Моод Монголоор дуусдаг гэдэг шиг Америкт сонгууль будлиантсан машинаар монголчууд санал тоолно
Америкт сонгууль будлиантуулсан машинаар монголчууд саналын хуудсаа тоолох гэж байна. Сонгуулийн Ерөнхий хороо санал тоолох машиныг Америкийн “Dominion voting” компаниас авсан. Гэтэл энэ компанийн санал тоолох машинууд сонгууль будлиантуулдаг арвин “туршлагатай” юмсанж. Моод Монголоор дуусдаг гэдэг шиг АНУ-д будлиантуулсан машиныг энэ удаа УИХ, НИТХ-ын сонгуулиа тоолох гэж байгаа нь нийгэмд их бага хэмжээгээр сэжиг төрүүлж эхэллээ.
Үнэн хэрэгтээ бол АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд уг компанийн машинуудыг ашиглах үеэр гэнэт гацаж, үүнээс болж сонгуулийн дүнгээ гаргаж чадахгүй 10 хонож байсан тохиолдол ч байдаг юм билээ. Санал тоолох машинаас болж улс орны хэмжээнд сонгуулийн дүнгээ гаргаж чадалгүй олон хоног хүлээж байжээ. Эцэст нь америкчууд Жорж Буш, Альберт Гор нарын хэн нь ялалт байгуулсныг санал өгсөн өдрөөсөө хойш 10 хоногийн дараа л нэг юм сонсож, улсынхаа Ерөнхийлөгч хэн болсныг мэдэж байжээ. Уг санал тоолох машин 300 хүн санал өгснийг дөрвөн сая хүн болгож автоматаар өсгөн тоолсон тохиолдол ч гарсан байна. 2008 оны сонгуулийн дараа Монголд ирж сонгуулийн шинэчлэлийн талаар илтгэл уншсан Германы эрдэмтэн Ноолен ч гэсэн “Dominion voting” компанийн машинаар автоматаар санал тоолоход алдаа, будлиан гарч байсан олон жишээг дурдаж байсан юм.
Гэтэл сонгууль болоход 10 хүрэхгүй хоногийн хугацаа үлдчихээд байхад АН-ынхан гэнэтхэн яагаад сонгууль будлиантай болно гэж яриад унав.
Тэд яагаад бодлого, хөтөлбөрөө танилцуулахгүй байж бор шувуу нисгэхийг чухалчлаад байна вэ. АН-ын сонгуулийн гол менежер З.Энхболд ам нээх бүртээ сонгууль будлиантай болох нь, нэрсийн жагсаалтад орсон эсэхээ шалгаарай гэж сануулаад байгаа нь юуны цондон бэ.
Тэр тусмаа дээрх машиныг Америкаас оруулж ирэх саналыг анх УИХ-ын гишүүн З.Энхболд гаргасан байдаг. Яагаад заавал энэ компанийн машиныг сонгох болов гэдэг сонин. “Dominion voting” компани санал тоолох машинуудыг манайд худалдаалахдаа зөвхөн манай нөхцөлд зориулж тусгай программ зохиосон эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Систем нь хэний өмч вэ гэдэг нь ч бас тодорхойгүй. Ийм байтал өндөр үнэтэй атлаа, үнэндээ тохирсон баталгаагүй машинд монголчууд бид төрийн сонгуулийнхаа хамгийн чухал үйл явцыг даатгах гэж байна. Саналын хуудсыг автоматаар тоолоход алдаа гарвал яах вэ, машин нь гэнэт гацвал ямар арга хэмжээ авах вэ гээд олон асуулт бүрхэг хэвээр сонгуультай золгох нь. Төрийн тэргүүнээс эхлээд улстөрчид, жирийн иргэд хүртэл санал тоолох автомат машины үйл ажиллагаанд эргэлзэж, үүнээс үүдэн сонгууль будлиантай болох вий гэдэгт сэтгэл түгшиж байна. Саналын хуудас тоолох үйл явц будлиантай болсноор сонгогчдын дунд бухимдал үүсэх вий, 7 сарын 1 давтагдах вий гэж олон хүн түгших болов. Энэ болгоомж, түгшүүр дээр АН-ынхан “Сонгууль будлиантай болно” хэмээн занаад ч байгаа юм шиг, ёрлоод ч байгаа юм шиг ярьж байгаа нь гал дээр тос нэмэх шиг болгож байна.
Уг нь энэ жилийн УИХ-ын сонгууль хууль эрх зүйн маш сайн орчинд зохион байгуулагдаж байгаа. Сонгуулийн шинэ хуулиар сонгогчдын саналыг худалдан авах, бэлэн мөнгө тараах, мөнгө амлах зэрэг боломжуудыг хааж өгсөн. Санал хураалт болон саналын хуудас тоолох үйл явцыг автоматжуулсан хэлбэрээр явуулна. Үүний тулд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг баталсан. Санал өгөхдөө ухаалаг үнэмлэх ашиглахаар шийдсэн нь АН-ын гишүүдийн мэдлийн компанийн хариуцлагагүйгээс болж бүтэхээ байсан. Ухаалаг үнэмлэхийг замхруулсан шиг одоо санал тоолох автомат машин нь гацаж, сонгуулийн будлиан үүсгэж магадгүй болоод байгаа ажээ. УИХ-ын сонгуульд иргэдийн өгсөн саналыг автомат машинаар тоолох хуулийн заалттай. Нийт 24 тэрбум төгрөг зарцуулан худалдаж авсан санал тоолох машинд яагаад ч итгэж болохгүй тухай баримтат нэвтрүүлэг зургаадугаар сарын 16-ны өдөр “Ийгл” телевизээр гарлаа. Санал тоолох машин ямар хуудуутай болох, энэ машиныг ашиглан сонгогчдын саналыг хэрхэн луйварддагийг нотолсон эмэгтэй нулимсаа барьж чадахгүй байгааг үзээд олон хүнд өөрийн эрхгүй түгшүүр, болгоомжлол төрсөн байх.
Тиймээс нийгэмд үүссэн энэ эргэлзээг арилгах шаардлагатай болжээ. Сонгуулийн Ерөнхий хороо болон сонгуульд оролцож буй намууд хамтран саналын хуудас тоолох машин найдвартай эсэхийг олны өмнө шалгаж, ямар нэгэн будлиан гарах үндэслэл байгаа эсэхийг нягтлан, иргэдийн дунд бий болсон айдас түгшүүрийг арилгах хэрэгтэй байна. Найдвартай ажиллах баталгаагүй, эргэлзээтэй машинаар саналын хуудас тоолсноос болж дахин үймээн дэгдэж, улс оронд тогтворгүй байдал үүсэх учиргүй гэдгийг төрийн гурван өндөрлөг анхааралдаа авч, энэ талаарх аливаа эргэлзээ, тээнэгэлзэл, маргаан, зөрчлийг арилган нэг мөр болгох нь зүйтэй болов уу.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: