М.Хүдэрбаатар Хэнтийнхнээр тохуурхаж байна
УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт АН-аас нэр дэвшиж буй М.Хүдэрбаатар гэгч бүхнийг мөнгөөр шийдэж болдог гэдэгт бат итгэжээ.
Хэнтийд хэнбугай ч танихгүй шахам залуу гэнэтхэн УИХ-ын сонгуулийн жил угтан баахан мөнгө цацаж, хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй болох гэж ихээхэн мэрийснийг санаж байна. М.Хүдэрбаатарт өөрийн чадвараар хийх зүйл тун цөөн. Харин их мөнгөний чадлыг үзэж, өдгөө УИХ-д сонгогдоно хэмээн сэрүүн зүүдэлж явна. Үндсэндээ хэн ч биш М.Хүдэрбаатар Хэнтийнхнээр тохуурхаж байна.
Ямар сайндаа л өнгөрсөн жил Хэнтийчүүдийн эртнээс дээдлэн шүтэж ирсэн Өндөр хан уулыг тахиж явах вэ дээ. Тахихдаа хүндэтгэл үзүүлж байгаа нь энэ хэмээн 999 ул боовоор идээ засч, энд тэндхийн баахан зочин гийчин урьж залан сүрийг үзүүлсэн. Мэдээж Хэнтийн ард түмэн Өндөр ханаа тахиж байгаад сэтгэгдэл өндөртэй байсан.
Гэсэн ч тахилга болж буй уулын хормойгоор М.Хүдэрбаатарын эзэмшлийн 11-77 дугаартай төмөр хүлгүүд сүлжилдээд хөдөөгийн бэл муутайхан иргэдийн нүдийг баахан хужирлаж, хөлийг нь дайрах шахам давхилджээ. Дээрх тахилгад очсон ёс мэддэг зарим хүн хүндэтгэл гэхээсээ илүү өөрийнхөө хөрөнгийг гайхуулах гэсэн онгироо нөхрийн шоу болж хувирлаа хэмээн их л ам муутай байсан юмдаг. Түүгээр ч зогсохгүй Өндөр хан уулынхаа төлөө санаа тавихын оронд 999 ул боовоор идээ зассанаа «ЮНЕСКО»-д бүртгүүлнэ гэж билээ. Түүнд «ЮНЕСКО»-д энэ үйл явдлыг өөрөө зохион байгуулсан гэж бүртгүүлэх алдар хүнд л чухал байсан хэрэг. Тэр тийм л аминчхан үзэлтэй, хувиа хичээсэн нөхөр.
М.Хүдэрбаатар өнгөрснөө санаж, өрөөлд ач санадаг хүн биш л дээ. Тэр ч утгаараа УИХ-д сонгогдож гарвал өөрийнх нь төлөө саналаа өгсөн Хэнтийчүүдийн төлөө санаачилгатай ажил хийнэ гэдэгт итгэх хүн сонгуулийн тов ойртох тусам багасч байгаа гэнэ.
Учир нь түүний талаарх кино зохиол шиг амьдралын нь түүх бодитой гэдэг. Тухайлбал, М.Хүдэрбаатар нь нутагтаа хэн ч биш шахам гүйж явсан хүү юм билээ. Жуулчны баазад ажиллаж байгаад Японы иргэний сэтгэлд нийцсэн учраас арлын улсад хөл тавих боломж нээгджээ. Цаг хугацаа өнгөрч М.Хүдэрбаатар эх оронд нь амьдарч байгаагийн хувьд япон хэлийг нэлээд сайн сурчээ.
Түүний хувьд Японд байхдаа ёстой л муу хүний заяа завагт гэгч болж бийлэгжүү өвгөн, эмгэн хоёрыг асрах болсон гэнэ. Монголдоо ажил гололгүй хийж явсан түүнд хоёр хөгшнийг асрах нь тийм ч айхтар асуудал байсангүй. Угаасаа гадныхан манайхныг бодвол хөгшчүүлээ асрамжийн газар хүргээд өгчихдөг хатуу сэтгэлтэй улс. Тиймдээ ч тэдэнд М.Хүдэрбаатар өөрсдийг нь асарч, тойглож байгаа нь ихэд таалагдсан аж. Тиймээс хоёр хөгшин өөд болохдоо түүнд хамаг л эд хөрөнгөө өвлүүлсэн гэнэ.
Харин Японы хуулиар тухайн улсын иргэн гадны байгууллага, хүнд өмч, хөрөнгөө гэрээсэлсэн тохиолдолд тодорхой хувийг нь улс татаас болгон авдаг. Энэ хуулийн дагуу хөрөнгийнх нь нэг хэсгийг Японы талд шилжүүлэн өгч байж, бусдыг нь М. Xүдэрбаатар өмчлөх эрхтэй болсон юм билээ. Гэсэн ч өдгөө М.Хүдэрбаатар энэ тухайгаа дурсдаггүй. Харин ч бүр өөрийн хүч хөдөлмөрөөр энэ их хөрөнгийг босгосон мэт онгирдог.
Түүгээр ч зогсохгүй «2000 онд нэг сайхан тохироо бүрдэн Япон явах боломж гараад арлын оронд анх хөл
тавьж байлаа. Мэдээж маш их хүсэл эрмэлзэлтэй зорин очсон. Ажиллаж байгаад хэлний бэлтгэлд сурсан. Тэгээд тэндээ нэг жижиг бизнесийн сургуульд орсон манайхаар бол коллеж. Сурахын хажуугаар мэргэжлийн боксоор хичээллэсэн мэргэжлийн боксчин гэсэн үнэмлэхтэй» гэх зэргээр ярьдаг.
Хүний хөрөнгөд эзэн суусныг нь Японд байтугай Хэнтийд мэддэг хүн олон бий. Гэтэл өөрийг нь өдий зэрэгтэй явахад өтөл насандаа танилцсан Японы хоёр хөгшнийг огт дурсахгүй байгаа нь түүний хэн болохыг эрхгүй мэдрүүлдэг.
Хүн амар олдсон хоолоо яг л тэгж үрэн таран хийдэг. Тиймдээ ч өдгөө М.Хүдэрбаатар «Хутагт» группээ байгуулж, мөнгийг баруун, солгойгүй цацаж явна. Ямар сайндаа л машины дугааруудаа цуглуулга хэлбэрээр худалдан авч байна гэж онгирч байх вэ дээ. Юутай ч нэг дугаараа 800 мянгаар авсан гэж баярхдаг тэрбээр миний машин Монгол байтугай Японд ганц бий гэж онгирсон нь мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдэж байлаа.
Тэрхүү цор ганц машиныхаа тухайд «Үйлдвэрээс найман сая 400 мянган иень буюу тухайн үедээ 110 гаруй мянган ам.доллар, хормойнууд нь дангаараа 1.7 сая, машиныхаа хажуу дээр өөрийн төрсөн өдрийг «Swarovski»-гоор бичүүлэхэд 50, 60 ам.доллар болсон» гэхчилэн баахан ярьсан.
Хэрвээ өөрийн хийж бүтээснээр олсон бол ингэж хөөрч, онгирох шаардлага баймааргүйсэн. Тэгэхээр тэрбээр сайтуудад нийтлэгдсэн кино зохиолыг жинхэнэ гэдгийг алхам бүртээ батлаад байгаа юм.
Үнэндээ Хэнтий аймгаас хэн нэр дэвшиж байгааг сонирхсондоо М.Хүдэрбаатарын намтрыг сонирхож үзлээ.
Тэрбээр 1977 онд төрсөн. 2007 онд Токио хотын Метрополитан их сургууль, 2010 онд Удирдлагын академи удирдахуйн ухааны магистр, 2012 онд Монгол Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн гэжээ.
Харин ажилласан байдлаа 2002-2004 онд Япон улсад Худалдааны салбарт, 2004-2007 онд Кабей жуулчны компанид Монголыг хариуцсан менежер, 2007 онд «МЖММ» ХХК-ийн ерөнхий захирал, 2008 оноос одоог хүртэл «Хутагт» группийн ерөнхий захирал хэмээн танилцуулжээ. Нэр дэвшигчийн ажилласан байдлыг харахад л ойлгомжтойгоор зохиомжилсон байгаа юм.
Өөрөөр хэлбэл 2007 онд сургууль төгстлөө Япон улсад Худалдааны салбарт, Кабей жуулчны компанид Монголыг хариуцсан менежер гэх зэргээр оруулжээ. Үнэндээ үүнийг СЕХ-ноос шалгахгүй болохоор намтраа ийн цэвэрхэн зохиосон нэгэн.
Их мөнгөндөө дулдуйдаж улс төрд хөл тавихаар зэхэж байгаа тэрбээр өдгөө аль хэдийнэ бусдын мууг үзэхээр ханцуй шамласан байна. Хэнтийдээ дархлагдсан УИХ-ын хоёр гишүүнээ ямар ч хамаагүй аргаар арчиж унагахын тулд хар «пи-ар» -ын багаа ажиллуулж эхэлсэн гэнэ. Гэсэн ч эцэстээ М.Хүдэрбаатар өөрийнхөө хар «пи-ар»-ыг бичиж буйгаа мэдэхгүй яваа бололтой.
Б.Төрбат
Эх сурвалж: “Өглөөний сонин”
http://www.sonin.mn/news/politics-economy/4544
URL: