Г.Бадамрагчаагийн ах Г.Нороврагчаа: Дүүгийн маань толгойд уут углаж баривчлаад, буу тулгаж байцаасан

Дүүгээ баривчлагдсан гэдгийг эхнэрээсээ сонссон. Тавдугаар сарын 7-ны өдөр 11.00 цагийн үед гэрээсээ гарч ирэхэд нь хар хувцастай, бүрэн зэвсэглэсэн залуус толгойд нь уут углаж авч явсан байгаа юм. Намайг 19.00 цагийн үед очиход ч толгойд нь угласан уутыг аваагүй л байсан. Харин өдөр нь уутыг нь нэг удаа авсан гэж байгаа. Авахад нь хоёр талд хоёр залуу буу тулгаад “ярь” гээд зогсч байсан гэсэн.

Энэ тухайгаа дүү минь хорих 461 –р ангиас бичсэн захиандаа тов тодорхой бичсэн байна. Хамгийн ноцтой нь ТЕГ-ын байцаагч Энхтөр Хорих 461-р ангийн төлөөлөгч Бат-Эрдэнийг удаа дараа оруулж “Ах чинь намайг явууллаа, би ахыг чинь танина. Хэргийг чинь зохицуулж ярих гээд байна. Чи ийм маягаар байцаалт өг” гэж шаардлага тавьсан байгаа юм. Мөн ТЕГ-ын Чингүүн гэдэг нөхөр хэд хэдэн удаа очиж тулгалт хийсэн байна лээ.  Тухайлбал , “чи энэ хэргийг хийсэн ч , хийгээгүй ч 20 жилийн ял авна. Тиймээс ингэж ярих нь зөв. Мөн өмгөөлөгчдөөсөө татгалз” гэсэн байна. Тэрбээр бас дүүтэй маань уулзахдаа “Одоо Энхтөр байцаагчид байцаалт өгнө. Тиймээс сургуулилт хийх ёстой” гэх зэргээр хэлэх үгийг нь зааж өгч сургуулилт хийхийг шаардаж дарамталсан. Эсэргүүцэхэд нь “Тэгвэл чамайг Төв аймгийн хорих руу шилжүүлнэ. Бүр болохгүй бол цаазаар авах асуудлыг ярина” гэсэн байгаа юм. ТЕГ ийм маягаар хэрэг тулган нотлохыг оролдож байна.

“ҮНДЭСНИЙ ШУУДАН” СОНИН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих