Х.Мубаракыг нас барсан гэж мэдээлжээ

Өчигдөр бүх насаараа хорих ял аваад байгаа Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракын бие эрс муудаж, зарим хэвлэлүүд түүнийг “нас  барсан” гэж мэдээлжээ. Шоронгийн эмнэлэгт хэвтэж байсан түүний зүрх нь зогссон гэж орон нутгийн телевиз мэдээллээд түүний намтрыг уншсан байна. Харин хэсэг хугацааны дараа 84 настай Х.Мубаракын бие дээрдэж, хүнд үеэ даваад гарсан тухай эмч нар мэдэгдсэн аж. Түүнийг нас барсан тухай мэдээ тархсан даруйд Кайр хотын төв, Тахрирын талбайд 15 мянга гаруй хүн цугларч, Х.Мубаракын үхэлд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Лалын ахан дүүс нам болон цэргийн талынхныг буруутгаж жагсчээ. Хэдийгээр Египетийн ерөнхийлөгч асангийн бие дээрдсэн ч өнөөдөр олон нийтийг хамарсан жагсаал болж магадгүй гэж үзэн тус улсын хүчний байгууллагууд бэлэн байдал зарласан байна.
Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих