Нэр дэвшигчдийн тэнэглэл

Шинэчлэгдсэн хуулийн дагуу энэ жилийн сонгуулиар наадам, шоу зохион байгуулах хориотой. Энэ заалт урлагийнхны ундууцлыг хүргэж, орлогыг нь хаагаад зогсохгүй сонгогчдын хувьд үзэж харах зүйлээр маруухан болгосон. Гэвч нэр дэвшигчдийн уриа үг, хошин марзан зурагт самбарууд сонгогчдыг хөгжөөх боллоо. Сонгуулийн үеийн тэнэглэлээ хожим хараад нэр дэвшигчид ч нэгийг бодож, хоёрыг тунгаах биз.

Уриа бол улс төрд хамгийн чухал зүйл. Гэвч тоомжиргүй сэтгэлийн толгой холбосон урианууд сонгуулиас сонгуульд өртөөлөх болжээ. Тэдний хувьд утга гэхээсээ илүүтэй яруу сонсголонтой байхыг чухалчилдаг.

2000 оны сонгуулийн МАХН-ын / хуучнаар/ уриа “Төрөө хямралаас гаргая Түмнээ ядуурлаас аврая”. Олон хүний чихэнд наалдаж чадсан учраас л МАХН олонхи болсон гэж тайлбарлаж болох ч төрийг хямрааж, түмнийг ядуурал руу түлхсэн нь хэн бэ гэх асуултыг эргүүлэн тавьмаар санагддаг. 2008 оны сонгуулиар “Шударга ёс тунгалаг төр, дэвших хөгжил дэвжих амьдрал” хэмээн зорилтоо тодорхойлсон. Дэвших хөгжил нь юу байх, дэвжих амьдрал нь юугаар баталгаажах нь тодорхойгүй. Энэ оньсогыг ард түмэн өөрсдөө тааж, хэрхэн санал өгөх нь эргэлзээтэй байсан үе. Аз болж сонгогчдын олонхи нь оньсогын хариуг олж чадсан юм. Харин өнөөдөр тэд “Нийгэмд шударга ёс, Иргэнд тэгш боломж” олгохоор зорилгоо тодорхойлов. Монгол Улсын 90 жилийн түүхийг бичдэг эл нам өнөөдрийг хүртэл иргэнд ялгавартайгаар хандаж байжээ гэх ойлголтыг төрүүлэхүйц. Нөгөө хувилбар нь “Эх орондоо сайхан амьдарья” гэх уриа. Өмнө нь бас л хэцүүхэн амьдарч байсны илэрхийлэл.

2008 онд АН-аас УИХ-д нэр дэвшигчид “Эвтэй дөрвийг сонгож, эрдэнийн хувь хүртээе”, Ардчиллын “дөрвөн бэрх”-ийг сонгоё”, “Ардчиллын гурвыг бөөндөе”, “Сэлэнгийн цогтой хоёр” гэхчлэн тойргийнхоо мандатын тоогоор өөрсдийгөө тодотгож байсан ч сонгогчид бөөний бараанд дургүйгээ илэрхийлж, саналаа өгсөн. Иймээс АН энэ удаа “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжих”-ийг илүүд үзэв. Гэвч мушгин гуйвуулахдаа гарамгай хүмүүс “Өмнө нь бид нохой шиг амьдарч байсан гэж үү” хэмээн сөргүүлэх болов. Ямартай ч эрх баригч хоёр намын дэвшүүлсэн зорилтоор монголчууд өнөөдрийг хүртэл Монголдоо, хүн шиг амьдарч үзээгүй юм байна. Улмаар тэд төрийн эрхийг ээлж дараалан барьсан атлаа иргэдээ эх орондоо хүн шиг амьдрах боломжоор хангаж чадаагүйгээ одоо л ойлгов бололтой. Түүнчлэн Иргэний зориг ногоон нам хүртэл “Монголдоо сайхан амьдрах” талаар зорилт дэвшүүлж байхыг бодоход сонгогчид бид өнгөрсөн жилүүдэд намаг шалбааг дунд амьсгалж, амьдарч байсан гэдэг нь баталгаажлаа. Иймээс ирэх сонгуулиар хэнийг нь ч дэмжсэн Монголдоо сайхан л амьдрах юм байна. Түүнчлэн ИЗН Монголд өөрсдөөс нь илүү мэдлэг боловсролтой хүн байхгүй мэт “Сайн цагийг бид л авчирна” хэмээн сурталчлав. Урд нь тэдэнд сайн цагийн хүрд эргүүлэх боломж олдоогүй нь үнэн ч ингэж авирлаж болохгүй гэлтэй.

Харин экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэх тодотголтой МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийнхэн “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” хэмээн намын даргынхаа номын нэрээр уриагаа хийв. М.Энхсайхан 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшиж “Авлигачдыг цээрлүүлнэ” хэмээн хатуухан уриатай байсан ч Н.Энхбаярын “Эвтэй байхдаа хүчтэй”-д ялагдал хүлээж байлаа. Харин 2009 онд Н.Энхбаяр “Эвийн хүчийг бэхжүүлнэ. Эх орны хишгийг өгүүлнэ гээд Ц;Элбэгдоржийн “Шударга л байцгаая” ялагдсан юм. Өнөөдөр тэрбээр “аав”-ын амьдралын зах зухтай танилцаж, ард түмэн, албан тушаалтан хоёрын хэн нь хэн бэ гэдгийг ялгадаг болж. Гэхдээ хожуу ухаарал нь тэдэнд ялалт авчирна гэхэд эргэлзээтэй. Харин Ц.Шинэбаяр, “Буян” Жаргалсайхан нарын эвсэл “Шинэ хүн, шинэ боломж” хэмээж, С.Молор-Эрдэнийнхээ хамт хүүхэд тэвэрч зургаа авахуулжээ. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр шинэ хүн болсноо зарлаж байсантай агаар нэг сонсогдох тэдний уриагаар Ц.Шинэбаяр, Б.Жаргалсайхан нар ч дахин төрсөн гэсэн үг үү. Сонирхолтой л юм. Дахин төрсөн юм бол нялх хүүхдийн сэтгэхүй улс орны амьдралд чухал алхам гаргахад балчирдах ч юм шиг.

Намуудын андгай иймэрхүү байгаа бол нэр дэвшигчдийн зорилт бүр элэг хөшөөхөөр марзан үгтэй. Нэрэндээ итгэж, азаа сорьсон эрхэм бол Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Л.Амгалан. Тэрбээр “Иргэн амгалан бол нийгэм амгалан” хэмээх үгийг гудамжаар дүүрэн тавьжээ. Хэрэв түүний оронд Сандруу гэдэг нэртэй хүн байсан бол бүр балрах нь ээ. Эсвэл Л.Амгалан хатагтай л сонгогдож байж төр амгалан байх учиртай юм уу. Цаашлаад иргэд нь амгалан байж, амирлангуй улс болох юм даг уу даа. Хөгжлийн гараан дээрээ дүүхэлзэж байгаа Монгол Улс амар амгалангийн бэлэг тэмдэг болж, назгайраад эхэлбэл ч өнгөрлөө л гэсэн үг.

Мөн энэ тойрогт ИХН-аас нэр дэвшигч нэг ганган бүсгүй “Монголын төрд үүр цайлгая” гэнэ. Түүнийг Д.Үүрцайх гэдэг болохоор тэрбээр Монголын төрд үүр цайтал суухаар шийдсэн бололтой. Эрхэм бүсгүйд сануулж хэлэхэд, ажлын цаг 17.00 дуусч байхад үүр цайтал суух хэрэг байна уу. Бусад нэр дэвшигчид тань “өдөр шөнөгүй ажиллана” гэж гарчихаад өдрийн од шиг хуралдаа суудгийг иргэд хангалттай мэднэ. Магадгүй таны эсрэг “Үүр битгий цайгаасай, өглөө битгий болоосой” гэх дууг уянгалуулвал балай юм болох вий.

Түүнчлэн энэ намын нийслэлд нэр дэвшигч Батцэцэг хатагтай “Та ээждээ итгэдэг бол эмэгтэй нэр дэвшигч надад мөн итгээрэй” гэжээ. Аавдаа итгэдэг нь, бүр хоёуланд нь итгэдэг бол одоо тэгээд яах болж байна. Иргэд бүр төөрч будилж гүйцэх нь ээ. Танд ганцхан ээждээ итгэдэг хүн л саналаа өгөх учиртай юм бол аавдаа, эсвэл хоёуланд нь итгэдэг мөртлөө таныг дэмжиж байсан ч саналаа өгч болохгүй байх нь, тийм үү.

“Иргэдийн хуралд Иргэний зоригийнхныг” гэх уриа сүүлийн үед хүчээ авах боллоо. Тэднийг иргэдийн хуралд чухам яах нь тодорхойгүй. Битгий оруулаарай гээд байгаа юм уу бүү мэд. Мөн “Өгөөжтэй сонголт” хэмээн “Өгөөж”-ийн гэх тодотголтой С.Түмэнгэрэл Сонгинохайрхан дүүргийнхэнд хэлж, сануулах боллоо. Мань эрийг сонговол “Өгөөж”-ийн боов өгнө өө гээд байгаа бололтой юм даг уу.

“Надад хамаатай …” гэсэн уриаг МАН-аас Баянзүрх, Налайх дүүрэгт нэр дэвшигч Б.Мөнхбаатар гаргав. Дүүргийн Засаг даргаар ажиллаж, хотын орлогчийн албан тушаалтай байсан мань эрд ард түмний амьдрал урд нь ямар ч хамааралгүй байж л дээ. Харин УИХ-д суух гэсэн чинь бүхий л зүйл мань хүнд хамааралтай болж, одоо л ухаарсан хэрэг. Яана даа, айл гэрийн хэрүүл ч танд хамаатай болчихвол…

Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж буй С.Ганбаатар “улсын цолонд хүргэж өгөхийг”-ийг хүсч “Дархан ялалтын төлөө” гэж уриалав. Гэхдээ сонгуулийн маргааш дарханчууд ялах уу, эсвэл С.Ганбаатар баярын бялуундаа бялхах уу. Бодууштай л юм. Сонгиноос сонгогдох гурав хэмээн өөрсдийгөө өргөмжлөх АН-ын нэр дэвшигчид “Зүтгэх хүч” хэмээн гар барилцах болжээ. Зүтгүүрийн галт тэрэг шиг ажиллах юм шиг байгаа юм. Гол нь юуны төлөө зүтгэх гэж байгаа нь чухал. Сонгуульд зарцуулсан мөнгөө олж, бүр өсгөж, эрх мэдэл, албан тушаалын төлөө тууштай зүтгэх гэж үү. Эсвэл монголчууд зөвхөн “Түмэн шувуут”-ын өндгөөр хооллож, “Монос”-ын витаминаар ундлах болтол нь бизнесээ өргөжүүлэхийн төлөө зүтгэх юм болов уу.

Энэ мэтчилэн эргэлзээ төрүүлсэн урианууд хотын гудамжаар олон. Мөн тэнгэр рүү тэмүүлж, гараа даллаж, хүүхэд тэвэрч, хогийн шүүр барьж гээд элдэв төрлөөр зургаа авахуулжээ. Хогийн шүүр барьсан эр сонгуульд ялчихвал маргаашнаас нь дүүргийнхээ хогийг шүүрдээд эхлэх ч юм шиг. Хөгшчүүлийн хэлдгээр эр хүний сүлд хийморьт муугаар нөлөөлж, ялагдал хүлээж ч мэдэх л юм. Ийнхүү УИХ-д нэр дэвшигчид дунд ажилгүй, тэтгэвэрт, чөлөөт уран бүтээлч, үсчин, орифлэймчин, Чингис хааныг залгамжлагч хунтайж гээд төрөл бүрийн хүн бий. Тэд ийн хөгжилтэй хөөртэй сонгуулийн сурталчилгаагаа үргэлжилүүлсээр байна.

Л.Нинжсэмжид

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих