Боломж олговол тэр хийж чадна
Таниж мэдэх, хамт зүтгэж явсан, удирдлагад нь ажиллаж байсан
хүмүүс түүний тухай эрч хүчтэй, шударга чанар, омголон хурц зантай
гэх үгсээр тодорхойлох вий. Энэ бүхэн үнэн. Гэхдээ би түүнийг усны
урсгал шиг гэмээр санагдав. Буцаж урсахгүй, цуцахгүй, харин хатууг
элээж мөлөөх атлаа намуухан, бас сэрүүхэн урсгал. Бодол сэтгэлээ
уудлан ярьж, ойлгуулж, үнэмшүүлэх агаад түүгээрээ бусдыг татаж,
дагуулж чадах түүний яг л урсгал шиг харьцаа улс төр болоод төрийн
ажлын туршлагадаа тулгуурлаад хачин гүн итгэл агуулах аж.
Д.Энхболдбаатар
“Өрөөлийг аялдан дагасан, өөрийн гэсэн байр суурьгүй байх нь улс төрд эмэгтэйчүүдийг хүчин мөхөсдүүлдэг” гэж үздэгээ тэр хэлсэн юм. Харин тэр хүчтэй байхыг эрмэлздэг. Хүч чадлаа өөрийн чигч зарчим, зөв байр суурь, тэр бүхнээ хамгаалж чадах тэмцэгч чанараараа бий болгодог. “Цоогий нэг зүтгэсэн л бол асуудлыг шийдэж л таарна” гэсэн итгэл үнэмшил, тов тодорхой байдал эргэн тойрныхонд нь аль хэдийнэ бий болсон байдаг юм. Дээр нь ажил хийхийн төлөө төрсөн юм шиг уйгагүй зүтгэл нь түүнийг үргэлж асуудлын гүн рүү хөтөлнө. Гүн рүү нь яргаад орчихсон ажлынхаа зөв шийдлийг тэр олон тохиолдолд гаднаас нь хараад, халгаад сууж байгаа хүмүүсээс өөрөөр гаргаж ирдэг. Энэ голдуу удирдах түвшний хүмүүст тэр болгон таалагдахгүй. Хаа газрын дарга нар мэдлэгтэй, чадвартай ажилтнуудаасаа айж, зайгаа барьж байдагдаа. Магадгүй, энэ бүхэн Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмааг чамгүй олон тохиолдлууд дээр ганцаардуулж, түүнд хатуурхал, бүр тохуурхал авчирч байсан юм. “Их ажил хийх чинь хүний дургүйг хүргэдэг юм байна” гэж аргаа баран хэвлэлд ярилцлага өгч байсныг нь ялангуяа Сүхбаатар дүүргийнхэн сайн санаж байгаа байх. Тэрээр 2004 онд энэ дүүргийн Засаг даргаар томилогдмогц ажилдаа шууд л ханцуй шамлаад орчихож. Анх түрүүн цахим засаглалыг хэрэгжүүлсэн загвар дүүрэг болох зорилт тавьсан нь түгэн дэлгэрээд одоо нийслэлд төдийгүй улсын хэмжээнд яригддаг ажил болчихсон. Тамгын газар дотроо элдэв цаас дамжуулахгүйгээр сүлжээ, харилцаа ашиглаж хурдтай ажиллах болсноос гадна хороодоо ч сүлжээнд холбожээ. Асар их цаг хугацаа хэмнэсэн, үр дүн авч үлдсэн ажил болсон юм.
“Нэг цэгийн үйлчилгээ” гэдгийг жинхэнэ санаачилсан хүн нь тэр. Ажил авсныхаа дараахан хороодоороо явж, иргэдтэй уулзаж, санал солилцоход хүн бүрийн шахуу ярьдаг юм нь хүнд суртал байлаа. Ямар нэгэн юм шийдүүлэх гээд өргөдөл өгдөг, бүтдэг юм байхгүй тухай ярьсан хүмүүс толгой сэгсрэлдэнэ. Ийм байдлыг халъя гэж шийдээд тэр нэг л өдөр Тамгын газрынхны хооллодог байсан том танхимыг чөлөөлж, иргэдээс санал хүсэлт, өргөдөл гомдол авдаг, шийдвэрлэдэг нэгжүүдээ нэг дор байрлуулсан юм. Энэ санаачилга дорхноо түгж, хамгийн түрүүнд дүүргийн Татварын хэлтэс авч хэрэгжүүлжээ. Аж ахуйн нэгжүүд хэн нэгэн хариуцсан байцаагчийн нөлөөнд орохгүйгээр, нэг цэгийн үйлчилгээний газар ирээд компьютерийн ард хэн байгаад нь татвараа төлөөд явчих нь илүү дээр байлаа. Цаашлаад бусад дүүргүүд, аймаг, сумдын захиргаа, яам, агентлагуудад хүртэл халдварласан юм. Одоо ийм цэггүй газар, байгууллага бараг байхгүй болсон.
Дүүрэг дээр очихдоо түүний авч очсон зүйл нь шударга зарчимч, хатуу шаардлагатай
байх арга барил байв. Энэ арга барил хамт олонд нь чиг баримжаа болно гэдэгт тэр огтхон ч эргэлзээгүй. Үүнийхээ хүчээр анх ажил авахад нь Улаанбаатарын 9 дүүргээс долдугаарт явж байсан Сүхбаатарыг ганц жилийн дотор гуравдугаарт жагсааж чадсан юм. Дээр нь залуу ч байж, халуун ч байж. Ямар нэгэн юм, аливаа харилцаа, ажил хэрэг хүртэл тохироо, зохицуулалт дээр явагддагийг ойлгоогүй нь магадгүй, түүний “гэнэнийх” ч байж мэднэ . Анх удаа бага биш албан тушаалд очсон нь тэр болохоор өөрт нь хүлээлгэсэн итгэлийг алдахгүй гэхдээ гагцхүү ажиллах, маш их ажил хийх ёстой л гэж бодож байж. Гэтэл Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдээс нь, намын нөхдөөс нь хүртэл ийм ч газар, тийм ч зөвшөөрөл, тендер энэ тэр яриад ороод ирдэг байж. “Юу яриад байна аа, та нар чинь? Боль л доо. Өөрсдөө иргэдээ төлөөлсөн, хариуцлагатай алба, тушаал эрхэлж байж ийм юм ярьж байхаасаа ичихгүй байна уу?” гэж загнаад гаргачихна. Ерөнхийдөө албаны хэнхэг туссан ч гэх үү дээ. “Хурлынхаа төлөөлөгчдөд би үйлчлэх ёстой байсан юм билээ л дээ. Нөгөөдүүл намайг удирддаг, огцруулах эрхтэй гэдгийг ч тунгааж ойлгоогүй байж” хэмээн инээд алдан ярьж сууна. Эрчүүд огцруулах тухай хор найруулж суухыг мэдэх байтугай маргааш хийх ажлаа л бодон гүйж явсан байдаг. Тэр өөрөө хүсэлт гаргаж өөрийгөө шалгуулав. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага түүнийг бүтэн хоёр сарын турш шалгаад, “огцрох” үндэслэл алга гэсэн дүгнэлтээ гаргасан юм. Шалгалтын дараа ИТХ-ынхан түүнд “ааш авиртай, догшин ширүүн” гэсэн буруутгал тохоосон юм. Хууль бус, танил тохой харсан хүсэлт, гуйлгыг нь зөвшөөрөлгүй, шулуун, шударга байсныг нь ингэж нэрлэсэн хэрэг байлаа. Ямартай ч Сүхбаатар дүүргийн хурал Засаг даргаа огцруулсан юм. “Гэхдээ надад санхүүг гуйвуулах ойлголт дутмаг “зөрчил” байсан юм шүү” хэмээн шударга нь дэндсэн энэ эмэгтэй өгүүлж байна. Тэр огт зүгээр суудаггүй аж. Гамшгийн үе, аюул осол, нийтийг хамарсан сүйрэл зэрэг онцгой тохиолдолд хэрэглэх учиртай Засаг даргын нөөцийн хөрөнгөөр орон гэргүй болчихсон 100-гаад иргэнд гэр олгож, Шарга морьтод шинээр суурьшсан гэр хорооллын айлуудад худаг гаргаж өгч, “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд Дамбадаржаагийн 58 дугаар сургуульд гал тогооны тоног төхөөрөмж төсөвлөжээ. Орон гэргүй, унд усгүй айлуудад тусласан нь түүний “эмэгтэй хүнийх нь дутагдал” байх л даа.
