Хувилбартай асуулт

“Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүхийг энэ удаагийнхаа буланд урьж оролцууллаа.

-Таны төрсөн улирал?

-Нар ээсэн налгар намрын улиралд мэндэлсэн.

-Сургуулийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцвал… ?

-Хоёрдугаар ангид байхдаа “Номын сайн нөхөр”-өөр өргөмжлөгдөж байсан маань сэтгэлд тод байна. 60-аас дээш ном уншсан хүүхдэд олгодог байсан шагнал шүү дээ. Бас цэцэрлэгт байхдаа Японд хэвлэгдсэн “Монголын хүүхдүүд” номонд ангийнхаа охины хамт багтаж байлаа. Энэ мэт дурсамжууд олон бий.
Урлагийн замд хөтлөж, гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн УГЖ А.Бүтэд багшийгаа хүндэлж явдаг.

-Таны шүтдэг уул?

-Уул ус, байгаль дэлхийгээ шүтэхгүй монгол хүн гэж хаана байхав. Би ч адил. Тэр дундаа Богд хан уул, Алтан-Овоогоо шүтэж, залбирч явдаг. Жил болгон Алтан-Овоогоо зорьдог юм.

-Шүтлэг?

-Буддын шашин.

-Хайр ямар өнгөтэй вэ?

-Өнгө өнгийн цэцэг алагласан нуга ямар үзэмжтэй, тансаг харагддаг билээ, яг түүнтэй адил хайрыг ертөнцийн бүх өнгөөр төсөөлдөг.

-Бурхан, чөтгөр хоёрт юу захих вэ?

-Бид бурханд юу хэлж, захихав дээ. Бурхны заасан зам, зураг төөргөөрөө л явж байгаа учраас тэр шүү дээ. Бурхан наашаа, чөтгөр цаашаа л гэж хэлье дээ.

-Та сүнс бий гэдэгт итгэдэг үү?

-Итгэдэг. Шинжлэх ухаанаар батлагдчихсан юм билээ.

-Таны дуртай хоол?

-Ерөнхийдөө Ази хоолонд дуртай. Үндэснийхээ хоолнуудаас гэвэл гурилтай шөл, чанасан маханд
нугасгүй?

-Таны дуртай дуу?

-70, 80, 90-ээд оны ретро дуунууд, өөрөөр хэлбэл, дурсамж дуунуудыг сонсоход сайхан байдаг. Бас анх хамтлагаа байгуулчихаад дуулж байсан уран бүтээлүүдээ эргэж сонсох дуртай.

-Таны үзэн яддаг зүйл?

-Зөндөө байна аа. Ерөнхийд нь тоймлож хэлбэл, замын хөдөлгөөнд соёлгүй оролцдог, машиныхаа цонхоор хог хаядаг, байгаль орчноо бохирдуулж, голын эрэг дээр машинаа угаадаг гээд үзэн ядмаар зүйлүүд их ажиглагдах юм.

-Хэлэх дуртай үг?

-Баярлалаа. Энэ үгийг харамгүй хэлж байх ёстой гэж ойлгодог. Хүн хоорондын харилцааны том соёл шүү дээ.

-Хобби?

-Зуны цагт гэр бүлээрээ байгалийн сайханд аялах хоббитой. Бас өөрийнхөө хэрэгцээнд зориулж нүдний шил цуглуулдаг. Гэхдээ тийм ч олон биш ээ. Одоогоор 20 шахам шилтэй болсон.

-Та хэр өрөвчхөн хүн бэ?

-Өр нимгэн. Гэхдээ бас хатуурхах үедээ хатуурхаж чадна. Ерөнхийдөө туг нь тааруулчихна шүү. Би одоогоос 4 жилийн өмнө найзуудтайгаа хамтраад “За” нэртэй ТББ байгуулсан. Хорт хавдартай хүүхдүүдэд тусалж, тэдэнд амьдрал, аз жаргал бэлэглэхийг зорьсон нь тэр л дээ. Энэ бол миний өрөвч чанарын илэрхийлэл юм болов уу?

-Таны ширээний ном?

-Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын бүх ном бий.

-Амьдралд хар цагаан өнгө хэрхэн оршдог вэ?

-Сүлэлдэж оршдог байх. Гэхдээ цагаан нь илүү байгаасай гэж хэлмээр байна. 90:10 бол болж байна.

-Бусдад хандаж юу хэлэх вэ?

-Их л олон зүйл хэлмээр санагддаг. Гэхдээ товчхон хэлбэл, үнэнч шударга, даруу төлөв, сэтгэлээрээ байх нь л чухал байх даа.

-Нээлттэй үлдээе…

-Танай сонинг би сайн мэднэ ээ. Бидний багад Улаан-Од нэрээр гардаг байсан санагдана. Цэргүүдийн оюуны ганц талх шүү дээ. Тийм болохоор танай сониноор дамжуулж эх орноо, эх дэлхийгээ батлан хамгаалж байгаа цэрэг дайчид Та бүхнээрээ бахархаж явдаг шүү. Та бүхний хийморь үргэлж бадарч байг гэж хэлье.

Баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье.

Дэслэгч Д.Мэндбаяр

Эх сурвалж: “Соёмбо”


URL:

Сэтгэгдэл бичих