Цагдаагийн ар гэрийнхэн 50 сая төгрөг нэхэмжлэхээ мэдэгдэв

Цагдаагийн ар гэрийн холбоо болон долдугаар сарын 1-ний үймээний үеэр амь насаа алдсан цагдаагийн ар гэрийнхэн өчигдөр мэдээлэл хийсэн юм.

Тэд 2008 оны “долдугаар сарын 1″-ний үймээний үеэр амь насаа алдсан цагдаагийн ар гэрийнхэн төрөөс хохирлоо нэхэмжлэхээ мэдэгдсэн. Мөн бусад хүмүүс нь шүүхээр хохирогч болж байхад ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан цагдаагийн ар гэрийнхнийг хохирогчоор тогтоож өгөх хэрэгтэй хэмээн мэдэгдсэн юм.

“2008 оны долдугаар сарын 1″-ний үймээний үеэр ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан н.Эрдэнэ-Очирын эхнэр Т.Ганчимэгээс дараах зүйлийг тодрууллаа.

-Та бүхэн өөрсдийгөө хохирогч хэмээн үзэж, нэхэмжлэл гаргах болсноо тайлбарлаач?
-Би бусад хүмүүс шиг хэдэн саяар нь мөнгө нэхэж, хэл ам хийж яваагүй. Их хэмжээний мөнгө нэхэхгүй, бусад хохирогч нарт өгсөн хэмжээний мөнгө нэхэмжилнэ.

Өнөөдрийг хүртэл төрдөө итгээд нэг ч үг дуугарч байгаагүй. Төр засаг биднийг харж, хандах байх гэж өдий хүртэл харсан. Гэтэл төр харж үзэх байтугай, бидний хань ижлийг дурсахгүй байна.

Миний нөхөр ард түмэн төрийнхөө төлөө ажил үүргээ гүйцэтгэж байгаад бэртэл авч амь насаараа хохирсон. Тиймээс хохирсон хүн ямар нэхэмжлэл гаргадаг түүнийг нь бодож төр, засгаас тус бүр 50 сая төгрөг нэхэмжилнэ.

-Ер нь төрөөс нөхөн олговор олгосон уу?
-Цагдаагаас тусламжийн журмаар 300 мянга гаруй төгрөг олгосон. Ажиллаж байсан байгууллагаас харж ханддаг. Харин ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан гурван цагдаагийн ар гэрийнхнийг төрөөс харж хандаж байгаа зүйл байхгүй байна. Иймээс ар гэрийн холбоотой холбогдож байгаад төрөөс нэхэмжлэл гаргахаар шийдсэн. Бид ч гэсэн хохирогчид.

-Талийгаач цагдаагийн байгууллагад ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан бэ?
-Эргүүл хамгаалалтын газарт эргүүлийн цагдаа хийж байсан. Цагдаагийн байгууллагад ажиллаад хоёр жил гаруй болж байсан юм.

-Ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан цагдаагийн ар гэрт гэр олгосон гэсэн. Та авсан уу?
-Хоёр охинтойгоо хамт ээжийндээ амьдарч байгаа. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэнд гэр олгоно гэсэн. Би тэр гэрээс татгалзсан байгаа. Яагаад гэхээр хоёр жаахан хүүхэд учраас гэрийг барьж буулгаж чадахгүй гээд татгалзсан байгаа.

-Та ямар ажил хийдэг вэ. Хоёр хүүхэд чинь хэдэн настай вэ?
- Хувийн байгууллагад ажилладаг. Том хүүхэд арван настай бага нь хоёр настай.

-Талийгаач “долдугаар сарын 1″-ний өдөр ямар гэмтэл авсан бэ?
-Тархины заадас нь зөрсөн. Мөн цусан хангамжийн дутагдал болсон.

-Бэртэл авснаас хойш хэрхэн эмчилгээ хийлгэж байв?
-Бэртэл авснаас хойш хоёр жил гаруй эмчилгээ хийсэн. Эхний гурван жилийн эмчилгээг улсаас төлбөр мөнгийг гаргаж сайн эмчилсэн. Сүүлийн хоёр жил өөрсдөө л эмчилгээний зардлаа гаргасан. Бусад цагдаа нарт ч адилхан хандсан. Харин гадаадад эмчилгээнд явсан хүмүүст арай илүү мөнгө өгсөн байх.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих