АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Б.Наранхүү, Д.Бат-Эрдэнэ нар хуулийнханд ч дийлдэхээ больжээ

Сонгууль болохоос хэдэн сарын өмнө Монгол Ардын Нам сонгуульд шударгаар өрсөлдөхийг уриалсан уриалгаа бусад улстөрийн намд илгээсэн билээ. Гэвч аль ч улстөрийн нам, эвсэл энэхүү уриалгад хариу өгөөгүй нь шударга бусаар, хууль зөрчиж сонгуульд оролцохоо эртнээс илэрхийлсэн хэрэг байв уу гэлтэй. Сонгууль дөхсөн энэ үед улстөрийн намуудын сурталчилгааны ажил ид өрнөж байна. Сурталчилгаагаа иргэдэд хүргэхийн тулд чанга яригчаар зарлах, сонин сэтгүүл тараах, айлын хаалга тогших гээд олныг чилээсэн олон аргыг намууд хэрэглэж буй.

Аль ч нам, эвсэл сонгуулийн сурталчилгаа хийхдээ хуулийн хурээнд шударгаар явуулах үүрэгтэй. Гэтэл шударга бус өрсөлдөөн гаарч, хууль хяналтынханд хүртэл дийлдэхээ болжээ. Энэ талаар Монгол Ардын Нам өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Дондог, Намын байгуулалтын хэлтсийн дарга Ш.Раднаасэд, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нар оролцож, хууль зөрчсөн 119 хэрэг гарсныг зарлаж, зарим нотлох баримтыг дэлгэн үзүүлсэн юм.

100 хол давсан зөрчил илэрсний ихэнх нь сонгуулийн сурталчилгаатай холбоотой аж. Тухайлбал, насанд хүрээгүй хүүхдээр сурталчилгаа хийлгэх, зөвшөөрөлгүй газарт сурталчилгааны материал байршуулах, орон нутгийн телевизээр цаг хугацаа харгалзахгүй олон цагаар сурталчилгааны нэвтрүүлэг гаргах зэрэг олон зөрчил илэрчээ. Ингэхдээ Архангай аймагт гарсан хэд хэдэн зөрчлийг жишээ болгон нотлох баримттай үзүүлсэн. Тус аймгийн зарим багийн төвийн байранд АН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн сурталчилгааны хуудсыг байршуулжээ. Багийн төвийн байр бол төрийн байгууллага бөгөөд сурталчилгааны хуудас байршуулахыг хориглосон газруудын нэг юм. Мөн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал насанд хүрээгүй хүүхдээр сурталчилгааны материал тараалгасныг гэрэл зургаар баримтжуулсан байна. Түүний сонгуулийн сурталчилгаанд төрийн албан хаагч оролцож байгааг баталгаажуулсан гэрэл зургийг ч харуулсан. Сурталчилгаанд оролцсон хүний хувьд Орон сууцны санхүүжилт корпорацийн санхүүгийн албаны дарга байжээ.

Улаанбаатарт зарим нэр дэвшигч мөнгө тарааж, Хан-Уул, Баянгол дүүргийн олон иргэнийг амралтад амруулж сонгуулийн хууль зөрчиж байгаа аж. Энэ мэт жижиг зөрчлөөс гадна СЕХ, хууль шүүхийнхэнд хүртэл дийлдэхээ байсан гурван хүн байгааг хэвлэлийн бага хуралд оролцогчид санууллаа. Тэр нь Өмнөговь аймагт Ардчилсан намаас нэр дэвшсэн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Дундговьд нэр дэвшигч “Мон-Уран”-ы Б.Наранхүү, Өвөрхангайд нэр дэвшигч “АПУ”-гийн Г.Батхүү нар аж.

Б.Наранхүү Дундговь аймгийн 20 иргэнийг Тайландад амруулсан нь батлагдсан байна. Эдгээр иргэн түүний мөнгө, ивээлээр туслахтай нь хамт Тайландад амарснаа хүлээн зөвшөөрч, бичгээр хүртэл баталгаажуулсан ч СЕХ уг хэргийг хэрэгсэхгүй байгаа гэнэ. СЕХ манай шийдэх асуудал биш гэсэн хариу өгч, тойргийн хороонд мэдэгд гэжээ. Харин тойргийн хороо нь мэдэн будилаад байгаа сурагтай. Г.Батхүү тойргийн сонгогчиддоо мөнгө тараасныг Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга асан Т.Хасбаатар зарлаж, баримт нотолгоог хүртэл дэлгэсэн боловч СЕХ хууль зөрчөөгүй хэмээн үзсэн. Улмаар Ардчилсан нам Т.Хасбаатарыг намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авсан юм. Харин Д.Бат-Эрдэнэ татварын 80 тэрбумын өртэй нэгэн. Хуульд зааснаар улсад татвар, зээлийн өртэй хүн сонгуульд нэр дэвших эрхгүй. Гэтэл СЕХ түүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн нь мөн л хууль зөрчжээ.

Саяхан Сүхбаатар аймгийн харьяат М.Доржхуяг гэгч сэтгэцийн өвчтэй хүн хэвлэлийн бага хурал хийж, Монгол Ардын Нам түүнд мөнгө өгч Н.Энхбаярыг буудуулах гэж байсан хэмээн мэдээлсэн нь ор үндэсгүй, худал гүтгэлэг болохыг Монгол Ардын Намын эрх бүхий албан тушаалтнууд мэдэгдэж байна. Цагдаагийн байгууллага эл хэргийг шалгах ёстой гэв. Иймд Монгол Ардын Намын байгуулалтын хэлтсийн дарга Ш.Раднаасэд “Өнгөрсөн хугацаанд 27-28 нэр дэвшигчид хамаарах хууль зөрчсөн 119 үйлдэл гарлаа. Энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 7-8 зүйл заалтыг зөрчсөн байна. Иргэдэд хандаж хэлэхэд нэр дэвшигч бэлэн мөнгө тарааж байгаа бол сонгуулийн харьяа тойргийн хороонд мэдэгдэж үүнээс 10 дахин илүү их мөнгө авах боломжтой. Тийм хэрэг гарвал мэдэгдээрэй. Шударгаар өрсөлдөж, хуулиа сахиж сурталчилгаагаа хийе хэмээн улстөрийн намуудад уриалж байна” гэв.

Б.Бат-Эрдэнэ

Эх сурвалж:  unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих