”Ажнай”-н Д.Бат-эрдэнэ Өмнөговьчуудыг хошгируулж, гэрэл цахилгаанаар барьцаалж байна

Өмнөговьчуудын өмч гэсэн нэрийн дор сүүлийн үед “Ажнай” корпорацийн захирал Б.Бат-Эрдэнэ улстөр хийх болов. Үнэн хэрэгтээ өмнөговьчуудын тухай биш, ганцхан “Ажнай” Д.Бат-Эрдэнийн бизнесийн дарангуйллын тухай энд яригдаж буй юм. Өмнөговь бол Монгол Улсын нутаг дэвсгэрт багтдаг, засаг захиргааны нэгэн нэгж. Харин Өмнөговийг өөрийн хувийн вант улс болгон ашиглаж, бизнесийн луйвраа нуун дарагдуулдаг хүн бол “Ажнай” Д.Бат-Эрдэнэ. Өнөөг хүртэл “Тавантолгой”-н нүүрсийг хятадуудад хямдхан зарж хөлжсөн Д.Бат-Эрдэнэ л ганцаараа баяжсанаас бус, өмнийн говийнхны амьдрал сайжирсан нь үгүй. Харин “MCS” компанийн захирал Ж.Оджаргал “Энержи ресурс”-аар дамжуулан Өмнөговьд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, нутгийн иргэдийг ажилтай, орлоготой болгосон нь үнэн Юм. Гэтэл сонгуулийн сургаар нутгийн айл өрхийг гэрэл цахилгаантай болгох ямар ч ажил хийгээгүй, зөвхөн өөрийнхөө хувийн хөрөнгийг зузаатгаж суусан Д.Бат-Эрдэнэ гэнэт л өмнөговьчуудад хайр зарлах болов.

Тэгэхдээ бүр “MCS” компанийн захирал Ж.Оджаргалын нэрийг барьж, хийсэн бүтээснийг нь ашиглахаар санаархсан аж. “Энержи ресурс” компани өнгөрсөн оны есдүгээр сард Өмнөговийн Цогтцэций суманд 18 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барьж ашиглалтад оруулсан. Ж.Оджаргалыг өмнийн говьд элс ухаж, цахилгааны шон суулган, 18 мвт-ын станц барьж байхад хэдэн жил зүгээрийг хийж, гараа эвхэн суусан “Ажнай” Б.Бат-Эрдэнэ сонгууль ойртох тусам “Энержи ресурс”-ийн хийсэн ажлыг өөрийн болгох гэж сонин хэвлэлүүдээр хошгируулах болжээ. Тэр ч байтугай Ж.Оджаргалтай анхнаасаа тохиролцон, Хүрмэн, Номгон, Булган, Ханхонгор, Баяндалай зэрэг сумдыг цахилгаанаар холбох гэж байгаа мэтээр Д.Бат-Эрдэнэ өрөөлийн хийсэн ажлаар өөрийгөө сурталчлан гүйж явна. Үүнийгээ эрчүүдийн тохиролцоо гэсэн эвтэйхэн үгээр төөрөлдүүлж, сонин хэвлэлээр зарлаж яваа аж. Учрыг мэдэх бизнесийн хүрээнийхэн Д.Бат-Эрдэнийн энэ жижиг зан, жигшмээр үйлдлийг шоолон хэлэлцэх болжээ.

Уг нь УИХ-аас Өмнөговь аймгийн зарим сумыг цахилгаанаар хангах эх үүсвэрийг шийдэж, хөрөнгө мөнгөний асуудлыг аль эрт цэгцэлсэн. Энэ бодлогын хүрээнд тендерт ялсан “MCS” тэргүүтэй компаниуд Улаанбаатар-Мандалговь-Тавантолгойн цахилгаан шугамыг тавьж эхэлжээ. Зүй нь эдүгээ Өмнөговийн зарим сум гэрэл цахилгаантай болох бэлтгэл ажил хэдийнэ хангагдсан аж. Гэтэл гэнэт л Д.Бат-Эрдэнэ гэж хулхи нөхөр АН-аас УИХ-д нэр дэвшсэнээс болж өмнөговьчууд хохирч сууна. Тус аймагт Монгол Ардын Нам Х.Бадамсүрэнг нэр дэвшүүлсэн. Түүнийг буруутгах, Өмнөговийг гэрэл цахилгаантай болгохоор зүтгэж буй Монголын төр, хэрэгжүүлэгч компаниудын амжуулсан ажлыг өөрийн хийж байгаа үйл хэрэг мэтээр харагдуулахын тулд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй, түүний rap хөл болсон АН-ын нөхөд цахилгаан тасалжээ. Ийнхүү Тавантолгойгоос түгэж, өмнийн говийг гэрэлтүүлэн, Ерөнхий сайд С.Батболдын айлчлалын үеэр ассан гэрэл “Ажнай” Б.Бат-Эрдэнийн балгаар унтарч, өмнөговьчууд харанхуй гэртээ лаа барьж суух болов. Тэгэхдээ бүр Д.Бат-Эрдэнэ “Намайг сонгохгүй бол гэрэл цахилгаан өгөхгүй” гэсэн агуулгатай сурталчилгааг аман яриа хэлбэрээр хийж, нутгийн зон олноо дарамтлан, сонгуулийн саналаар нь барьцаалж буй сурагтай.

Өмнөговьд орон нутгийн өмчлөлтэй хэмээх том тодотголтой “Тавантолгой” компани үйл ажиллагаагаа явуулдаг. Орон нутгийнхны нэрээр бамбай хийж, Тавантолгойн нүүрсийг өдөр шөнөгүй урд хил рүү зөөдөг энэ компанийн ихэнх хувьцаа ямар нэгэн байдлаар, яаж ийгээд Б.Бат-Эрдэнийн халаасанд оржээ. Уг компанид эзэн суухын тулд Д.Бат-Эрдэнэ тус аймгийн энгийн иргэд болох “Тавантолгой” компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийг луйвардаж байж. Нотариатч Х.Цэнддоотой хамтран хийсэн түүний энэ гэмт үйлдэл саяхныг болтол Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байжээ. Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Тавантолгой” компани Хятадын “Пүшинговь”, “Пүшинмон” компаниудад Монголын нүүрсийг, тодруулбал ард түмний баялгийг дэлхийн зах зээлийн үнээс хямдаар худалдан хөлжсөөр ирэв. Түүний энэ ноёрхол, хятадуудтай тогтоосон эх оронч бус харилцаа холбоо, Монголын нүүрсний үнийг унагаж буй явдлыг таслан зогсоохын тулд Засгийн газраас орон нутгийн гэх нэртэй боловч үнэн хэрэгтээ Д.Бат-Эрдэнийн халаа-санд орсон “Тавантолгой” компанийг төрийн мэдэлд авах бодлого барьж буй.

Үнэхээр ч хэн нэгэн Д.Бат-Эрдэнэ нүүрсээ үнэд хүргэж, түмэндээ үр шимийг нь хүртээх гэж зүтгэж буй Монголын төрийн толгой дээр гишгэн, Өмнөговийн ард түм­ний нэрээр өөрийн жижиг эрх ашгаа хамгаалаад байж таарахгүй. Гэвч “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ Тавантолгойд хууль бусаар эзэн суусан эрх ямбаа хамгаалан, Өмнөговьчуудын эрх ашгийн төлөө зүтгэж буй УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнг буруутгасан суртал ухуулгыг ил, далд, өдөр шөнөгүй явуулах болжээ. Үүний учрыг олох амархан. Д.Бат-Эрдэнийн “Тавантолгой” компанид жижиг хувьцаа эзэмшдэг иргэд өнгөрсөн хугацаанд ногдол ашиг хүртэж байсангүй. Гэтэл Ардын засаг иргэддээ эх орны хишиг аль эртнээс хуваарилаад эхэлсэн. Тэгэхээр өмнөговьчууд өөрсдийн эрх ашгаа хамгаалах цаг иржээ. Тавантолгойд ноёрхлоо тогтоосон Д.Бат-Эрдэнийн хөрөнгө хэд дахин өсч, хэдэн тэрбумаар хэмжигдэж байхад уугуул нутгийн иргэд гэрэл цахилгаан ч үгүй суусаар байх уу.

Энүүхэндээ гэхэд орон нутгийн өмчлөлд байдаг нэртэй боловч Д.Бат-Эрдэнийн хувийн эзэмшлийнх болж хувирсан “Тавантолгой” компанийг энэ нөхөр хэрхэн, ямар арга зам, авлигын тусламжаар ийнхүү өөрийн болгосныг хууль хяналтынхан шалгахад илүүдэхгүй л болов уу. Энэ удаа ч бас “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ Өмнөговьчуудын саналыг эрүүл бус гүтгэлгээр луйвардан, УИХ-ын гишүүн болохоор санаархаж байна. Эрх мэдэлтэй болсон хойноо нэг л мэдэхэд Өмнөговийг Хятадад нүүрстэй нь хамт зарчихсан байвал яана!

Ц.ЦАЦРАЛ

unenmn


URL:

Сэтгэгдэл бичих