Р.Хадбаатарын мөнгө тараах гэж байсныг илчилсэнд Н.Энхбаяр баяр хүргэсэн гэв
Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Р.Хадбаатар мөнгө тараахыг завдаж, сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэдгийг иргэн З.Санждорж илчилсэн нь шуугиан тариад байгаа билээ. Р.Хадбаатар өөрийн туслах Б.Амгалангаар дамжуулан 50 сая төгрөг тараах гэж байсан баримтыг тэрбээр дэлгэсэн юм. Үүнийг хуулийнхан шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон. Өмнөх жилүүдэд мөнгө тарааж байгаа бичлэг нь хүртэл цацагдчихсан байхад парламентын гишүүнээр сонгогдсон тохиолдол ч байгаа. Харин энэ жил сонгуулийн тухай хуулинд нэлээн хэдэн чанга заалт орсон нь ингэж үр дүнгээ өгч эхлээд байна. Цэвэрээр өрсөлдөж байгаа хүн хуруу дарам цөөн байгаа ч ядаж л ил цагаан мөнгө тараах боломжгүй болж байгаа нь энэ юм. Тиймээс Р.Хадбаатарын хууль бус үйлдлийг илчилсэн гэх З.Санждоржид зарим хүмүүс баярлаж байгаагаа илэрхийлжээ. Тэдний дунд МАХН-ын дарга Н.Энхбаяр байгаа аж. Мөнгийг нь аваад чимээгүй бололгүй, хуулийнханд баримттай нь мэдэгдсэн түүнийг Н.Энхбаяр “шударга, эр зоригтон” гэж үнэлсэн гэв. МҮАН-тай нийлж “Шударга ёс” эвсэл байгуулсан Н.Энхбаярын хувьд МАН-ын булхайг илчилсэн З.Санждоржийг намдаа элсүүлэх хүсэлтэй байгаа ч гэж зарим эх сурвалжууд ярьж байна.
“Сант Марал” сангийн судалгаагаар МАН-ын араас хуруу даран мөшгиж байгаа МАХН-ын хувьд МАН-ын нэр дэвшигч хууль зөрчсөн нь нэг даваа ахих боломж гэж тэд харж байгаа аж. “Эрх баригчид улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж байна, МАНАН бол мафийн бүлэглэл” гэх зэрэг үгийг байнга амнаасаа унагаж байдаг МАХН-ын дарга, бусад нэр дэвшигчдийн хувьд ч энэ нь МАН, АН-аас илүү Н.Энхбаярын эвслийг сонгох хэрэгтэй гэж ятгахад сайхан жишээ болж өгчээ. Тэрбээр иргэдтэй уузалт хийх үедээ Р.Хадбаатарын мөнгө тараах гэж байгаад баригдсныг, мөн түүнд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа талаар ярьж яваа гэнэ. Мөн мөнгө тараасан нэр дэвшигчийг илчилвэл тэр мөнгөн дүнг нь 10 дахин нэмж өгөх тухай шинэ хуулийн заалтыг ч сайтар сурталчилж байгаа аж.
Р.Хадбаатартай өрсөлдөхөөр Сонгинохайрхан дүүрэгт “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын хувьд МАН-ын нэр дэвшигчээс ингэж салж байгаа нь дахин сонгогдох боломжийг нь нэмэгдүүлж байгаа аж. Учир нь МАН-ын нэр дэвшигчийг хууль зөрчсөн гэдгийг албан ёсоор зарлавал Р.Хадбаатар УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй болох юм.
Т.Гэрэл
URL: