Б.Наранхүү банк дампууруулж ханахгүй улс дампууруулахаар ирэв үү
АН-аас Дундговь аймагт нэр дэвшиж буй Б.Наранхүү банк дампууруулж ханахгүй улс дампууруулахаар ирэв үү гэж хэлмээр байна. Тодруулж хэлбэл “Мон-Уран”-ы Б.Наранхүү “Анод” банкийг дампууруулсан 40 том зээлдэгчийн гуравдугаарт жагсдаг юм.
Тэрбээр өөрийн “Инвекс” ХХК, “Шарихэрд” ХХК, “Си Эйч Эм Жи Ай” ХХК, “Дүнжингарав” ХХК хэмээх компаниуд дээрээ 2008 оны хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн нийт 17 тэрбум 500 сая төгрөгийн зээл авсан байдаг. Гэвч эдгээр өр ширээ төлөхгүй явсаар бүгдийг муу зээлд хамруулсан Б.Наранхүү Ард түмний банк хэмээх уриатай “Анод”-ыг дампуурахад голлох үүрэг гүйцэтгэсэн билээ. Тиймээс банк дампууруулж чадсан Б.Наранхүү одоо бүр төр улсыг маань дампууруулахаар ирлээ гэсэн бодол толгойд эргэлдээд салахгүй байгааг нуумааргүй байна.
Өчнөөн олон мянган хадгаламж эзэмшигчийн мөнгийг ичих ч үгүй идэж чадсан тэрбээр улс дампууруулчихаад инээд алдаад явж байж мэдэх л байх. Тэгээд ч УИХ хэмээх төрийн дээд байгууллагад банк дампууруулдаг дампуу нөхдийг суулгаад байвал энэ төрт улс юу болж хувирах вэ, бид хэндээ найдах билээ.
Авсан зээлээ төлж чадаагүй Б.Наранхүү улсад юу хийнэ гэж, ард түмэнд юугаа гийгүүлнэ гэж УИХ-д нэр дэвшиж байгааг ч үнэндээ ойлгохгүй байна. Бусдын мөнгийг тэрбум тэрбумаар нь халаасалчихаад, үүнээс нь болж “Анод” банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Д.Энхтөр, гүйцэтгэх захирал Д.Уламбаяр гэсэн хүмүүс шорон оронгоор явж, олон мянган хадгаламж эзэмшигч хохироод зогсохгүй зуун зуун хүн ажилгүй болсныг зүгээр л харж суусан түүнийг ард түмэн, улс эх орныхоо төлөө чин сэтгэлээсээ ихийг бүтээж чадна гэдэгт итгэх хүн байхгүй л болов уу. Магадгүй мэдээллээс хол байдаг Дундговь аймгийнхны толгойг яаж ийгээд эргүүлчихэж магадгүй учраас банк дампууруулсан Б.Наранхүүд итгэхэд бэрх шүү гэж сануулмаар байна.
Б.Наранхүүгийнхэн энэ жил сонгуулиар ид амьсгалж буй. Бараг гол дүрд нь орчихсон яваа гэхэд болно. Учир нь Б.Наранхүүгийн төрсөн эгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирал Б.Саранчимэг нь МАН-аас НИТХ-д нэр дэвшиж байгаа билээ. Б.Саранчимэг нь 2008 онд мөн Налайх, Багануур, Багахангай дүүргээс НИТХ-д нэр дэвшин, сонгогдсон юм.
Мэдээж бид нэр дэвшигчийн нэр төрд халдаж байгаа юм биш. Зүгээр л цагаандаа гарчихсан иймэрхүү нөхдийг УИХ-д битгий гаргаач ээ, ийм л хүмүүс төр улсыг дампууруулж орхидог юм шүү хэмээн сонгогчдодоо сануулмаар санагдлаа.
http://mongolcomments.mn/
URL: