Архигүй Монголын төлөө үндэсний сүлжээнд нэгдэцгээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Архигүй Монгол” уриалгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эвсэн ажиллах үндэсний сүлжээ байгуулах арга хэмжээ өнөөдөр  “Иргэний танхим”-д боллоо. Уг арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга үг хэлэв.

Тэрээр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Архи Монголын бахархалтай нийцэхгүй, архи Монголын амжилттай тохирохгүй, архи гоо сайхантай зохицохгүй” гэж оны босгон дээр хэлээд шинэ ондоо айл өрх, албан байгууллага, хувь хүн бүхэн архи хэрэглэдэггүй байхыг уриалж сүүтэй хундага өргөн барьсныг монгол түмэн мэдэж байгаа. Түүнээс хойш олон төрийн, төрийн бус байгууллага уухайлан дэмжиж янз бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өнөөдөр энд бид архитай яаж тэмцэх, ингэхийн тулд юу хийх, архигүй монголын төлөө сүлжээг байгуулснаар ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг хэлэлцэхээр хуран цугласан гэж ойлгож байна. Ерөнхийлөгчийн уриалгыг хот, хөдөөгүй дэмжиж байна. Саяхан Ерөнхийлөгч Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгаар яваад ирлээ. Тэнд уулзаж, үг хэлж байгаа хүмүүсийн 70 хувь нь энэ санаачилгаасаа бүү ухраарай. Энэ бол таны хийж бүтээсний чинь 50 хувьтай тэнцэх үр дүн авчирна шүү. Та үүнийг хийчихвэл өөрийн амлалтын 50 хувийг хийсэнд тооцоорой гэж сэтгэлийн дэм өгч дэмжиж байна лээ. Олон айлаар ороход нь архи сархад бариагүй сүү цайгаараа зочилсон юм билээ. Төрийн байгууллагууд ганцаараа тэмцээд үр дүнд хүрээгүй. Хуулиа чангалж үзсэн. Архиа хориглож үзсэн. Тэгэхээр хамгийн гол нь архи, архидалттай тэмцвэл хүнтэйгээ л ажиллах хэрэгтэй юм байна. Хүнтэй, хүний оюун ухаантай ажиллаж байж л бид үр дүнд хүрэх юм байна. Яагаад бид архидалттай тэмцэх гээд байна вэ. Энэ архидалт бол нийслэлийн агаарын бохирдол шиг, тэр утаа шиг томоохон гамшгийн хэмжээнд хүрчихээд байна. Архи монголд хавтгайрсан юм байна лээ. 12-16 насны хүүхдүүдийн дунд судалгаа хийхэд 6 хувь нь согтотлоо ууж, 54 хувь нь амсаж байсан гэж хариулжээ. Санал асуулгад оролцсон хүүхдүүдийн 60 хувь нь архитай холбогдсон байна. Энэ бол том дохио гэж хэлж болно. Насанд хүрэгчдийн 10 хувь нь хортой үр дагаварт хүрэх хэмжээнд архи хэрэглэж байна. 22 хувь нь архины донтой болчихсон юм байна. Үүнээс харахад эрэгтэй 3 хүн бүрийн нэг нь архийг маш их уудаг болжээ. Эмэгтэйчүүд нь арай гайгүй, гэхдээ 15-20 хувьтай байгаа юм. 4 томоохон ноцтой хэргийн нэг нь архитай холбоотой байдаг. Ингээд бодохоор архи монголын нийгэмд, хүмүүсийн эрүүл мэндэд ямар их хортой нь харагдаж байна. Монголын бүх өрхийн 60-70 хувь нь архины зовлонг амссан байдаг. Тийм учраас бид архитай тэмцэж байна. Уул уурхай хөгжиж, дэлхий өнөөдөр Монгол орныг сонирхож байна. Монгол эрчимтэй хөгжлийн замд орж байна гэж ярьж байна. Үүнийг, энэ хөгжлийг  монгол хүний хөдөлмөр, оюун ухаанаар л бий болгоно. Үүнийг эрүүл монгол хүн л хийнэ, өвчтэй монгол хүн хийхгүй. Тэгэхээр архидалт монголын өнөөдрийн, ирээдүйн хувь заяа, томоор хэлбэл үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудалтай холбоотой болчихоод байгаа юм. Иймээс  та бүхэн энэ “Иргэний танхим”-д дуу хоолойгоо нэгтгэж, цаашид архины эсрэг үйл ажиллагаагаа хамтран явуулна гэдэгт итгэж байна. Архигүй Монголын төлөө үндэсний сүлжээгээрээ дамжин хамтран ажиллаж тодорхой сайхан үр дүнд хүрнэ гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч итгэж байгаа шүү гэдгийг уламжилая” гэв.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих