Төрийн төлөөллөөр хулгайч сонгогдож болох уу
- Лам хүний сахил санваарт байж боломгүй том нүгэл үйлдсэн хулгайч оюутан З.Санждоржийн хэргийг Гандантэгчилэн хийдийн Шашны төв захиргааны тэргүүлэгчдийн хурлаар оруулж, сургуулиас хөөх шийдвэр гаргасан байна-
Бурхан шашин бол монголчууд бидний хувьд эрхэм дээд зүйл. Богд хааны үеийнх шиг оройдоо залдаггүй юм аа гэхэд айл бүрийн хойморт бурхан хүндлэгдсээр ирсэн. Харин сүүлийн үед энэ үнэ цэнэтэй ариун шашныг бузарлаж, лам нэрээр ашиг хонжоо хайж, зарим нь бүр улстөр хийдэг боллоо. Хулгай хийж хийдээсээ хөөгдөж, сахил санваараа бузарлан, охид бүсгүйчүүдийн хормой сөхсөн хэрэгт буруутгагдаж явсан З.Санждорж гэдэг нөхөр өөрийгөө “Их хүрээ” хийдийн хамба лам хэмээн өргөмжилсөөр нэлээд хэдэн жилийн нүүрийг үзлээ. Ер нь энэ цагт чинь хэл амтай, зальжин хүмүүс л өсөж өндийдөг болоо юу даа. Гэхдээ ард түмэн тэдгээрийг ялгаж салгахтайгаа байгаа. Түүний энэ хэргийн талаар Гандангийн лам нар хэнээс нь ч асуусан хэлээд өгнө. З.Санждорж хэл амгүйхэн, хийд байгуулчихаад тэндээ чимээгүй сууж байсан бол бид хэлээ хазаад өнгөрөх байлаа. Гэтэл энэ “гэмт хэрэгтэн лам” Монголын ард түмнийг дахин доромжилж улстөрд хүч үзэхээр “МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслээс НИТХ-д нэрээ дэвшүүлчихээд байна. Арай ч дээ, хүнд ичих булчирхай гэж байдагсан, эсвэл хулгайн хэргийг нь монголын ард түмэн мэдэхгүй гэж бодоо юм болов уу?
Үнэндээ МАХН нэр дэвших хүмүүсээ ямар ч сонгон шалгаруулалтгүй, шуудайд хийсэн эвэр шиг ижил буруу хүмүүсийг цуглуулчихсанд хамаг учир нь байна. Зөвхөн нам гэдэг утгаараа хүний тоо гүйцээх гэж хаа газрын хэл амтай, асуудалтай нөхдүүдийг нэр дэвшүүлчихлээ. Хэдийгээр улс төр бохир ч гэсэн улстөрийн соёл, боловсрол, ёс суртахуун гэж бас байдаг даа. Хэрэв “МАХН-МҮАН”-ын эвсэл ийм алдаа гаргаагүй бол сахил бузарласан З.Санждорж мэтийн хүмүүс нэр дэвших нь байтугай, намын гишүүн болох орон зай ч олдохгүй байхсан.
Тэгвэл “МАХН-МҮАН”-ын орон тоог бөглөж, нэр дэвшин сүржигнэж яваа “Их хүрээ” хийдийн хамба лам З.Санждорж гэж хэн юм бэ?
Үнэндээ бол шашны сургуульд сурч байхдаа бурхан хулгайлж, сургуулиасаа хөөгдсөн жирийн л нэг арчаагүй эр. Тэр дундаа бурхан номын хүн хулгай хийж, худал хэлнэ гэдэг сахил санваараас гажууд зүйл.
Зандагийн Санждорж Гандантэгчилэн хийдийн Шашны дээд сургуулийн хоёрдугаар курст сурч байхдаа 1984 оны зургадугаар сарын зургааны орой энэ хэргийг үйлдсэн байдаг. Тэрбээр өөрийн багш лам И.Самдангийн итгэлийг ашиглан бурханы сан хөмрөгт орохоор санаархжээ. И.Самдан багш З.Санждоржид ихэд сайн. Зальжин хүү З.Санждорж ч багшийнхаа урдуур хойгуур гүйж, элдэв үгээр уяраасны эцэст хийдийн бурханы сан хөмрөгт орох зөвшөөрөл авч чаджээ.
И.Самдан багш З.Санждорж хүүгийн зальжин аргад орж, түүнийг хулгай хийж, худал хэлэх хүн биш гэдэгт итгэжээ. Иймээс ч өөрийн хариуцсан бурхан, үнэт эдлэл хадгалагдаж байдаг өрөөндөө шавийгаа оруулжээ. Харамсалтай нь З.Санждоржийн зальжин нүдний цаана ямар хорон санаа нуугдаж байсныг багш ламтан анзаарсангүй.
Ингээд Гандантэгчилэн хийдийн үнэтэй бурхад хадгалагдаж байдаг бурханы сан хөмрөгийн түлхүүр З.Санждоржийн гарт ороод ирэх нь тэр. Мань хүн ч төрөлхийн шунаг сэтгэлдээ хөтлөгдөн эртнээс нааш нүд салгалгүй ажиглаж байсан алтан шармал 35 см-ийн өндөртэй хоёр ширхэг хуучин гуулин бурхан, 40 см-ийн хэмжээтэй хуучин гуу зэрэг эд зүйлийг шүүрч аваад гарахыг завджээ.Гэвч хийдийн харуул хамгаалалтын ажилтанд баригдан З.Санждорж үйлдэл дээрээ баригдаж булайгаа чирсэн байна.
Шашны дээд сургуулийн хэмжээнд өмнө нь З.Санждорж шиг ёс бус үйлдэл гаргаж байсан оюутан байхгүй аж. Лам хүний сахил санваарт байж боломгүй том нүгэл үйлдсэн тул оюутан З.Санждоржийн хэргийг Гандантэгчилэн хийдийн Шашны төв захиргааны тэргүүлэгчдийн хурлаар оруулж, тэр даруйд нь сургуулиас хөөх шийдвэр гаргасан байна.
Тус хуралд хийдийн хамба лам, сургуулийн захирал Х.Гаадан, дэд хамба лам Ч.Дамбажав, цорж лам Г.Осор, даамал лам Р.Цэвээндорж, нарийн бичгийн дарга Д.Загджав, хичээлийн эрхлэгч Д.Дамба нарын долоон тэргүүлэгч оролцсон байдаг.
Хэдийгээр энэ сахил хүртсэн лам хүний хувьд аймшигтай хар нүгэл боловч З.Санждоржийн хувьд зөвхөн эхлэл байлаа. Тэрбээр сургуулиасаа хөөгдсөнийхөө дараа дахин хулгайн хэрэгт холбогдож, охид, эмэгтэйчүүдийг садар самуунд уруу татахыг завдсан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэлд нэр холбогдож байв. Түүний хоёр дахь удаагийн хулгайн гэмт хэрэг шүүхээр таслагдаж 1.6 жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ.
Гэтэл энэ хүн одоо зүгээр ч нэг лам биш, олон түмний итгэлийг хүлээсэн хийдийн хамба лам болчихсон гээд байдаг. Одоо бүр хамба ламын суудал нь багадаад НИТХ-л нэр дэвшиж, улс төрд хөл тавихаар зэхэж байх юм. Ёстой л нөгөө “Даварсаар даварсаар Дагвын оронд гарна” гэж энэ байх даа.
Түүнийг шашин зурхайн мэдлэгээр маруухан, онол орчуулгадаа таг гэж шашны төлөөлөгчид ярихыг нэг бус удаа сонсож байлаа. Гэсэн хэдий мань эр жил бүрийн бурхан шашны тэмдэглэлт өдрүүдээр зарим нэг телевизтэй хамтран сүсэгтэн олны итгэл бишрэл дээр дөрөөлөн амар хялбар аргаар мөнгөжих явдлыг хэрэгжүүлээд удаж байна.
Ийм хулгайч, зальхай, эрдэм мэдлэггүй, сүсэгтэн олныг доромжилж, тэдний итгэл бишрэлээр далимдуулж хөрөнгөжих аргаа болгосон хүнийг бид дэмжиж болох уу?
Оюутан ахуй цагтаа бурхан хулгайлж Гандангийн сургуулиас хөөгдсөн З.Санждорж НИХТ-ын хуралд орж юу нийтийн өмчийг хулгайлахаар шийдсэн юм болов уу?
Ц.Мөнх
Оллоо.мн
URL: