“Зуутын ногоон” ногоон биш “ХӨХ” болжээ
Америкийн эрх баригчдын хамгийн сайн хамгаалалттай мөнгө гэгдээд байгаа “зуун доллар”-ын шинэ дэвсгэрт гүйлгээнд гарлаа. Шинэ дэвсгэртийг өмнөхийн адил АНУ-ыг үндэслэгчдийн нэг Бенжамин Франклины хөрөг чимж байна. Харин гурван хэмжигдэхүүнт хамгаалалтын шинэ цэнхэр зураас гол өөрчлөлтийнх нь нэг болжээ. Хонхны зурагтай зураас нь тодорхой өнцгөөр харахад хонхнууд нь 100 гэсэн тоо болдог гэнэ. Дэвсгэртийг баруун зүүн тийш нь хазайлган харвал хонхнууд болон 100-гийн тоонууд нь дээш доош гүйн хөдөлдөг. Урагш, хойш хазайлгавал хонх ба тоонууд хоёр тийшээгээ цуглардаг. Микротехнологи ашигласнаар уг зураас нь дэвсгэрт дээр хэвлэгдээгүй, цаасанд нь сүлжигдэн хийгджээ. «Чернилийн савны дээрх хонх ч өнгөө хувиргана. Чернилийн сав нь АНУ-ын Үндсэн хууль мэтийн чухал баримтуудыг бичсэний, хонх нь эрх чөлөөний бэлгэдэл болж байна». Нэг дэвсгэртийн хэвлэлийн зардал нь 11,8 цент байгаа нь өмнөхөөс 3,2 центээр илүү. Хуучин зуутын дэвсгэртийг аажмаар гүйлгээнээс гаргахаар төлөвлөөд байгаа гэнэ. Америкийн мөнгөн тэмдэгтийн 80 хувь нь АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна гүйлгээнд байдаг. Үүнд зуутын дэвсгэрт голлодог ажээ. Хамгийн анх зуутын дэвсгэртийг 1862 онд гүйлгээнд гаргасан бөгөөд хамгийн сүүлд 1996 онд шинэчилж байжээ.
Эх сурвалж нууц.мн
URL: