БЗД-ийн төрөх эмнэлгийн мөнгийг “залгисан” УИХ-ын гишүүн Д.Арвин ямар нүүрээрээ нэр дэвшив ээ?
Хэнтий аймгаас гурван удаа дараалан сонгогдсон ч буурлынхаа нутагт нүүргүй болж, намдаа тойргоо “хураалгасан” Д.Арвин Ардын намын дарга нарын өмнө хойно өвөл хаваргүй гүйсээр Баянзүрх дүүргээс нэр дэвших эрхээ олж авсан. Энэ шийдвэрээ “өссөн, төрсөн“ дүүргийнхээ төлөө ажиллах хүсэл дийлээд хүрээд ирлээ хэмээн тайлбарлаж явна.
Гэтэл Д.Арвингийн ам ажил хоёр алд алдаар зөржээ. Өнгөрсөн жил үүд хаалгаа нээж, Баянзүрхийн эхчүүдэд үйлчлэх ёстой байсан 150 ортой шинэ амаржих газрын барилгын мөнгийг Д.Арвингийн “Их өргөө” компани хоёр жилийн өмнө авчихжээ.
Гэвч эмнэлгийг барьсангүй. Баянзүрх бол хотын хамгийн их хүн амтай дүүрэг. Суурьшмал хүн ам нь 300 мянгад хүрч байгаа энэ дүүргийн иргэдийн хамгийн том асуудлын нэг нь хорвоод мэндэлж буй бяцхан иргэдийг хүлээн авах төрөх эмнэлгийн дутагдал юм. Хэрвээ шинэ амаржих газар нээгдсэн бол энэ асуудал бүрэн шийдэгдэх байлаа.
Д.Арвин амаржих газрын тендерт хэрхэн ялсан нь тодорхойгүй. Ямар компаниуд энэ тендерт өрсөлдсөн талаар ч мэдээлэл алга.
Харин баттай хэлэх нэг зүйл бол төсвийн хөрөнгөөр баригдахаар төсөв мөнгийг нь шийдээд, урьдчилгаа гурван тэрбум төгрөгийг “Их өргөө” компани руу шилжүүлсэн ч эмнэлгийн барилга дөнгөж сууриа цутгасан байдалтай байна. Арвин гишүүн ээ, та чинь эх хүн шүү дээ, эмэгтэй хүн шүү дээ.
Ядарсан иргэдээ бодох сэтгэл зүрх танд өчүүхэн ч алга гэж үү. Хорвоод мэндэлж байгаа алаг үрсийн, хүн эрдэнэ төрүүлж байгаа эхчүүдийн мөнгөөр гараа угаахаас илүү нүгэл гэж байх уу, таминь ээ.
Д.Арвин сонгуульд мөнгийг хайр найргүй цацаж байгааг баянзүрхчүүд харж л байна. Гэтэл энэ мөнгө чинь биднийх байж шүү дээ.
Хэний мөнгөөр өөрийгөө рекламдаж, хэнийг доромжлоод яваа хүн бэ. Яасан ч ханаж цаддаггүй, ичиж айдаггүй сэтгэл оюун гэж энэ вэ.
Юун сонгуульд өрсөлдөх вэ. Харин ч Д.Арвингийн эмнэлэг барина гэж аваад өдий хүртэл хав дарж байгаа энэ их мөнгийг хаана юунд эргэлдүүлж, хэн гэдэг албан тушаалтантай хуйвалдаж ард түмнийг, төр засгийг хохироож байгааг АТГ, Эрүүгийн цагдаагийн газар шалгах ёстой юм бишүү.
Ер нь Д.Арвинг Н.Энхбаярын хүн гэдгийг бүгд мэднэ. Н.Энхбаярын намыг санхүүжүүлээд байгаа юм биш биз. Ардын намын удирдлагууд, авлигатай тэмцэгч ерөнхийлөгчөө энэ хүндээ анхаарал тавихгүй бол арай ч дэндэж байна шүү.
URL: