Тираннозаурус батаарыг Монголд нь буцаах талаар АНУ-ын өмгөөлөгчийн газраас мэдээлэл хийв
АНУ-ын Нью-Йорк хотод өнгөрсөн тавдугаар сард Тираннозаурус батаар хэмээх үлэг гүрвэлийн ясыг дуудлага худалдаанд оруулах гэж байна гэдэг мэдээ цацагдсан юм. Түүгээр ч зогсохгүй уг олдворыг 1.1 сая ам.доллараар худалдсан гэж байгаа. Гэвч энэ үлэг гүрвэлийн яс Монголын хилээр хууль бусаар алдагдсан байж магадгүй гэж манайхан үзсэн учраас асуудлыг хөөцөлдсөний эцэст заргаа авсан билээ. Ингээд Тираннозаурус батаар үлэг гүрвэлийн яс нь Монголын говиос олдсон болохыг Америк, Канад, Монголын эрдэмтдийн хамтарсан баг нотолсон билээ. Харин Монголоос хулгайлагдсан энэхүү динозаврын ясыг эх нутагт нь буюу Монголд буцаах тухай гомдлын дагуу АНУ-ын Өмгөөлөгчдийн газраас мэдээлэл хийсэн байна. Тэд мэдэгдэлдээ “Тираннозаурус батаарыг Монголын говь цөлөөс хулгайлж, АНУ-д хууль бусаар авчирсан” гэдгийг тодорхой дурджээ. Нью-Йорк хотын өмнөд дүүргийн асуудал хариуцсан өмгөөлөгч Приит Барара “Динозаврын ясны үлдэгдэл нь монголчуудын түүхийн болон соёлын үнэт олдвор бөгөөд энэ улсын түүхийн өмнөх үетэй нь холбоотой. Үнэт олдворыг палеонтологичид саяхан Говийн их элсэн цөлөөс 1995-2005 оны үед хийсэн малтлагаар олсон. Гэвч үүнийг Монголоос хэн нэг нь хулгайлжээ. Тиймээс бид ийм хууль бус үйлдлийг таслан зогсоож, олдворыг эх нутагт нь буцааж өгөхийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн ярьжээ. Мэргэжилтнүүдийн гаргасан урьдчилсан таамгаар бол Тираннозаурус батаарын ясыг 2010 оны гуравдугаар сард Их Британи улсаас Америкийн талд худалдсан гэнэ. Уг үлэг гүрвэл 70 сая жилийн өмнө амьдарч байсан гэдэг мэдээлэл байна. Динозаврын яс олдсон газрыг Их Британи хэмээн тэмдэглэсэн байдаг аж. Шүүхийн бичиг баримтад мэдэгдсэнээр батаар Нью-Йоркийн Саннисайд хотын Кадоган Тэйт урлагийн музейд хадгалаастай байжээ.
Д.ЦЭРЭНДОЛГОР
URL: