40000 айлын балгас хөтөлбөр Монголд /фото сурвалжлага/
Та бүхэн мэдэх л юмыг чинь бичиж байна л даа. Тээр жил манайхан нээх аймаар баахан юм болж болж Орос ах нарыгаа гэнэт л хамаг бүтээн байгуулалтыг нь зогсоон барин байж бараг л аягатай цайных нь уурыг нь савсуулан байж орхиулаад хөөж гаргасныг санаж байгаа байх.
Хамгийн том жишээ нь л гэхэд одоо UB Palace энэ тэр гэсэн газрууд зарим нэгийг нь эзэмшээд зарим нь динзаворын араг яс мэт сэрийн үлдсэн мундаг том спорт цогцолборыг л гэхэд яг сайхан барьж байхад нь нийвий, тоосгыг нь хаяулаад хөөгөөд гаргасан. Энэ бол захын л жишээ.
Би энэ тэрүүгээр их дэмий тэнэсэн хүн л дээ. оросуудыг гарсаны дараахнаар очиж харж байхад гэрэл гэгээ, шил толь болсон амьдрал цэцэглэсэн сайхан газар байсан бол хэдхэн сарын дараа очиход нөгөө аймшгийн кинон дээр гардаг балгасан хот мэт болгосон байгаа нь үнэхээр сэтгэл хиртхийлгэм санагдаж байсан.
Болоогүй тэр үеэр Оросын хогоор /хогоор юу байхав уг нь улс нь бүртгээд авсан бол Социализмын материал техникийн бааз гээч нь байсан юм/ баяжсан нөхдүүд нь бараг л шилийн сайн эр байсан, эрийн сайндаа баяжсан мэтээр бахархан ярьж байхтай олон таарч байлаа. Тухайн үедээ бол хүнд булаалгасан юмаа хамж авч байгаа мэт л онгирцгоож байсан байх л даа.
Гэтэл өнөөдөр тэр сайхан тосгон, хороолол, магадгүй жаахан дэгэсдүүлвэл бүхэл бүтэн хотууд хэнд ч хэрэггүй сэрийсэн балгаснууд болон үлдсэн байна.
Шал, хаалга, цонхны хүрээ гэх мэт модон эдлэлүүд нь шатаагдсан байх, аригтай нэг нь амбаар барьсан байлгүй дээ. Цахилгааны монтажууд болон сантехникийн эд ангиуд бол машаан машаанаараа урд ахынхруу залагдсан нь тодорхой.
Миний л мэдэхээр Чойрын орчимд, Эрдэнэтийн орчимд, Бага-Нуурын орчимд, Зүүнбаянгийн орчимд, Дорнодын хаа сайгүй гэх мэт олон сайхан балгаснуудыг харжээ байхад нөгөө 40,000 орон сууцаа өөрсдөө устгаад хаячисан мэт санагдана.
Хамгийн сүүлийн байдлаар Чойрт л хэдэн балгасыг засаж хүн оруулсан байсан. Бусдыг нь бол нохой, шувууны үүр хэвээр нь одоо ч “хадгалсаар” л байгаа.
Би мэдэхгүй байна л даа. Тэр хуучин байрнуудыг сэргээн засах нь шинэ байр барихаас ч долоон дор зардалтай байж болох л юм. Гэвч ямар ч байсан рам нь байгаа юмыг бөглөөд битүүлээд авах нь шинээр барихаас хямд байх болов уу гэсэн “тэнэглэл” байгаад байгаа юм. Энийг энэ 40,000 орон сууцны хөтөлбөрийхөн харахгүй байгаа юм болов уу харсан ч ач холбогдол өгөхгүй байгаа юм болов уу?
За даа ер нь бол Монголд 40,000 айлын орон сууц барих гээд байхад 40,000 балгас байсаар байгаа гэдгийг л сануулах гэсэн юм.
Тэр буйд газар хэн очиж амьдрах вэ дээ гэх хүн байж магадгүй л юм. Гэвч “Уух ус байвал, Хутгах шанага олдоно” гэдэг үгийг санах л хэрэгтэй л дээ. Хэн нэг нь тухайн байшингуудыг сэргээж гэмээнэ, тэнд ямар нэгэн үйлдвэр /ажлын байр/, үйлчилгээ /амьдрах орчин/ байгуулж гэмээнэ тохилог орон сууцанд нь амьдран тов хийсэн амьдрал зохиох хүмүүс зөндөө л энэ хотын зах дагуу уулын орой, үерийн далан, шарилын газар дээр амьдарч байгаа гэдэгт итгэнэм. Гол нь мэргэн төрийн ухаантай бодлого л хэрэгтэй болов уу?
Ингээд та бүхэнд Зүүнбаянд байгаа багцаалдвал 500 айлын балгасыг дурандаа буулгаснаа эд мөрийн баримт болгон сонирхуулъя. Орон сууц, ресторан, зочид буудал, халуун ус, хүүхдийн цэцэрлэг байсан барилгууд өнөөдөр ийнхүү элсний хэрэм болон хэвтэж байна даа.
Зурган дээр дарж томруулан ажиглаж болно шүү.
URL: