Хонгорын хоёр начин
Хүүхэд багын юм сэтгэлд тод үлдэх юм даа. 1958 оны хавар. Аймаг бүрээс нэг бөх ирүүлэх зарын дагуу Баян-Өлгийгөөс бусад нь нэг нэг бөх явуулжээ. Харин Баянхонгор аймгаас Наваан начин, шинэ арслан Бордухаа дагуулан ирэв. Төлөвлөгөөт эдийн засагтай, төсөв зардал тооцоотой цаг болохоор тэр биз. Хоёуланг хооронд нь барилдуулж, хэн давсныг үлдээх шийд гарчээ. Хэд хэд барьц тавилцан удаан барилдсаар Бордух нь давж билээ… Жолооч болох сонирхолтой Бордух аймгийнхаа гол гудамжаар алхаж явтал хэн нэгэн шилэн хүзүүг нь өвдтөл базлаа гэнэ. Хүдэр бор хүн “Хүү чи барилддаг уу. Хоёул хүмүүсээс зайдуу газар хоёр барилдах уу” гэж хэлэв. Сумын начин Бордух “тэгье” гэж зөвшөөрснөөр хуучин төвийн арын чөлөөнд очжээ. Гурав дараалан хаясан бор хүн өөрийгөө “Улсын начин Наваан гэдэг. Манайхан бөхийн удамтай” гэж хэлэхээр нь Бордух учиргүй цочин начинг танилгүй гуравт нэг хаяхгүй яадаг юм бэ гэсэн бодлоосоо ичин зогсчээ.
Начин: Чи мань мэтээр ганц нэг мэх заалгавал жилийн дараа дийлдэхээ болих дог. Сургуулийн зааланд бөхийн зар дуулаад ирж байгаарай гэж зөвлөжээ. Нээрээ л 2 жилийн ард дийлдэхээ больж 1957 онд начны дүү Агвааныг орхин түрүүлэв. А.з болсон Агваан “Ахын, миний эсрэг бэлтгэсэн залууг яагаад ч барсангүй дээ” гэж хэлээд тэрлэгээ ханцуйлсан хошин яриатайн гэрэг. Начин өөрийнхөө халааг залгуулж, улсын цолонд хүргэх зорилготой байсан мэдээж. 1958 оны хавар Бордух хэд барилдаад ар гэрийн гачигдлаар буцсан гэлцэх.
1963 оны МБАТ-ний II спартакиадын үндэсний бөхөд у.н Нямжанцан, а.а Агваан Шаравсамбуу нарын мундгуудыг цувруулан орхиж улсад шалгарав.
Наваан начин явахын нь өмнө Агваан Шаравсамбуу Баян-Овоогийн Ядмаа нартай түр амраан барилдуулж амьсгалыг овоо задлаад үдэхдээ “Олон бөхтэй ойр ойрхон барилдах учир хаяж дийлэхгүй хүнтэй удаан зууралдах хэрэггүй” хэмээн хэлжээ. Бордух 28 бөхийн тойрогт Жамц Баянмөнх Жамъяндорж нарт хялбар шороодсон бол Бээжин Сосорбарам нарт бариа зөрөөнд унав. Сосорбарам солгой тахимдах, Бээжин тонгороод тогтонгуут , хөлөөрөө суйлчихаад дэвсэн юм. Цэдэвсүрэнтэй удаан барилдаж өргүүлж унаад Пүрэв заантай гарангуут шийдсэн мэх солгой тонгорч давснаар начин цолын болзол хангажээ. Хорь давсны ард сэтгэл овоо уужирч УБДС-ийн Дашдаваатай хөлс урсган барилдсаар дархан дэгээг нь хорьж чадсангүй. Уран гараат Баттогтохыг холоос хавсраад суулгачихсан нь байнга барилдаад байвал цолоо лавтай хэд батална гэсэн үнэлгээтэй нутаг буцав. Спартакиадын өмнө аймагтаа хоёр дахь удаагаа түрүүлж, хурц чимгээ улсын начин цолоор хорь хонолгүй сольжээ. 1965 оны өвөл Говь-Алтайн БТСХ-ны дарга Ч.Дашцэрэн зэргэлдээ Баянхонгор аймгаас 4 бөх урилгаар ирүүлж, 6 барилдаан зохиов. Эхний 5-д зочин бөхчүүд торсонгүй. Бордух 2, Нямжанцан 3 түрүүлсэнд Алтайхан сэтгэл дундуур үед Пүрэв заан тээврээс буцах замдаа саатан нутгийнхнаа хөгжөөжээ. Засуул Намжилдорж гуай: Хонгорын хэдийг хотоос Пүрэв заан л ирж “дарж” өгөх юм даа. 20 жилийн ойгоор Шаравсамбууд Номинчимэд Цэрэндолгор Сочин арслангууд, аварга Батсуурь нар цуварч шороодоход залуу заан маань хаяж трүүлсэн дээ гэж сэтгэл догдлон ярьж байж билээ.
Бөхийн төлөө бүхнээ зориулсан Намжилдорж засуул нуруу намхан хүүгээ бөхийн замд буцалтгүй оруулснаар аймгийн арслан Наянбуу гэж чамбай цолтон тодорсоон. Бас нэг хүү Батсуурь нь чөлөөтийн мастер. Бордух начин сүүлийн барилдааны 3-ын даваанд идэрчүүдийн улсын аваргын хүрэл хүрэл медальт, 9-р ангийн сурагч Д.Пүрэвт уначихаад “Арван жилийн бандийг ардаа алдаад заларчихав аа” гэж хэлээд Нямжанцан начинг “Хичээмжтэй барилдахгүй яасан юм бэ” гэж ширүүлэхэд аавдаа загнуулсан хүүхэд адил хар цагаан дуугүй зогсож байсан даа. Наваан начин 1948 онд улсын начин Сүхбаатар аймгийн Жамбад амлуулан орхиж, 4-т Булганы Банзрагч 5-д Балбар зааныг давж байжээ. Ахмад начныг ахимаг насандаа үерийн жил /1966/ барилдахыг үзсээн. Нэгийн давааны хоёр дахь гараанд у.з Гүрбадамыг давсан байлдагч Долгорсүрэнг начны аманд оноожээ. Начин ёстой л хөлсөө урсган, хөлд гараа цуцтал “үзэлцээд” унахад үзэгчид “Мөн ч яс сайтай бөх юм даа” гэж шагшралдан байж билээ. Долгорсүрэн Наваан начинг Гүрбадам зааныг хаядаг мэхээрээ хоёр ахин харцагадан дайрахад барьц алдуулан тогтож байсан юм. Тавь шахсан настанд хүү шигээ залуутай хүч сорин барилдах амаргүйг хэн хүнгүй гадарлах. Төрийнхөө төв наадамд олон зодоглоогүй ч хэн хэн нь цолондоо эзэн бөхчүүд явж дээ.
Ш.Мягмар
Эх сурвалж: “Бөх”
URL: