Ах, дүүгээс илүү тус хүргэсэн 21 мянга
Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөөр зарим иргэн хоол хүнсээ зэхэж, хүүхдүүдийнхээ хувцсыг базаадаг гэнэ. Гэтэл энэ хэмжээний мөнгөөр ганцхан шоколад аваад идчихдэг нэг хэсэг байх. Манай улсын хувьд дийлэнх нь эхний бүлэгт хамаарна. Хамтарсан Засгийн газраас иргэн бүрт 1,5 сая төгрөг олгох амлалт өгч түүнийгээ хэрэгжүүлээд дуусч байгаа.
Энэ сарын мөнгө товлосон хугацаандаа иргэдэд хүрч чадахгүй байгааг эс тооцвол сар бүрийн 21 мянга эзэндээ очсон гэж болно. Гэтэл манайхан энэ мөнгийг хэрхэн зарцуулсан бол гэсэн асуудал сонин санагдаад явчихав. Асуултад хариулт олохоор Сүхбаатар дүүрэгт байрлах “Капитал” банкны 15 дугаар салбараар оров. Тус салбар Сүхбаатар дүүргийн IX, X хорооны иргэдэд үйлчилдэг. Очиход гадна нь хэсэг хүн дугаарласан харагдана. Авч байгаагаас илүүтэй ямар нэгэн зүйл хүлээх иргэд олон байв. Юу болсныг асуувал 670 мянга, энэ сарын мөнгө аль алийг нь өгөөгүй болохоор үдээс хойш санхүүжилт ороод ирж магад гэсэн горьдлоготой сууж байгаагаа хэлэв. Тус дүүргийн IX хорооны иргэн 60 настай З.Ганчимэгтэй ярилцлаа.
-Танайхаас хэчнээн хүн хүний хөгжил сангийн мөнгө авдаг вэ?
-10 гаруй хүн авдаг.
-Зөвхөн танай гэр бүлд шүү дээ?
-Харин тийм ээ. Эмээ нь гэртээ ийм олуулаа байдаг байхгүй юу. Манай том охин хоёр хүүхэдтэй. Нөхөр нь бурхан болсон. Тэд маань надтай хамт амьдардаг юм. 21 мянга чинь муухан ах дүүгээс илүү тустай байлаа шүү дээ.
-Тэгвэл танайх чинь Хүний хөгжил сангийн мөнгө гэж нэлээд хэдэн төгрөг авдаг байх нээ. Юунд голдуу зориулж байна вэ?
-Ажил хийдэг нь цөөхөн болохоор их хэрэг болно. Сургуулийн хүүхдүүдийн хувцас, хоол хүнсэнд яваад л таардаг байлаа. Хөгшин настай бид чинь цайны сүү, эм тариагаа авчихна. Энэ мөнгө чинь их хэрэг болсон.
-330 мянган төгрөгөө авсан биз дээ. Юу хийсэн бэ?
-Бас л хүүхдүүддээ зориулсан.
-Та энд ямар ажилтай ирсэн бэ. Дугаарлахгүй суугаад байхаар чинь асууж байна?
-Энэ сарын мөнгөө авах санаатай ирсэн чинь санхүүжилт орж ирээгүй гэнээ. Ямар ч гэсэн даргаас нь асууя гээд хүлээгээд сууж байна. Бид ийн ярилцав.
Бидний ярилцахыг сонсож суусан IX хорооны иргэн Ч.Моонж гуай “Хүний хөгжил сан”-гийн мөнгөний талаар бодож явдгаа хэлэв. Тэднийхээс долоон хүн авдаг гэнэ. Мөн л идэж уух, өмсөж зүүх, хүүхдүүддээ хэрэгтэй зүйлд зарцуулдаг байж. Гэтэл ирэх сараас эхлээд олгохгүй болоод зөвхөн 100-аад мянган өрхөд мөнгө өгнө гэсэн мэдээлэл түүнийг бухимдуулсан байна. “Ер нь энэ улсад чинь 100 мянган өрхөд л энэ мөнгө хэрэггүй байгаа байх. Үлдсэн өрхөд нь мөнгө хэрэгтэй л байгаа. Мөнгө хэрэгтэй болоод л ингэж хэрүүл зодоон болж дугаарлаж байгаа биз дээ. Хэрэггүй бол юу гэж ингэж байх вэ. Нэг хэсэг нь мөнгө аваад хэвтэж байхад нөгөө хэсэг нь хоолгүй байж таарахгүй. Энэ бол маш буруу зүйл. Ах нь тэрэнд нь орох үгүйгээ мэдээ ч үгүй явна. Авах айлуудаа яаж гаргаж ирж байгааг нь мэдсэнгүй. Ямар ч гэсэн 100-аад өрхөд л өгнө гэж зурагтаар яриахаар нь хувьдаа дургүй байгаа. Ашгүй, миний дүү энэ санааг цааш нь хэлээрэй. Над шиг бодолтой хүмүүс олон байгаа. Манай улсад ажилгүйдэл, ядуурал их байгаа шүү дээ. Ийм байхад худлаа шоудаад манай улсын эдийн засаг өссөн энэ тэр гэж ичихгүй яриад байна. Тэр эдийн засгийнх нь өсөлт баячуудад хамаатай байх. Манай хорооны айлуудын амьдрал ядуу шүү дээ. Юугаа харж, сонсч байдаг юм. Энэ дарга цэрэг нь” гэсэн юм.
Хэд хэдэн хүнээс 21 мянгаа хэрхэн зарцуулсан талаар асуухад ихэнх нь идэж уух, хүүхдийн хувцас, хичээлийн хэрэглэл, эм тариандаа хэрэглэдэг гэж байв. Нэрээ нууцалсан нэг эмэгтэй байрныхаа мөнгөнд өгдөг гэлээ. Ямартай ч энэ мөнгө манай ард түмэнд хэрэг болсон уу гэхээс илүүдээгүй нь эндээс харагдаж байв. 21 мянгаар хоол хүнсээ базаадаг байсан хүмүүс нэг хэсэгтээ л үгүйлэх байх даа.
П.НАРАНБААТАР: БАНКНЫ ХӨРӨНГӨӨР 21 МЯНГЫГ ОЛГОЖ БАЙНА
Улс мөнгө амалчихаад санхүүжилтээ дутуу хийдгээс болж банк, иргэн хоёрын дунд дайн дажин үүсэхээс холгүй болж. Нөгөөтэйгүүр иргэд авах ёстой мөнгөө авч чадахгүй дэмий л дүүргийн халамжийн хаалга татдаг ч худал үнэнд хууртсаар гурван сарыг үзжээ. Дээрх банкы гадаа цугласан хүмүүс “Энэ банк ер нь их сонин. Сарын 15-17-ны хооронд л мөнгөө авахгүй бол 18-н болоод ирэхээр санхүүжилт нь дуусчихдаг. Тэгээд дараа сард ав гээд явуулчихна. Үүнээс болоод хүмүүс эхний хоёр хоногт авах гээд бөөн хэрүүл, зодоон болно шүү дээ. Одоо мөнгө авч байгаа хүмүүс чинь өмнөх сарынхыгаа авч байгаа. Бусад банкууд нь өгөөд дуусчихсан л байдаг юм билээ. Энэ банк яахаараа ингэдэг юм, бүү мэд” гэж нэгэн дуугаар хэлж байв. Тэд “мөнгө дууссан” гэдэг “но” яг хэнд байгааг мэдэж өгөхийг хүссэн тул тус банкны эрхлэгч П.Наранбаатараас тодруулав.
-Эх орны хишиг товлосон хугацаандаа иргэдэд очихгүй байгаа нь ямар учиртай юм болоо?
-Энэ сарын санхүүжилт орж ирээгүй. Дээрээс тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэсэн мэдээлэл өгч байгаа. Сар бүрийн 12-13-нд ирүүлдэг иргэдийн нэрсийн жагсаалтаа ч өгөөгүй байгаа.
-Гадаа дугаарлаж байгаа иргэд танай банкийг “Хүний хөгжил сан”-ийн мөнгийг санхүүжилт дууссан гэсэн нэрээр дараа сард ав гэж явуулдаг гэсэн зүйлийг яриад байх юм?
-Сүхбаатар дүүрэгт Капитал банкны хоёр салбар, гурван нэгж иргэдэд үйлчилдэг юм. Гэтэл сүүлийн гурван сард санхүүжилт нь байнга дутуу орж ирсэн. Үүнээс болоод хүмүүс манай банкыг л болж бүтэхгүй зүйл хийгээд байгаа мэтээр ойлгох болсон.
-Энэ сарын санхүүжилт нь бүрэн орж ирэх байлгүй дээ. Сүүлийх юм?
-Бид өмнөх сарын 21 мянгаа аваагүй хүмүүсийн мөнгийг банкны хөрөнгөөр тавьж байгаа. Бидний зүгээс маш их эрсдэлтэй зүйл хийж байгаа гэсэн үг. Ингэж шийдэхгүй л бол бухимдсан хүмүүс энэ байрыг нураана шүү дээ. Өнөө өглөө л гэхэд хүмүүс маш их бухимдалтай ирсэн. Бид зохицуулалт хийж банкны хөрөнгөөр олголт хийгээгүй бол юу ч болж мэдэхээр байлаа. Одоо 670 мянгаа яаж өгөх юм бүү мэд.
-330 мянган төгрөгийн санхүүжилт бүрэн орж ирсэн үү?
-Санхүүжилт нь бүрэн орж ирсэн болохоор бид 4000 хүний мөнгийг уртасгасан цагаар ажиллаж хоёрхон өдөрт л олгосон.
-Хэрэв өөрийн хөрөнгөө эргүүлж олж авч чадахгүй бол хэн хариуцлага хүлээх вэ?
-Санхүүжилтээ хийх л байх гэж бодож байгаа. Хэрэв асуудал үүсвэл би л хариуцлага хүлээх байлгүй гэсэн юм.
Энэ чинь яг юу гэсэн үг вэ. Уг нь иргэн бүрийнхээ тоогоор л санхүүжилтээ хийдэг баймаар юм. Гэтэл Хаан, Хадгаламж банкны санхүүжилтийг бүрэн хийдэг хэрнээ хотын захын зарим нэг Капитал банкинд ийм байдал сүүлийн гурван сард гарах болсон гэнэ. Энэ талаар тодруулах болно.
URL: