Facebook “буруу” рекламынхаа төлөө торгууль төлнө

Хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг рекламны зорилгод ашигласан талаарх шүүх ажиллагаанд Facebook ялагдсан тухай Reuters мэдээллээ. Шүүхийн шийдвэрээр нийгмийн сүлжээ буяны зориулалтаар 10 сая доллар зарцуулах юм байна.

2012 оны тавдугаар сард Калифорнийн шүүх хувийн мэдээллийг нь “Ивээн тэтгэгчтэй мэдээ” (Sponsored Stories) үйлчилгээнд зөвшөөрөлгүй ашигласан хэмээн Facebook-ийг буруутгасан таван хэрэглэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн билээ.

“Ивээн тэтгэгчтэй мэдээ” үйлчилгээ 2011 онд анх эхэлсэн юм. Энэ нь хэрэглэгчдийн мэдээллийг брэндийн нэртэй хамт багтаасан, эсвэл хэн нэгний “Like” тэмдэглэгээ бүхий реклам захиалагчдын мөнгийг нь төлсөн зарлалууд билээ. Үүн дотор, нэр, овог, фото зэрэг хэрэглэгчийн аккаунтын мэдээллийг иш татсан байдаг юм.

Калифорнийн нэхэмжлэгчид Facebook-т нийгмийн сүлжээн дэх өөрсдийн үйлдлийн талаарх мэдээллийг ашиглах зөвшөөрөл өгөөгүй гэдгээ мэдэгдээд, ийм мэдээлэл түгээх нь тэдэнд эдийн засгийн хохирол учруулж байгааг баталж чадсан байна.

“Ивээн тэтгэгчтэй мэдээ”-нд хувийн мэдээллийг нь ашигласан талаарх хэрэгт хэрэглэгчид ялалт байгуулсан нь Facebook-ийн энэ төрлийн рекламын хөгжлийн цаашдын төлөвт эргэлзээ төрүүлж байгаа юм. Сүлжээнийхэн хэрэглэгчийн өгөгдэхүүнийг ашиглах асуудлын эрх зүйн шийдлийг олох хэрэгтэй болж байна гэсэн үг.

“Ивээн тэтгэгчтэй мэдээ” гэсэн рекламын төрөл нь реклам захиалагчдын хувьд дэлгэцийн бусад энгийн рекламаас 2-3 дахин илүү үнэтэй тусч байгаа юм.

Чухам реклам Facebook-ийн хувьд орлогын үндсэн эх үүсвэр билээ. 2011 онд компанийн нийт орлого 3,7 тэрбум доллар, харин цэвэр ашиг нь нэг тэрбумд хүрсэн нь 2010 онтой харьцуулахад 65 хувиар нэмэгдсэн гэсэн үг.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих