УБЕГ-ын дарга Л.Амарсанаа хоёр албатаа хууль бусаар халсан гэв үү

УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга асан Д.Энхцэцэг, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга асан Ч.Чанлавлодой нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд “УБЕГ-ын дарга Л.Амарсанаа албан тушаалаа хүлээж аваад удаагүй байхдаа буюу өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-нд УБЕГ-ын 165 ажилтан албан хаагчийг чөлөөлөөд долоо хоногийн дараа буцааж ажилд нь авсан. Гэтэл буцаан ажилд авсан хүмүүсийн нэрс дунд Д.Энхцэцэг, Ч.Чанлавлодой гэсэн хоёрхон хүний нэр байгаагүй. Монгол Улсын түүхэнд ийм хэлбэрээр төрийн албан хаагчдыг ажлаас нь халсан тохиолдол гарч байгаагүй. Тиймээс бид шүүхэд хандсан. Шүүхээс энэ сарын 6-нд Д.Энхцэцэг, Ч.Чанлавлодой нарыг ажлаас халсан нь хууль бус болохыг тогтоож, албан тушаалд нь буцаан томилохыг үүрэг болгосон. Гэтэл УБЕГ-ын дарга Л.Амарсанаа шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байгаа. Энэхүү тогтоолыг давж заалдах боломжгүй юм” хэмээн ярилаа.

Түүнчлэн түүний шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа шалтгаан нь УБЕГ хуулиас гадуур ажиллаж байгаагийн илрэл гэв.

Иргэний бүртгэлийн газрын дарга асан Д.Энхцэцэг “Л.Амарсанаа дарга энэ оны хоёрдугаар сарын 1-нд УБЕГ-т томилогдож ирсэн. Бидэнд ямар нэгэн хариуцлагын алдаа гаргасан зүйл байгаагүй. Иргэний шинэчилсэн бүртгэлийг үр дүнтэй сайн зохион байгуулсан гэж дүгнүүлсэн. Гэтэл биднийг ажлаас халсан шалтгаан нь сонирхолтой байна” гэсэн бол Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга асан Ч.Чанлавлодой “Ажлаас халахад улс төрийн ашиг сонирхол үйлчилснийг үгүйсгэхгүй. Хамтарсан Засгийн газраас АН гарч, МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлсэн хугацаанд энэ үйл явдал болсон. Дээр нь УБЕГ-ын даргаар МАН-ын нарийн бичгийн дарга байсан хүн томилогдож ирсний дараа гарсан шийдвэр” гэлээ. Хэвлэлийн хурлаараа тэд удахгүй болох гэж буй сонгуулийн будлианыг УБЕГ-т хийж байх магадлал өндөр буйг сануулж байна гэв.

Э.БААТАР


URL:

Сэтгэгдэл бичих