Харин Одоо “Үдийн цай” хөтөлбөрөөр 58 дугаар сургууль улсад загвар болж байгаа нь түүний гавъяа гэж хэлж болно. Энэ сургуулийн бяцхан сурагчид аль ч сургуульд байхгүй ариун цэврийн шаардлага хангасан зориулалтын сет, савлагаатай иж бүрдэл хоол иддэг. Хүүхдүүдийг хооллож байгаа нь энэ гэж төсвөөс нь хумсалж, бөөн бөөнөөр нь хордуулж, дарга цэрэггүй өөрсдөө хүртэл хордож байдаг жишээ баримтуудын дэргэд Ц.Цогцолмаагийн энэ ажилд зарчмын ялгаа бий. Нэг бодлын цайлган, гэнэхэн, зөөлхөн ч юм шиг. Нэг бол бүр эсрэгээрээ хатуу хариг, амаргүй мэт тэрээр байр сууриа ямар ч нам, ямар ч даргын өмнө харин ч нэг хамгаалан сөрдөг. Эмэгтэй хүн гэхэд арай л дэндүүдсэн хатуу хэцүүгийн дотуур тэр явж иржээ. Амьдрал ч түүнд хатуу л хандсан байдаг.
Өөрчлөн байгуулалт, ардчиллын салхи ид исгэчин, залуус шинэ соргогыг сонгож байхад аав, ээж, өвөө, эмээгийнхээ намыг сонгож орлогч гишүүнээр элссэн байна. 1998 онд МАХН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны анхны эмэгтэй нарийн бичгийн даргаар томилогджээ. Дөнгөж шинээр байгуулагдаж байгаа холбоогоо хөл дээр нь босгохыг тулд тэр яг л тээврийн жолооч шиг явжээ. Хаа байсан баруун аймгаас ирээд , онгоцноос буумагцаа говийн аймгуудруу явах фургонд аяны тоостойгоо суух нь энүүхэнд байсан гэж хуучилсан юм. Ямар ч цалингүй, шатахуун, утасны картны мөнгөнөөс өөр гар дээрээ тавих орлогогүй явж байж, МАСЗХ-г 21 аймаг, 333 суманд хөлтэй болгоход тэр идэвхитэй оролцжээ. Холбоогоо жинхэнэ утгаар нь үндэсний хэмжээний байгууллага болгосон тэр үеийнхнийг намын нөхөд ч одоо хэр “алтан үеийнхэн” гэдэг юм. Харин тэрбээр дараагийн үеийн залуус МАСЗХ-г нам руу орох, цаашлаад ажил, албан тушаалд хүрэх гишгүүр гэж бүү ойлгоосой гэж тэр санаашран ярьсан юм. Шулуун шударга, илэн далангүй хурц зан чанарыг нутаг уснаасаа өвлөж авсан гэж тэр боддог. Уулс нь сүглийлдэж, оргилууд нь шовхорсон Ховд нутгийн хүмүүс хурц ширүүн байхаас ч аргагүй гэж сэтгэдэг. Энэ зан чанарт нь дүргүйцэж дайсан болсон дарга нар байхад итгэж найдаж, түшиж тулах эгэл энгийн хүмүүс тэднээс хавьгүй их бий гэдэгт эргэлздэггүй. Дүүргийн засаг даргын албан тушаалаас нь огцруулсны дараа буюу 2008 оны орон нутгийн сонгуульд тэр Сүхбаатар дүүрэгтээ өрсөлдлөө. Нэр дэвшихийнх нь өмнө хүмүүс түүнийг “Засаг даргаас огцорсон хүн ялахгүй, нэр дэвших хэрэггүй” гэж ятгаж байжээ. Зарим нь ч түүнийг хазайсан тал руу нь түлхэж унагахыг хүсч байсан ч байж мэднэ. “Унадаг юм бол би та нартай ямар ч улс төр, ямар ч ажил, юу ч ярихгүй” гэж намынхандаа ам гараад ялагдахыг хүсдэггүй шазруун зангаараа тэр дүүргийн иргэдийнхээ өмнө дахин гарч ирсэн юм. Засаг дарга байхад нь, унаж ойчиж явахад нь үргэлж түүний зөв байсныг мэдэж, дэмжиж ирсэн иргэд түүнийг дахин босгож ирсэн юм. Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийг саналын тоогоор нь жагсаахад тэр зургадугаарт гарч ирэв. “Улс төрд би бас их тэвчээртэй байж үзсэн хүн”.
Ц.Цогзолмаа энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй. Түүнийг 2004 оны УИХ-д сонгуульд нэр дэвшүүлэхээр Сүхбаатар дүүргийн иргэд доороосоо санал гаргаад ирж. Тэгтэл тухайн үеийн намын удирдлагууд “нас чинь залуу, зүс чинь шингэн байна” гээд нэрийг нь татуулж байж. 2008 онд иргэдээс дахиад л санал гарлаа. Дүүргийн иргэдтэйгээ маш ойрхон ажиллаж байсан болохоор олон ч ажил санаачилж, бусдыг уриалан дуудаж, хөдөлгөж бужигнуулж байлаа. Дараагийн сонгуулиар энэ тойрогт намын удирдлагууд нэр дэвшиж түүнд хоёр дахь удаагаа нэр дэвших боломж олдсонгүй. “Би нэг их үнэтэй эд бишдээ иргэд нэр дэвшүүлээтэхээр нэг их нэрээ татсан хүн” гэж өөрийгөө шоолов. УИХ-д өөрсдийгөө өөр хэн нэгнээр биш, Ц.Цогзолмаагаар төлөөлүүлэхийг хүссэн иргэдийн хүсэл санал нам дээр очоод уначихдаг байлаа. Уул нь иргэдийн санал намынхаас хүчтэй, хүчинтэй байвал төрийн тогтолцоо хамаагүй эрүүл, саруул байхсан. Чухамхүү учиг зангилааны энэхэн сэжүүрт нийтгэж би УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт буюу Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч Ц.Цогзолмааг МАН-ын гэхээсээ “иргэдийн ” гэж нэрлэх нь оновчтой санагдсан юм.
“Иргэдийн” Ц.Цогзолмаа Нийслэлийн орлогчоор ажиллах хугацаандаа боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах, гэр бүлийн задралыг сааруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах, залуу эхчүүд, гэр бүлийг дэмжиж орон сууцны хөнгөлөлтэй зээлд хамруулах, залуучууд иргэдэд зориулсан ажлын байрыг олноор бий болгож гэр бүлийн орлогыг нэмэгдүүлэх ахмад настныг нийгэмшүүлэхэд чиглэсэн олон ажлаа үргэлжлүүлж, гүнзгийрүүлэх зорилгоор эмэгтэйчүүдийн нүүр царай болохоор сонгуульд өрсөлдөж байна. Нийслэлийн амаржих газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгөтэй мөнгөтэй нь шийдүүлчихсэн, төрийн зарим ажил үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх санаачилгаа ажил хэрэг болгоод, үр дүнг нь үзчихсэн , залуу гэр бүлийг дэмжих зорилгоор намынхаа мөрийн хөтөлбөрт “яслитай болох” зорилт тусгуулчихсан, сургуулийн орчныг шороогүй, ногоон байлгах байр сууриа илэрхийлчихсэн, олон жилийн настай дунд сургуулиудын барилгын суурин дээр орчин үеийн шинэ сургуулиудыг багтаамж сайтайгаар барьж байгуулах арга замыг олчихсон, хөдөлмөр эрхлэлтийг аж ахуй эрхлэлттэй нь уялдуулж шийдвэрлэх суурь судалгаагаа хийчихсэн, хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг 100 хувьд хүргэх саналуудыг намынхаа мөрийн хөтөлбөрт тусгуулжээ. Одоо түүнд гагцхүү зорьж төлөвлөсөн бүхнээ бодит ажил болгох боломж л хэрэгтэй. Боломж олговол тэр хийж чадна.
Иргэд ажил орлоготой, орон байртай, аз жаргалтай байх нь Улсын маань хөгжлийн ялангуяа хүний хөгжлийн асар том түлхүүр юм…
Ажил эрхлэлт – Амьдралын эхлэл. Нийслэлийн удирдлагаар ажиллах хугацаандаа олон иргэдэд энэ чиглэлийн ажлын байрыг бий болгож байв. Энэ ажил маань цаашид ч үргэлжлэх болно.
Хүнд сурталыг үгүй болгохын тулд нэг цэгийн үйлчилгээг Сүхбаатар дүүргийн засаг дарга байхдаа анхлан санаачлав. Одоо улс орон даяараа энэ үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг гэдэгт итгэлтэй байна.
Улаанбаатар хот Төрөх эмнэлгээр дутмаг. Олон төрөх эмнэлэг нэмж барих шаардлага байгаа, барихаар төлөвлөсөн ч гэсэн бид өөрсдийн боломжоороо одоо байгаа эмнэлэгүүдээ өөд нь татаж байх нь хамгаас чухал
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, тэднийг амьдралын баталгаатай байлгахын төлөө. Нийслэлийн засаг даргын орлогч байхдаа /2009 он/
Ард түмнээ сонсъё /2010 он/
Сурагчдын сурч боловсрох орчныг дэлхийн жишигт хүргэхийн төлөө. 3-р сургуулийн барилгыг шнэчлэх талаар тус сургуулийн хамт олонтой /2010 он/
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35-р дунд сургуулийн барилгыг шинэчлэх ажилтай танилцаж байгаа нь
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдтэй уулзаж байгаа нь
УИХ-ын 23-р тойрогт нэр дэвшигч Цэдэнбалын Цогзолмаа
URL: