Тираннозаурус батаарыг Монголд нь буцаах талаар АНУ-ын өмгөөлөгчдийн газраас мэдээлэл хийв

АНУ-ын Нью-Йорк хотод өнгөрсөн тавдугаар сард Тираннозаурус батаар хэмээх үлэг гүр­вэлийн ясыг дуудлага худалдаанд оруулах гэж байна гэдэг мэдээ цацагд­сан юм. Түүгээр ч зог­сох­гүй уг олдворыг 1.1 сая ам.доллараар худалдсан гэж байгаа. Гэвч энэ үлэг гүрвэлийн яс Монголын хилээр хууль бусаар алдагд­сан байж магадгүй гэж манайхан үзсэн уч­раас асуудлыг хөөцөлд­сөний эцэст заргаа авсан билээ. Ингээд Тиранно­заурус батаар үлэг гүр­вэлийн яс нь Монголын говиос олдсон болохыг Америк, Канад, Мон­го­лын эрдэмтдийн хамтар­сан баг нотолсон билээ.

Харин Монголоос хул­­гайлагдсан энэхүү ди­но­­заврын ясыг эх нутагт нь буюу  Монголд буцаах тухай гомдлын дагуу АНУ-ын Өмгөөлөгчдийн газраас мэдээлэл хийсэн байна. Тэд мэдэгдэлдээ  “Тираннозаурус батаа­рыг Монголын говь цө­лөөс хулгайлж, АНУ-д хууль бусаар авчирсан” гэдгийг тодорхой дурд­жээ. Нью-Йорк хотын өм­нөд дүүргийн асуудал ха­риуцсан өмгөөлөгч Приит Барара “Динозаврын яс­ны үлдэгдэл нь монгол­чуудын түүхийн болон соёлын үнэт олдвор бө­гөөд энэ улсын түүхийн өмнөх үетэй нь хол­боо­той. Үнэт олдворыг па­леон­тологичид саяхан  Говийн их элсэн цөлөөс 1995-2005 оны үед хий­сэн малтлагаар олсон. Гэвч үүнийг Монголоос хэн нэг нь хулгайлжээ.  Тиймээс бид ийм хууль бус үйлдлийг таслан зог­соож, олдворыг эх нутагт нь буцааж өгөхийг тэсэн ядан хүлээж байна” хэ­мээн ярьжээ. Мэргэжилт­нүүдийн гаргасан урьд­чил­сан таамгаар бол Ти­ра­н­нозаурус батаарын ясыг 2010 оны гурав­дугаар сард Их Британи улсаас Америкийн талд худалдсан гэнэ. Уг үлэг гүрвэл  70 сая жилийн өмнө амьдарч байсан гэдэг мэдээлэл байна.  Динозаврын яс олдсон газрыг Их Британи хэ­мээн тэмдэглэсэн байдаг аж. Шүүхийн бичиг ба­рим­тад мэдэгдсэнээр ба­таар Нью-Йоркийн Сан­нисайд хотын Кадо­ган Тэйт урлагийн музейд хадгалаастай байжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР


URL:

Сэтгэгдэл бичих