хэвлэмэл материалын тоо хэмжээг заагаагүй учир сонгогчийг харин ч нэг сонин сэтгүүлээр “дараад алчих” байсан. Гэтэл хэвлэл тараагдаад байгаа юм алга. Уулзалт цуглаан ч харьцангуй цөөн болж байх шиг. Тэгсэн атлаа сонгуульд оролцож байгаа бүх субьектүүд “Мөнгө их орж байна” гэж гаслах нь сонгуулийн хууль зөрчигдөөд байгаа юм биш үү гэсэн хардлага төрүүлнэ. 2008 онд эрх баригч намууд нийлээд дөрвөн тэрбум төгрөгөөр сонгууль хийж байхад сурталчилгаагаар ёстой л “дарж алах” шахаж байж билээ. Харин энэ удаа мөнгө арай өөр сурталчилгаанд зарцуулагдаад байгаа бололтой. Гадуур “Тэр нэр дэвшигч мөнгө тарааж байна”, “Сонгогчдыг “Телевизийн ярилцлагад хамт оръё” гэж дуудчихаад ирэхэд нь “Гоо сайханд үнэгүй ор”, “Сувилалд яв” гэж байна” гэх мэтийн мэдээлэл явсаар. Ийм худал мэдээлэл цацсан хүн мэдээж тодорхой хүлээх боловч ард нь “нам” хэмээх хаалт байгаа учраас ийнхүү худал мэдээлэл цацаж явдаг бололтой. Зуучлагчаар дамжуулж “ажилд орсон” зарим товарищууд бол ямар нам, хэн гэдэг улстөрч өөрт нь ийм даалгавар өгсөн гэдгийг ч мэдэхгүй тууж яваа.
Ингээд бодохоор энэ сонгуульд нам, нэр дэвшигчид эзэн биегүй сурталчилгаа буюу “Хүнээс хүнд” аман яриагаар дамжуулдаг сурталчилгаанд ихээхэн хөрөнгө хаяж байж магадгүй юм. Нэгэнт сурталчилгаа ухуулагчдаар дамжиж явж байгаа бол тэнд хууль хэрхэн зөрчигдөж байгааг хянах боломжгүй юм.
Сонгуулийн тухай хуулийн 37.15.1-т “Сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах”, 37.15.2-т “Биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага, цайллага зэрэг сонгуулийн сурталчилгаатай холбогдсон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, “37.15.3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах”-ыг хориглоно гэжээ. Харин ухуулагчаар дамжуулсан тохиолдолд хамаатан садан нийлсэн дор хаяж 20-30 хүнийг “элсүүлэх” боломжтой юм. Энэ тохиолдолд данснаас гадуур их мөнгө эргэлдүүлэх боломж гарч ирнэ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд сонгуулийн сурталчилгааны санхүүжилт болон зардлаа ил тайлагнах ёстой. Үүний тулд сонгуулийн кампанийн үеэр намууд болон нэр дэвшигчид тусгай дансанд санхүүжилтээ төвлөрүүлж, түүнээсээ зарлагаа гаргаж байхаар хуульчилсан. Гэвч өнгөрөгч 2008 оны сонгуулийн дараа хоёрхон нам санхүүжилтийнхээ тайланг СЕХ-нд гаргаж өгсөн жишээ байна. Тайландаа Ардчилсан нам сонгуулийн хугацаанд нийт гурван тэрбум төгрөг, харин МАХН /Одоогийн МАН/ нэг тэрбум төгрөг зарцуулсан хэмээн мэдүүлжээ. Гэтэл мэдүүлсэн мөнгөний ердөө л хоёр тэрбум нь банкны дансанд байршуулжээ. Бусад нь банкны харилцахаас гадуур бэлнээр зарцуулагдсан гэсэн үг. Энэ удаа ч энэ байдал давтагдаж байж болзошгүй юм. Ухуулагчдаар дамжуулан хууль зөрчсөн нь тогтоогдлоо ч гэсэн тооцох хариуцлага нь дэндүү сул учир энэ нь бүрэн боломжтой. Сонгуулийн тухай хуульд “Сонгуулийн зардлын дээд хэмжээг хэтрүүлсэн нам, эвслийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгоно” хэмээн заасан. Харин нэр дэвшигчдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгоно гэж заажээ. Нам, эвслийг 2.8 сая, нэр дэвшигчийг 2.16 сая төгрөгөөр л торгоно гэсэн үг. Далайлт нь сүртэй ч буулт нь чанга Сонгуулийн тухай хуулиа гэж.
Х.Батсайхан
URL: