Хамелон Б.Лхагважав

Урвагч, шарвагчаараа дуудуулан байж, УИХ-ын суудалд горилж буй эрхэм бол Б.Лхагважав. “Урбанек” хэмээх алаг салад шигээ олон өнгөтэй тэрбээр хаашаа ч холбирч мэдэх туйлбаргүй нэгэн. Зан ааш нь хаврын тэнгэр шиг хувьсан, өөрчлөгдөж байдгийг ойр тойрныхон нь, хамт жагсаж явсан иргэний хөдөлгөөнийхөн нь ч андахгүй. Уг нь “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважавыг сайн эдийн засагч, олон орны Үндсэн хуулийг орчуулсан гэдгээр нь хүмүүс андахгүй. Харамсалтай нь, тэр албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй “донтон” гэдэг нь үнэн байж.

Улаан өнгөний харшилтай хэмээн гудамжинд уриа, лоозон бариад тэмцэж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг гомдлоор булдаг байсан үе түүнд бий. Монголын хөгжилд эрх баригчид чөдөр, тушаа болж, ард түмний амьдрал туйлдаж, ажилгүйдэл газар авлаа хэмээн ах намыг өдөр, шөнөгүй “дарамталж” байсан туүнийг үзэл санаа нэгтэй цөөнгүй хүн дэмжиж, үйл хэргийг нь уухайлан хамтран тэмцэж байлаа.

Улс төрөөс ангид байж улс орноо “намаг”-наас гаргахын төлөө Сүхбаатарын талбайг нэг бус удаа гороолсон. Худалч хүнд МАН-ын тугийг бараг л дэвсэлж байсан нэгэн. Ганц жишээ татахад, Оюутолгойн гэрээг хамгийн ихээр эсэргүүцэж, гэрээг үзэглэсэн эрхмүүдийг шалгахыг шаардаж байсан хүн. Амнаас гарах авиа бүр нь Ардын Засгийн газрын эсрэг, тус намын нэр сүрийг шавар шавхайтай хутгах гэсэн оролдого байв. Тухайн үеийн “Айвенхоу Майнз’’ одоогийн “Оюутолгой” компанийн гадаа машин тэрэг унаган, эмх замбараагүй байдал үүсгэснийхээ төлөө цагдаагийнханд баривчлагдаж саатуулагдаж байсан үе ч түүнд бий. Ард түмний нэрийг ашиглан албан тушаалд хүрэх гишгүүрээ хийж явсан тэрбээр “Монголд хууль хэрэгжихгүй байна, хуулийн дээр эрх мэдэл, дарга нар, мөнгө байна гэдгийг харууллаа. Одоогоор 15 орд газрыг стратегийн хэмээн баталсан. Хамгийн эхнийх нь гэрээ ингэж байгаа бол дараа дараагийнх нь энэ чигээрээ л байх болно” хэмээн Оюутолгой гэрээг эсэргүүцсэн түүний мэдэгдэл, мэдээллүүд сонины хуудаснаа бүдэгрээгүй байна. Харин өдгөе Б.Лхагважав албан тушаалд амаа үдүүлж, Оюутолгойн гэрээг сайн болжээ хэмээн “рекламдаж” явна. Цаашлаад намынхаа сайн сайхныг хамгийн чангаар магтан дуулж, зурагдсан пянз шиг байх боллоо.

Ичих булчирхайгаа гээсэн энэ эрхэмд МАН хэмээх том ар бий. Хувийн хэвшлийнхнийг төрийн дарамтаас ангид байлгахын төлөө хоёргүй сэтгэлээр тэмцэнэ хэмээн чанга дуугарч байсан нүдний шилтэй эрхэм хэзээ ч үздэггүй байсан намдаа элсэж, эдийн засгийн эрх чөлөөний талаар дуугарахаа больсон.Тэр тусмаа бийлэгжүү, элбэг дэлбэг ах намыг сонгож, даргынх нь зөвлөх хэмээх сэтэртэй болжээ. Уг нь мань эрд олон нам хадаг барьж, гуйж гувшдаг байсан юм гэнэ билээ. Харин тэр сонголтоо хийхдээ ар, өврийг нь харж, бэл бэнчинг нь тооцоолсон гэдэг. Түүний сонголтын үр дүн нь Засгийн газрын эсрэг заргач нөхөр яг эсрэгээрээ Засгийг өмөөрөх ажилтай болж. Эрх мэдэл, мөнгөний төлөө итгэл үнэмшил ард түмнээ гээж хаячихаад “биеэ үнэлэгч” хүүхэн шиг мөнгөтэй нэгийг дагаж, “Үндсэний соёмбо” хөдөлгөөнийхнөө гудамжинд үлдээчихээд Тусгаар тогтнолын ордонд тухалж суугаа нь энэ.

Өнгөрөгч сонгуулиар бие даан нэр дэвшээд өвдөг шороодсон тэрбээр аль нэг намыг сонгож, ард түмнээр гишгүүр хийхээр эртнээс төлөвлөж байсан бололтой. Тэр санасандаа хүрч, өдгөө эрх чөлөө ярьж, иргэний хөдөлгөөний гэсэн тодотголоо сануулж, зарим хүнд нь олон жилийн түүхтэй, тулхтай түшигтэй намын шалгагдсан манлай улстөрч гэх ойлголтыг төрүүлэх гэж оролдож байна. Яг л солигддог тэмдэг шиг. Иргэний хөдөлгөөнөө эрх баригч намын тэмдгээр “арилжиж” өөрийгөө азын сугалаанд сорьсон түүнд хожил тохионо гэхэд эргэлзээтэй. Өмнө нь түүнийг иргэний хөдөлгөөний удирдагчдын тэргүүн эгнээнд явж, ялзарч, өмхийрсөн гэдэг УИХ, Засгийн. гаэрыг шүүмжилж иргэний төлөөлөл болж байсанд нь ард түмэн оноо тавьдаг байсан. Гэвч тэр сонголтоо хийж, сонгогчдоос нүүрээ буруулсан. Муу нэртэй, луу данстай хэмээн цоллож явсан намынхаа бөөрөнд хачиг шиг наалдаж, тэр ч бүү хэл, үзэшгүй муухайгаар нь дуудаж байсан даргынх нь өвөрт гүйгээд орчихсонд нь нэмэх биш хасах оноо өгөх болсныг эрх биш анзаарсан байлгүй. Нөгөөтэйгүүр, эрх мэдэл албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй болсон, ард түмнээ бэлхнээ худалдаж чадах энэ эрийг намын даргаас нь өөр хүн тоодоггүй гэх юм билээ. Нэрийг нь хэлэхдээ хүртэл цухалддаг байсан намд, гишүүдтэй нь галаа нэгтгэж, гар барилдана гэдэг амаргүй л байх. Гэсэн ч энэ бүхэнд тэвчээр зааж, хэлээ тас хазаад явж байхыг харахад тэр тэмцэгч биш тагнуулч төдий байж. Хэлсэн ярьснаа мартаж, эрх мэдлийн төлөө улайрах болсон үг, үйлдэл бүр нь үүнийг гэрчилнэ.
Ямартаа л түүнийг нөхөд нь хүний эрхийн хуульч гэгддэг М.Ичинноровын    эрэгтэй хувилбар нь гэж тодотгож байх вэ дээ. Магадгүй түүнийг албан тушаалгүй үлдээвэл М.Ичинноров байтугай экс Ерөнхийлөгч Н.Энхбаяраас ч дор авир гаргаж мэдэх нөхөр гэх дүгнэлт ч дагаж буй гэх. Иймдээ ч цэнхэр тойрогт азаа үз гэж итгэл өвөртлөн очсон Ардын нам нь нутаг заасан гэнэ.

Гудамжинд тэмцэж явсан нөхдөө хаяад “коммунистууд”-ыг дагасан түүнд Хан-Уул дүүргийн сонгогчид итгэл үзүүлнэ гэхэд эргэлзээтэй. Ямартай ч тэр хүссэндээ хүрэхийн тулд иргэдийг сэнхрүүлэх ажиллагааны тэргүүн фронтод алхаж явна. “Урбанек” Б.Лхагважав хэмээн алдаршсан энэ туйлбаргүй нөхрийг улс төрийн уран нугараач гэж нэрийдээд байгаа, Энэ нөхөр улс төрийн үзэл бодол нь улирлын шинжтэй хувьсан өөрчлөгддөг. Иргэн Б.Лхагважавын үнэн дүр төрх ердөө л энэ. Гэнэт төрөл арилжиж, төр барилцах гэсэн дээ албан тушаалаар амаа үдүүлсэн хэрэг биш. Гагцхүү хаана ч дансгүй явбал эрх мэдэл, албан тушаалыг барих нь битгий хэл үнэртэх ч үгүй юм байна гэх шуналдаа хөтлөгдөж, байнга муулж, шүүмжилж байсан намынхаа нэрийн хуудас болж, сайн сайхныг нь магтан дуулахаар жиргэж эхэлснээс өөрцгүй.

Иргэн Б.Лхагважавын хувьд ч, түүнийг орогнуулж байгаа нам нь ч “хамелон’’-длоо. Албан тушаал амласан хэнд ч “явахад” бэлэн байдаг нь Б.Лхагважавын хамелон төрх. Харин өөрсдийг нь муулсан хэнийг ч “худалдан” авч, худал инээмсэглэл тодруулдаг нь ах намын хамелон төрх.

Л.Нинж

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих