Д.Дэмбэрэл: Хийсэн ажилтай, түүнийгээ үргэлжлүүлэх гэж буй Ардын Намын мөрийн хөтөлбөрийг анхааралдаа авах хэрэгтэй
УИХ-ын дарга, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн Дамдины Дэмбэрэлтэй ярилцлаа. Ардчилсан парламентын амьд домог, биет архив болсон тэрбээр 1992 оноос хойшхи таван удаагийн сонгуулиар ард олны дэмжлэг хүлээн сонгогдож, 20 жилийн турш төрийн үйл хэрэгт нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн алдар гавьяатай нэгэн билээ. Харин энэ удаа тэрбээр Монгол Ардын Намын жагсаалтын гуравдугаарт буюу намын дарга, Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарын дараа эрэмбэлэгдэн нэр дэвшсэн. Түүхэн үйл хэрэг, үзэл санаа, өнөөгийн улстөрийн амьдрал, улс орны хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмрээрээ аргагүй л Ардын намыг өнгөлж яваа тэрбээр бас хамгийн ахмад нэр дэвшигч. Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, улс орны хөгжлийн ирээдүй, сонгуулийн өнгө зэрэг сэдвээр бид ярилцсан юм.
Түмэн олны минь хийж, бүтээж байгаагийн үргэлжлэл
-Монгол Ардын Намын энэ удаагийн сонгуульд оролцож буй урианы утга агуулгын талаар Танаас асууя. Мөрийн хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдэд үнэхээр тэгш боломж бий болж, нийгэмд шударга ёс тогтох уу?
-Манай нам энэ сонгуульд “Иргэнд тэгш боломж, нийгэмд шударга ёс” гэсэн уриатайгаар оролцож байна. Иргэнд тэгш боломж олгоно гэдэг бол өнөөдрийн нийгэмд тавигдаж буй амьдралаас урган гарсан чухал шаардлага. 1990-ээд оноос хойшхи 20 жилийн хугацаанд иргэдийн дунд эдийн засгийн тэгш бус байдал үүссэн. Зөвхөн эдийн засгийн төдийгүй хуулийн өмнө тэгш бус байх үзэгдэл хэвийн болсон. Иргэдийн улстөрийн оролцооны асуудал ч тэгш бус байгаа нь нууц биш. Тэгш бус байдалд нөгөө л амьжиргааны төвшин дорой хэсэг өртдөг. Тийм учраас иргэддээ тэгш боломжийг олгох ёстой. Ялангуяа эдийн засгийн тал дээр анхаарах ёстой гэсэн үүднээс ийм уриатай мөрийн хөтөлбөр дэвшүүлэн сонгуульд оролцож байна.
Нийгэмд шударга ёс тогтооно гэдэг нь өнөөгийн нийгэмд тавигдаж байгаа бас нэг том шаардлага. Эдийн засаг хөгжиж, улс орон урагшаа ахихаар байна. Түүний зэрэгцээ нийгмийн баялаг ч үлэмж хэмжээгээр өсч байна. Төсвийн хөрөнгө мөнгө, хуримтлалын сантай болж байна. Гэтэл нийгэмд шударга ёс дутагдаж байна гэх шүүмжлэл ард иргэдийн дунд их байна. Иргэдийг ялгаварладаг, мөнгө хөрөнгөтэй нь илүү өндөр байр суурь эзэлдэг, бусад хэсэг нь хуулийн өмнө хүртэл хэн ч биш болдог үзэгдэл түгээмэл байгаа. Нөгөө талаар шударга бус байдал төрийн албан хаагчдад ажиглагдах нь түгээмэл учраас иргэд төрийг шүүмжилж байна. Төрийн албанд авлигал, хүнд суртал байсаар байгаа нь шударга бус байдлын илэрхийлэл болж байна. Энэ бүхнийг өөрчлөхийн төлөө манай нам ажиллана.
-Өнгөрсөнгүй ирээдүй гэж байхгүй учраас өмнөхтэйгээ тодорхой хэмжээгээр учир холбогдолтой байж гэмээнэ мөрийн хөтөлбөр амьдралд хэрэгжинэ. Ардын Намын мөрийн хөтөлбөр амьдралаас урган гарсан гэх үндэслэл юу вэ?
-Манай намын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн бүхэн наанадаж энэ дөрвөн жилд УИХ, Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрт үндэслэж, эндээс урган гарсан, Мөн түмэн олны минь хийж бүтээж байгаагийн үргэлжлэл, бас тэдний захиалга юм. Өнгөрч буй хугацаанд парламентад олонхи болсон Монгол Ардын Нам дөрвөн жилийн өмнөх сонгуулиар тавьсан зорилтоо ер нь биелүүлсэн. Томоохон бодлого, зорилтууд биелсэн учраас улс орны хөгжил, хүн ардын амьдрал ахуйд ч ахиц дэвшил зөндөө л гарсан. Жишээлбэл, манай намын мөрийн хөтөлбөрт бүх сумыг шилэн кабелиар холбоно гэж тусгасан. Өнгөрсөн дөрвөн жилд нийт 180 сумыг шилэн кабельд холбож, 15 200 км шилэн кабель татсан байна. Одоо үлдэж байгаа сумаа холбох ажил яригдаж байна. Ингэснээр энэ удаа дэвшүүлсэн манай намын урианд байгаа шиг иргэдийн хувьд бас л боломжууд нэмэгдсэн. Шилэн кабельтай холбогдсон сумын иргэд мэдээлэл авах боломж нь нэмэгдэнэ. Ингэснээр бүх сум интернэтэд холбогдож, телевизийн олон сувгийг хот, хөдөө газар сайгүй үзэж болно. Хөдөлгөөнт холбоо үүрэн телефоны тоо нэмэгдэж, чанар хүртээмж сайжирна. Бүх сумыг шилэн кабелиар холбох зорилт үндсэндээ хэрэгжсэний ач холбогдол эндээс тодорхой харагдаж байна. 2008 онд 42 мянган хүн интернэтэд холбогдож байсан, тэгвэл одоо энэ тоо 400 мянгад хүрчээ. Дөрөвхөн жилийн дотор 10 дахин өссөн байна. Харилцаа холбооны салбарын хөгжил цаашдаа, ирэх дөрвөн жилд бүр ч өндөр төвшинд хүрнэ. Цахим гарын үсэг хэрэглэх тухай, иргэдийн мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэх, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдан авах, тендерийн материал, шүүхийн шийдвэр төрийн байгууллагуудын үйл ажиллагаа зэргийг иргэдэд ил тод, нээлттэй болгоход цахим мэдээ, мэдээлэл онцгой үүрэг гүйцэтгэдэг болно оо.
-Дэд бүтэц, тэр дундаа зам харгуйн асуудал бас л Монгол Ардын Намын дэвшүүлсэн том зорилт байсан…?
-Монгол эх орондоо бүтээн байгуулалт өрнүүлэхийг эрхэм зорилгоо болгодог Монгол Ардын Нам дэд бүтцийн хөгжлийн асуудалд асар их анхаарал тавьсаар ирсэн. Энэ утгаараа өнгөрч буй жилүүдийн, бас ирэх жилүүдийн зорилтод ч энэ асуудал онцгой байр суурь эзэлж байна. Жишээлбэл, бид 1800 км төмөр зам тавих боломж бүрдэж байна. Үүнээс 600 км-ыг нь энэ удаагийн Засгийн газар бариад эхлүүлчихлээ. Ер нь бол төмөр замаар стратегийн ач холбогдолтой орд газруудтай бүс нутгуудыг холбоно гэдэг асар их ач холбогдолтой. Эрдэс баялгаа эх орондоо, аль шаардлагатай, ус, хүн хүчний боломжтой газар байршлуудад боловсруулах боломжтой болно. Мөн, дотоод гадаадын, түүний дотор зөвхөн Азийн гэлтгүй Европын зах зээлд эрдэс баялгаар хийсэн бэлэн бүтээгдэхүүнээ гаргах нөхцөлөөр хангагдана. Авто замын хувьд бид нийт найман аймгийг холбох зорилт тавьсан. Сүүлийн гурван жилд 1480 км засмал зам барьж, ашиглалтад оруулсан. 1456 км замыг өнөө жил тавих гээд эхлүүлээд явж байна. Үүнээс 800-гаад километрийг энэ ондоо ашиглалтад оруулна. Тэгэхээр аймаг, сумдыг хатуу хучилттай замаар холбох зорилтын томоохон сууриудыг энэ парламент, Засгийн газар тавьж чадсан. Багуудыг цахилгаан эрчим хүч, өндөр хүчдэлийн шугаманд холбох зорилт бүрэн биелнэ. Өнгөрсөн дөрвөн жилд 5600 км урт өндөр хүчдэлийн шугамыг дэд станцуудынх нь хамт тавьсан. Ирэх дөрвөн жилийн Ардын Намын хөтөлбөрт тусгагдаад байгаа дэд бүтцийн талаархи зорилт нь өмнөхийн үргэлжлэл болж, бодит байдлаас урган гарснаараа онцлогтой.
ЦАЛИН, ХӨЛСИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АМЬДРАЛЫН ШААРДЛАГА, НИЙГМИЙН ЗАХИАЛГА ЮМ
-Хүн ардынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого бол зүүн төвийн үзэл баримтлалтай Ардын Намын чухал зорилт. Өмнөх жилүүдийн бодлого ирэх жилүүдэд хэрхэн үргэлжлэх вэ?
-Нийгмийн асуудал гэдэг бол хүний анхдагч хэрэгцээнээс үүсдэг асуудал. Хүнд хоол, унд зайлшгүй хэрэгтэй шиг орон байр түүнээс ч дутахгүй чухал. Ирэх дөрвөн жилд 200 мянган айлын орон сууц гээд томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхээр манай нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ийм олон орон сууц барих бүрэн боломжтой гэж бид үзсэн. Орон сууцны тооллогын дүнгээс үзвэл нийт өрхийн 54 хувь нь ямар нэг байдлаар байранд амьдарч байна. Нийт 710 мянган өрхөөс 45.2 хувь нь гэрт амьдарч байна. Тэгэхээр 300 гаруй мянган өрх гэрт амьдарч байна гэсэн үг л дээ.
Хүн амын өсөлт хурдтай явагдаж, өрх гэрийн тоо жил ирэх тусам нэмэгдэнэ. Ийм болохоор 200 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг нь байр орон сууцгүй өрхийн тоондоо л тааруулсан бодлого байгаа биз. Тэр дундаа залуучуудад зориулж энэ хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Дунджаар 40 метр квадрат талбайтай орон сууцыг залуучууддаа зориулан барина гээд хөтөлбөртөө заачихсан байгаа. Зөвхөн Улаанбаатар хотод биш, нийт сууцныхаа 25-аас доошгүй хувийг хөдөөд барина. Мөн орлого багатай иргэн, айл өрхөд, зориулж сарын 0,5 хувийн хүүтэй 25 жил хүртэлх хугацаатай орон сууцны зээл олгох шийдвэр гарсан.
Монгол Ардын Нам мөн цалинг 1.3 сая төгрөгт хүргэх зорилт тавьсан. 2008 онд дундаж цалин 300 мянган төгрөг байсан бол одоо 630 мянгад хүрсэн байна. Цаашдаа монгол хүний хөдөлмөрөөрөө амьдрах боломжийг улам нэмэгдүүлэх шаардлага байгаа учраас, цалин хөлсийг нэмэх боломж байгаа учраас бид мөрийн хөтөлбөртөө ингэж орууллаа. Хоосон амлахын тулд цалинг 1.3 саяд хүргэнэ гэж тусгаагүй. Энэ бол амлалт гэхээсээ илүү амьдралын шаардлага, нийгмийн захиалга юм. Энэ үндсэн дээр дундаж, чинээлэг амьдралтай иргэд дийлэнх нь болсон нийгмийг байгуулах юм. Бид бас макро түвшний бодлого, зохицуулалтыг ч анхаарна. Инфляцийн өсөлтөөс хамгаалж, үнийг хөөрөгдөхгүй байх асуудлыг урьдчилан харж байж цалинг нэмэх бодлого хэрэгжүүлнэ. Өндөр настны тэтгэвэр мөн цалинг дагаж нэмэгддэг шүү дээ. Угаасаа хууль нь тийм. Цалингийн хэмжээг харгалзан, тэтгэврийн хэмжээг тогтоодог. Иймээс тэтгэврийн хэмжээ дагаад нэмэгдэнэ. Тэтгэврийн зөрүү арилсныг ахмадууд одооноос мэдэрч байгаа.
-Ардын нам амласан 1.5 сая төгрөгөө өгсөн үү гэсэн асуудал үүсч байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Манай нам зорилтоо ер нь биелүүлсэн. 1.5 сая төгрөг олгохтой холбогдсон асуудал шийдэгдэж байгаа шүү дээ. Хувьцааны өсөлт, хувь ашгийг хүлээгээд суух боломжгүй ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ төр хайр халамжийн гараа сунгаж, тэдний хүсэлтийн дагуу бэлэн мөнгийг нь шууд өгч байгаа. Сурч боловсорч буй оюутнуудаа ч харж үзэх ёстой. Тэд бидний ирээдүй. Зарим хүн үүнийг биелэхгүй байна гэж мушгин тайлбарлаж байгаа явдал их байна. Ер нь хүний хийсэн бүтээснийг үзээгүй дүр эсгэх, үгүйсгэх, хийгээгүй юм шиг ярьж суудаг тийм зүйл байж болохгүй. Орчин үед мэдээллийн хэрэгсэл хүчтэй болчихсон, хийсэн зүйл олны нүдэн дээр ил болчихсон байхад хийж бүтээснийг хийгээгүй гээд байж болохгүй биз дээ. Дээр үед радио, телевиз, холбоо харилцаа багатай байсан үед Засгийн газар юу ч хийгээгүй гэхэд нээрээ ч тийм юм уу гэх байсан. Одоо энэ цаг үед ийм яриа ач холбогдол багатай юм. Тийм учраас өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйл бол балрахгүй ул мөртэй зүйлүүд байгаа юм.
ИРГЭНДЭЭ ТЭГШ БОЛОМЖ ОЛГОЖ, НИЙГЭМДЭЭ ШУДАРГА ЁС ТОГТООЖ БАЙЖ ХУВААРИЛАЛТ ЗӨВ ЯВАГДАНА
-Хөрсөн доорх баялгаасаа хүндээ хүртээх “Хүний хөгжил сан”-гийн хууль цаашид үргэлжлэн хэрэгжих үү. Ардын Намын мөрийн хөтөлбөрт энэ асуудал хэрхэн тусгагдсан бэ?
-Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр дотор хүнтэй холбогдсон асуудлууд чухал байр суурь эзэлж байгаа. Тэр дундаа хүнээ хөгжүүлнэ гэдэг асуудал бол тэргүүний зорилт. Боловсрол, эрүүл мэнд гээд бүх л талаар монгол хүнийг өв тэгш хөгжүүлэх асуудлыг бид дэвшүүлж байна. “Хүний хөгжил сан”-гийн хуулийг бид батлан гаргасан. Энэ бол өнгөрөн дөрвөн жилд парламентын шийдсэн хамгийн том зүйл. “Хүний хөгжил сан”-гийнхаа нөөцийг бүрдүүлэх боломж, эх үүсвэрүүдийг заачихсан байгаа. Ер нь бол байгалийн баялгаас олж байгаа орлогыг “Хүний хөгжил сан”-д хуваарилах замаар ард иргэд, нийгэмд байгалийн баялгийг хүртээж байна. “Хүний хөгжил сан”-гийн хуулийг дагаж хувь хишиг хүртээх тухай хууль гарсан. Энэ бодлогыг цааш үргэлжлүүлнэ гэж Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Ирэх долдугаар сарын 1-нээр 21 мянган төгрөгийг өгч дуусгаснаар 1.5 сая төгрөг өгөх ажил дуусгавар болж байгаа. Үүнийг орлох асуудлыг Халамжийн тухай хуулиар зохицуулж өгсөн. Өнгөрсөн жилүүдэд ажил хөдөлмөр эрхэлдэг, орлого ашиг өндөртэй хүмүүст хүртэл энэ мөнгийг өгч байсан. Цаашид үүнийг үнэхээр хэрэгтэй хүмүүст нь өгье, өгөхдөө өгсөн шиг ахиу дөхүү өгөхөөр зорьж байна. Сонгууль болж байгаа учраас улстөржүүлэх асуудал гарч байна. Долдугаар сарын 1-нээс хойш 21 мянган төгрөг өгөхөө болиод ард түмэн хохирч байгаа юм биш үү гэж. Огт хохирч байгаа зүйл байхгүй. Харин орлого багатай хэсгийн халамжийг нэмэгдүүлэх хууль гаргачихсан байгаа гэдгийг зориуд тэмдэглэж хэлье. Нөгөө талаар даатгалын шимтгэл төлөөгүйгээсээ болоод тэтгэвэрт гарахад бэрхшээл үүсдэг тал бий. Энэ асуудлыг УИХ, Засгийн газраар хэлэлцээд Халамжийн хуульд маш тодорхой зүйл тусгасан. Тэтгэвэр авах эрх нь нээгдээгүй иргэдийг халамжийн мөнгөн тэтгэвэрт хамааруулах юм. Энэ нь нийгмийн даатгалаа төлж чадаагүй манай ахмад настай хүмүүст үзүүлж буй төрийн том дэмжлэг. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд ч бас хамаатай.
-Арван мянган үйлдвэр барихаар Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгасан. Ийм тоо гаргасан нь үнэхээр тооцоо, судалгаатай юу?
-Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх асуудалд онцгой анхаарал тавьж, үйлдвэрлэлийн 10 мянган үйлдвэрийг байгуулна гэсэн зорилт тавилаа. Энэ нь иргэдээ ажилтай болгох, улс орноо хөгжүүлэх хамгийн том зорилт юм. Нэлээд тооцоо, бодлоготойгоор уг асуудлыг тавьсан. Төр, засаг дэд бүтцэд яаж анхаарч буйг дээр би хэлсэн. Үүний учир шалтгаан ойлгомжтой. Цахилгаан, дулаан, дардан зам, түргэн шуурхай тээвэр, холбоо, мэдээлэлгүйгээр чанартай, хөдөөгийн хот айлд хүрсэн хүртээмжтэй хөгжил, бүтээн байгуулалт, зах зээлийн сүлжээ бий болохгүй ээ. Бидний ирээдүйн зорилт бол малчин малаа, ашиг шимээ сумынхаа, ойр орчныхоо үйлдвэрүүдэд худалдчихаад сэтгэл амар суудаг яг гэрийнх нь гадаа очсон үйлдвэрлэл үйлчилгээтэй болох ёстой. Нөгөө талд мөнгө санхүүжилтгүйгээр хоосон яриа байж болохгүй. Жижиг, дунд үйлдвэрлэлд зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдсэн. Жижиг, дунд үйлдвэрийн санг тусад нь байгуулж, 300 тэрбум төгрөг хуримтлуулж, эргэлдэж байна. Ер нь жижиг, дунд үйлдвэрийн сан байгуулна, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гэж 20-иод жил ярьсан л даа. 300 тэрбум төгрөгийн энэхүү сангийн хөрөнгө цаашдаа нэмэгдэнэ. Намын хөтөлбөрт 1,2 их наяд төгрөгөөс дутахгүй эргэлтийн сантай болгоно гэж заасан. Түүнээс гадна сум болгонд 50-250 сая төгрөгийн “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлсэн. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх олон төсөл хэрэгжиж байна. Хүмүүс ч их анхаарч харж, хүлээж байгаа. Эдгээр сангийн хөрөнгө маш бага хүүтэй иргэдэд хүрч байгаа. Сүүлийн дөрвөн жилийн хот, хөдөөгийн хөгжлөөс үзэхэд жижиг, дунд үйлдвэрлэл асар хурдан хөгжих боломж, суурь тавигдсан байна. Тэгэхээр энэ хөрсөн дээр 10 мянган үйлдвэр баригдах боломжтой гэж үзэж байна. Энэ бол бидний иргэдэд өгч байгаа хамгийн том боломж. Хөдөлмөрлөх, малчид өрхийн үйлдвэрлэл эрхлэх эсвэл хоршоололд нэгдэж үйлдвэрлэл эрхлэх, ажилгүй хүмүүс ч цаашдаа ажил олох боломж энэхүү зорилтын цаана хадгалагдаж байгаа. Энэ үндсэн дээр 300 мянган хүнийг ажлын байртай болгохоор зорьж байна.
-Нийгмийн онцгой бүлэг болсон малчдад зориулсан ямар бодлого хэрэгжих вэ?
-Малчдын хувьд өнгөрсөн дөрвөн жилд онцгой анхаарал тавьсан. Татварын хөнгөлөлт, урамшуулал олгож байгаа. Малын халдварт өвчнөөс сэргийлэх, вакцинжуулах, эрүүлжүүлэх ажлыг төрөөс дэмжлэг үзүүлэн зохион байгуулж байна. Малын үүлдэр угсааг сайжруулж байна. Хамгийн гол нь эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалтын өрнөлтийг дагаж, мах, түүхий эдийн үнэ, ханш малчдын амьдралыг хэвийн түвшинд хүргэсэн. Үүний нөгөө талд “Атрын III аян”-ы үр дүнгээр малчдын маань гол хэрэглээ болох гурилын үнэ энэ дөрвөн жилд ганцаараа нэмэгдэхгүй үлдэж, бас ч жаахан хямдарсан. Зуд турхан, санхүүгийн хямрал, өр төлбөрөөс гарахад нь 21 мянган төгрөг малчдад бас тус дэм болсон шүү.
Малын ноосны урамшуулалд өнгөрсөн хоёр жилд 40 тэрбум төгрөг зарцуулсан нь малчдад үр өгөөжөө өгсөн. Нэг килограмм ноосонд 2000 төгрөгийн урамшуулал өгдөг болсон. Энэ бол байгаль орчин, ард түмнийхээ чанартай махны хэрэглээг бодолцсон, халуун хошуут хонин сүргээ өсгөж, сүргийн бүтцээ сайжруулах гэсэн бодлоготой ч холбоотой. Үүнтэй зэрэгцээд газар тариалангийн урамшуулалд 50 тэрбум төгрөг бас олгосон. Тариаланч, малчдад Ардын Намаас авч хэрэгжүүлсэн эдгээр арга хэмжээ үр өгөөжөө өгсөн. Үүнийг үргэлжлүүлэх боломжтой юм. Монголчууд хүнсний ногоо, үр тариагаар өөрсдийгөө хангадаг боллоо. 2008 онд малчид маань банкны зээлтэй, банкны данстай малтай болсон гэж нийтээрээ ярьж байсан. Бид ноолуурын үнийн зөрүүд 20 тэрбум төгрөг гаргаж өгч байсныг санаж байгаа байх. Малчид өрнөөсөө салсан, банкны салбар ч мөнгөө эргүүлж аваад эрүүлжсэн. Биднийг “76 ямаа” гэхчилэн баахан л шуугисан. Бид ямаанд мөнгө өгөөгүй, малчдадаа л өгсөн.
-Энэ удаагийн сонгууль аядуу намдуухан болж байгаа нь мэдээж эрх зүйн шинэ орчинтой холбоотой. Ер нь сонгуулийн өнгийг Та хэрхэн тодорхойлох вэ?
-Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулж байгаа хууль бол үнэхээр чамбай хууль болсон гэдгийг тэмдэглэн хэлье. Сонгуульд ард иргэд маань идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Идэвхтэй оролцохыг ч уриалж байна. Гэхдээ сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сайн үзэж байж, намуудаас сонголтоо хийх хэрэгтэй юм аа. Ялангуяа Ардын намын хэрэгжих үндэслэлтэй, хийсэн ажилтай, түүнийгээ үргэлжлүүлэх гэж байгаа мөрийн хөтөлбөрийг анхааралдаа авна байх гэж найдаж байна. Өнгөрч буй дөрвөн жилд улс орны хувьд цаашдын хөгжлийн үнэхээр баттай суурь тавигдлаа. Эдийн засгийн өсөлт 17-19 хувьд хүрлээ. Тэр их орлогыг зөв хуваарилах, бүтээн байгуултын ажилдаа зориулах, эрчим хүч, үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд зөв мэргэн бодлого хэрэгтэй. Иргэндээ тэгш боломж олгож, нийгэмдээ шударга ёс тогтоож байж хуваарилалт зөв хийгдэх нэг үндэс болно. Энэ удаагийн сонгуулийн санал хураалтын үеэр иргэд нэр дэвшигчийг сонгохоос гадна намыг сонгоно. Намыг сонгохын тулд тэр намын мөрийн хөтөлбөрийг сайн судлах хэрэгтэй. Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийг анхаарч, ард иргэд дэмжиж, санал өгнө байхаа гэдэгт итгэж байна.
Т.Бүдээхүү
URL: